|

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

tonshuul 2015/12/12 839 0
Иргэн П.Баттөрийн олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр тарааж буй мэдээлэл нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй бөгөөд түүний дагуу олон нийтийн цахим сүлжээгээр "Эрдэнэт” үйлдвэрийн хамт олныг заналхийлсэнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа нь Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй гэсэн тайлбар, мэдэгдлийг хийгээгүй, тухайн иргэнд ямар нэгэн дарамт, шахалт үзүүлсэн зүйлгүй бөгөөд Шилэн дансны тухай хуульд заасны дагуу хуулийг хэрэгжүүлж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
     Эрдэнэт үйлдвэр ХХК нь Монгол улсыг зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн хүнд жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэж, өнөөдөр ч улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэй биелүүлсээр байна.
     Иргэн П.Баттөр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Хүдрийн ил уурхайн ҮЭ-н Хорооны хэвлэмэл хуудас ашиглаж санаатайгаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг анхааруулж байна.
     Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээ ашиглагч иргэд баримт нотолгоогүй, илт гүжирдсэн, захиалгат мэдээ, мэдээлэлд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэн зөв мэдээллийг нийтэлнэ гэдэгт бид итгэж байна.
     Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээ ашиглагч иргэд үндэслэлгүй, буруу ташаа, илт гүжирдсэн мэдээ, мэдээллийг дахин түгээсэн тохиолдолд Эрдэнэт үйлдвэр ХХК болон хамт олны нэр хүндэд учруулсан хохирлыг тухайн мэдээ, мэдээлэл түгээсэн байгууллага, иргэнээс нэхэмжлэхээс гадна холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болохыг мэдэгдэж байна.


ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ийн Хуулийн хэлтэс

Санал болгох

Сэтгэгдэл

top