|

“Женко” Х.Баттулга Монголын түүхийг гомдоолоо

saikhnaa 2015/11/26 963 0

Хэд хоногийн өмнө АН-ын МоАХ фракцийн тэргүүн, "Женко” Х.Баттулга өөрийгөө 1911-1912 онд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг сэргээх үйл хэргийг удирдаж, эцэстээ хорлогдсон эх орончидтой адилтган ярилцлага өгч, өдөр тутмын сонинуудын нүүрээр нэг төлбөртэй гаргав. Түүнийг төмөр замын мөнгийг угаасан гэж өдөр тутмын сонинд бичсэнийх нь төлөө өөрийгөө гүтгүүлж байгаагаа зарлаж, тусгаар тогтнолыг авчирсан эх орончидтой адилтгасан юм.

Эрх баригчдаас ганц Х.Баттулга ч өөртөө ийм адилтгал зүүсэнгүй. АН-ын фракцууд хоорондоо дайтаж, аль нэг нь хүчин мөхөсдөөд ирэхээрээ Монголын түүхийн сор болсон хүмүүстэй өөрсдийгөө адилтгадаг явдал үүгээр зогсохгүй.

Тухайлбал, өнгөрсөн зун АТГ-тай дайн зарлаад байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийгөө БНМАУ-ын Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж, эцэстээ бурангуй цагийн эрхээр харь улсад амиа алдсан А.Амартай зүйрлүүлэн бичүүлж байлаа. Тухайн үед түүнийг буруутган шүүмжлэх хүмүүс олон байсан бөгөөд үүгээрээ тэр Монголын түүх, цаашлаад зүйрлэгдсэн Амар сайдын сүнсийг гомдоож байна гэцгээж байв.

Энэ мэт эрээгүй, увайгүй явдлыг түүхийг эдүгээчлэх гэж түүх судлалд томьёолдог юм. Түүхийн алив хэрэг явдлыг өнөө цагийн үйл явдалтай шууд адилтгах нь эдүгээчилж байгаа хэрэг ба төр, засагт эрх мэдэлтэй мөнгө хөрөнгөтэй нөхдүүдээс ийм ааш авир байнга гардгийг ч түүх судлалд бичиж үлдээсэн нь цөөнгүй.

Уг нь Монголын түүх гэдэг хэн дуртай зальт этгээдүүдийн хоргодох сүүлчийн нуувч биш юм. Мэдээж 1990-ээд оны Монголын ардчиллын эхэн үеэс зүтгэж, Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүний алба хашиж явсны хувьд Н.Алтанхуяг ч, Х.Баттулга ч түүхэнд үлдэх нь үнэн.

Гэхдээ тэдний байж байгаа царай яавч А.Амар болон бусад эх орончидтой адилтгах нь бүү хэл тэдний нэрийг дурдахаас ч алдас болохоор байгаа.

Харин Монголын түүхэнд өнгө мөнгөнөөс болж төрөө самарсан Элбэг хааны түүхийг санагдуулж байгаа юм.

Тиймээс ёстой л нөгөө дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдаж буй "дээдэс” эрт үеийн жинхэнэ эх орончидтой өөрийгөө харьцуулан дөвийлгөж, Монголын түүхийг гомдоомоорүй байна.

Г.Самбаа /www.gereg.mn/

Санал болгох

Сэтгэгдэл

top