|

Энэ сарын 12-нд Монгол бахархлын өдөр тохионо

namuunaa 2015/11/07 888 23
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиодог. 2012 оноос эхэлж дээрх өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Энэ оны хувьд Монгол бахархлын өдөр 11-р сарын 12-нд тохиож байна. Уг өдрийг манай аймагт энэ сарын 10-аас эхлэн тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Монгол бахархлын өдрөөр манай аймагт нийтийг хамарсан 15 үйл ажиллагаа болох юм байна. Тодруулбал, Энэ сарын 10-нд Оюутан залуусын дунд дэвжээ тэмцээн болно. Харин 11-нд Эрдэнэт хотод Үндэсний хувцасны өдөр болох юм байна. Мөн 10, 11-ий өдрүүдэд АЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд монголын их хаадын үзэсгэлэн гарах аж.

Түүнчлэн төрийн захиргааны алба хаагчдын тангараг өргөх ёслол болон А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа явагдах гэнэ. Аймгийн хэмжээнд Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг АЗДТГ, Биеийн тамир спортын газар, Номын төв, Уурхайчин соёлын ордон тэргүүтэй хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Тухайлбал, Уурхайчин соёлын ордноос "Тэмүүжин Чингисийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг зохион байгуулах юм байна. Уг тэмцээн нь 2006 оноос хойш уламжлал болон явагдаж байгаа бөгөөд энэ удаад ерөнхий боловсролын 7 сургууль оролцохоор болсон байна. Түүнээс гадна Уурхайчин соёлын ордоноос аман цэц билгийн наадмыг зохион байгуулах гэнэ. Аман цэц билгийн наадам нь гурван төрлөөр явагдах юм байна. Наадамд оролцогчид нь ерөөл магтаал, морь, бөхийн цол дуудаж өрсөлдөх юм байна.

Түүнээс гадна Монгол бахархлын өдөрт зориулж заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болох юм байна. Энэ 14-д Хангарьд спорт ордонд болох барилдаанд 128 бөх барилдах гэнэ. Харин аймгийн Номын төвөөс монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ? Сэдэвт асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулах гэнэ. Үзэгч та бүхэн Монгол бахархлын өдрөөр болох үйл ажиллагааны хөтөлбөр, цагийн хуваарийг АЗДТГ-ын erdenet.mn сайтаас үзэх боломжтой юм байна.  

Санал болгох

Сэтгэгдэл

top