|

“Эрдэнэтийн жавхаа” марш төрсөн түүх

saikhnaa 2015/12/01 1241 0

Монгол улсын "Ардын жүжигчин”, "Урлагийн гавьяат зүтгэлтэн”,хөгжмийн зохиолч, хөгжим судлалын шинжлэх ухааны доктор,профессор П.Хаянхярваа гуайг 2011 онд Эрдэнэт хотод урлагийн томчуудтай ирэхэд тухтайхан уулзаж ярилцах ховор боломж тохиосон юм.Толгой сэргэг, ой сайтай хүн юм билээ. Монголын хөгжмийн урлаг, уран бүтээлийн үүх түүхийг цаг хугацаа,тоо баримттай нь мэднэ.

Цэргийн хөгжмийн ахмад удирдаачдын нэг ,дэд хурандаа, аав Б.Пүрэвжав нь 1939 оны намар Халхын голын ялалтын парадыг Р.Рещетняктай хамтран удирдсан. 1950 оны 5 сарын 1-нд Жанжны талбайд БНМАУ-ын Төрийн шинэ дууллыг анх удаа эгшиглэхэд цэргийн нэгдсэн хөгжмийг удирдаж Монголын хөгжмийн түүхэнд бичигджээ.

Дэд хурандаа Б.Пүрэвжав нь өөрийн гурван хүү П.Хаянхярваа,П.Мөнхтөр, П.Мөнхбаяр нарыгаа цэргийн хөгжимтэй амьдралы нь холбосон, өвөрмөц намтартай гэр бүл юм. Тэд цэргийн хөгжимд амьдралынхаа 110 жилээ зориулж, Монголын цэргийн хөгжимд өөрсдийн мөрийг тод үлдээсэн юм.

Бидний яриа Эрдэнэтийн соёл урлагийн түүх рүү шилжиж, Эрдэнэт хотод төрсөн уран бүтээлийн тухай сонирхолтой яриа өрнөв.

Хөгжмийн зохиолч П.Хаянхярваагийн төрсөн П.Мөнхтөр гэж шавилагхан биетэй,ширүүн байрын мөртлөө гав шав хийсэн хүн баяр ёслолын үеэр парад хувцсаа өмсөж, цав цагаан бээлийтэй гартаа дохиур барьчихсан үлээвэр хөгжмийн жагсаал удирддаг байсныг би тод санаж байна. Цэргийн тэтгэвэрт гарсны дараа Эрдэнэт хотын Цагдаагийн газарт үлээвэр найрал хөгжим байгуулж тийнхүү удирдаж явсан билээ.Цэргийн хөгжим нэг хэсэгтээ л Эрдэнэтэд сүртэй, баярын жагсаалын эхэнд тэд цог хийморьтой хөгжмөө тоглон алхдаг байсан юм.

Ах дүү цэргийн хөгжмийн удирдаач П.Хаянхярваа,П.Мөнхтөр нарын үлээвэр найрал хөгжимд зориулсан хүндэтгэл,баярын "Эрдэнэтийн жавхаа” марш хэрхэн бүтсэнийг түүний амнаас сонсож мэдсэндээ өнөөдөр олзуурхаж байна.

Эрдэнэтийн овооны орд газрыг эзэмших илгээлтийн анхны эзэд ирсэн 1974 онд хошууч П.Мөнхтөр Гарнизоны цэргийн хөгжмийн удирдаачаар томилогдон иржээ.Эрдэнэтэд цэргийн хөгжмийг хөгжүүлэхэд ихэд санаачилга гаргаж,нэн их зүтгэлтэй ажилласан түүний талаар төрсөн ах П.Хаянхярваа дүүгээрээ үнэхээр бахархаж,дүүгээ дурсаж байлаа.

1975 оны зун П.Мөнхтөр нь Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн хөгжмийн албаны дарга,дэд хурандаа,ах П.Хаянхярваадаа нэгэн санал тавьсан байх юм. Энэ нь өөрийн ажиллаж амьдарч байгаа ирээдүйн их бүтээн байгуулалтын хот Эрдэнэтийн тухай жавхаалаг марш хамтран зохиохыг хүсчээ.

Ах нь ч саналыг дуртайяа хүлээн авч,П.Мөнхтөр дүүгийнхээ сэдэв,материалыг ашиглан,дээр нь өөрийн уран санааг нэмж,богино хугацаанд буюу гурав дөрөвхөн хоногт "Эрдэнэтийн жавхаа” маршийг бүтээжээ.Тун удалгүй Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхэн тоглож олны сонорт хүргэжээ.

Хөгжмийг бичиж байх үедээ ах дүү хоёр энэхүү маршийг Эрдэнэтэд зориулсан гэдгээ сонсогчдод яаж ойлгуулахав гэдэг дээр маргаж,арга мухардаж байсан гэнэ.Гэвч энэ мухардлаас гарах арга сэтгэлд нь гэнэт харван орж ирсэн нь тухайн үед нийтийн дунд ихэд дэлгэрч байсан хөгжмийн зохиолч Д.Бэхбатын "Эрдэнэтийн овоо” дууны аялгуунаас иш авах явдал байв.Уул дуу уянгын аястай байсан боловч хөгжмийн туршлагатай зохиолч П.Хаянхярваа уг дууны түрлэг,

... Эрдэнэтийн овоо өнгөтэй байна

Энэ зууны царай байна гэсэн аяыг марш хэмнэлд яв цав тохируулж бичсэн нь их оновчтой шийдэл болжээ.Ингэж "Эрдэнэтийн жавхаа” марш эх орон даяар цуурайтах болжээ.

Энэ маршийг Дивизийн үлээвэр найрал хөгжим хошууч П.Мөнхтөрийн удирдлагаар 20 шахам жил баяр ёслол, түүхэн тэмдэглэлт өдрүүд,хурал цуглаан, жагсаалын үеэр хөгжимдөж ирсэн түүхтэй.

Москвагийн хөгжмийн "Мелодия” фирмд "Эрдэнэтийн жавхаа” маршийг 1983 онд дэд хурандаа Ж.Дэндэв удирдаж Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим хөгжимдсөнөөр бичиж түгээсэн ба МҮОНРадиод хуулбар нь хадгалагдан байдаг.

Жич: 2011 оны Ялалтын баярын өмнөхөн цаг зав гарган энэхүү "Эрдэнэтийн жавхаа” марш бүтсэн түүхийг хэлж өгсөн Монгол Улсын Ардын жүжигчин, УГЗүтгэлтэн П.Хаянхярваа танд гүн талархал илэрхийлье.

Нийтлэлч Ц.Ариунаа

Санал болгох

Сэтгэгдэл

top