|

О.Содбилэг: Засагт хамтраад бодит мэдээлэлтэй танилцтал төсөөлснөөс ч хүнд байдалд орчихжээ

bayaraa 2015/01/20 1716 0

О.Содбилэг: Засагт хамтраад бодит мэдээлэлтэй танилцтал төсөөлснөөс ч хүнд байдалд орчихжээ УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.
-Өмнө нь өрийн босго хуульд заасан хэмжээндээ байгаа гэж албаныхан хэлж байсан. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр 58.3 хувьд хүрчээ. Яагаад ийм байдалд хүрэх болов. Холбогдох албаныхан УИХ-д худлаа мэдээлэл өгч байсан гэсэн үг үү?
-МАН шийдлийн Засгийн газарт уригдаж орсноос хойш бид төсөв мөнгөний бодит байдалтай танилцаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр манай сайд нар томилогдож, хариуцсан салбарынхаа эдийн засгийн бодит байдлыг харахад үнэхээр хүнд байгааг хэлж байна. УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх шийдвэр гаргалаа. Төсвийн тогтвортой байдлын хуульд заасанчлан улсын өрийн хэмжээ 40 хувь байна. Харин дагаж мөрдөх журамд нь бага зэргийн өөрчлөлт орж байгаа. Өмнө нь улсын өрийн хэмжээ хуулийн хүрээнд байгааг холбогдох албаныхан хэлдэг байсан. Гэтэл манайх "Шийдлийн” Засгийн газарт ороход нийт улсын өрийн бодит дүн 58.3 хувь болсон нь ойлгомжтой боллоо. Улсын өр яагаад 58.3 хувьд хүрэв гэдгийг бид бүх тоон мэдээллийг үндэслэн судалж байгаа. Түүнээс гадна Сангийн сайд асан Ч.Улаан улсын өр 40 хувь хүрээгүй байгааг удаа дараа мэдээлж байсныг нягталж харах шаардлага үүсч байна. Өнөөдрийн бодит байдал 58.3 хувь болохоор буцааж, 40 хувь руу оруулахаар дагаж мөрдөх журамд нь өөрчлөлт оруулж байгаа. Үүнийг зарим хүн зориудаар мушгиж, "МАН- ынхан өрийг 60 хувь болгож, өрийн босгыг нэмэгдүүллээ” гэж ярьж байна. Гэтэл улсын өр өнөөдрийн байдлаар 58.3 хувьтай байгаа. Төгрөгийн ханш унаснаар гаднаас валютаар авсан зээлийн өрийн хэмжээ өсч байна. Учир нь, ДНБ-ийг төгрөгөөр тооцдог болохоор үүнд орох хувь хэмжээ нь өсчихөж байгаа юм. Төлөвлөснөөсөө их өр зээл тавьсан нь улсын өр өсөхөд нөлөөлсөн. Өрийн босго байх хэрэгтэй, хэрэггүй гээд олон өнцгөөс ярилцаж байна. Энэ асуудал дээр холбогдох хуульдаа 40 хувь байна гээд заагаад өгчихсөн учраас хуулиа мөрдөх нь зүйтэй. Гэхдээ "Чингис”, "Самурай” бондыг хэрхэн, юунд зарцуулав гэдгээ харах ёстой гэж бид үзэж байгаа. Ер нь ямар төсөл хөтөлбөрийг, ямар гэрээ, нөхцөлийн дагуу өгснийг мэдэхэд буруудахгүй. Бодит мэдээллээ хараахан авч дуусаагүй байна. Бид эдийн засгийн хямралд орчихлоо гэж яриад байгаа. Бондын зарцуулалт, төсөв мөнгөний бодлогоо сайтар нягталж байж яг хаана, юуг алдав гэдэгтээ дүгнэлт хийж, улстөржихгүйгээр энэ хүнд хэцүү байдлаасаа гарах арга замаа хурдан олж, хийх ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлээд шуурхайлмаар байна. Одоо ярих биш ажлаа хийх цаг болсон.
-Хэрвээ "Сангийн яам, Үндэсний статикстикийн хороо улсын өрийн хэмжээ өссөнийг нуун дарагдуулж байсан бол хариуцлага тооцох хэрэгтэй” гэж үзэх гишүүн ч байна. Та ямар бодолтой байна вэ? 
-Тухайн үед УИХ-д өгч байсан тоон мэдээлэл яг хаанаас гарсан бэ. Үнэн бодитой байсан эсэхийг тодруулах шаардлагатай. УИХ-аас үүнийг нягтлах ажлын хэсэг гарах юм шиг билээ. Би хувьдаа ингэх нь зөв гэж бодож байна. Тухайн үеийн валютын ханш ямар байснаас хэлбэлзсэн байж болзошгүй. Гэхдээ УИХ-ын гишүүдэд худлаа мэдээлэл өгсөн нь үнэн бол энэ маш ноцтой алдаа.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арилжааны зээл авахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин урт хугацааны, хүү багатай зээл байвал татгалзаж чадахгүйгээ чуулганы хуралдаан дээр хэлж байна лээ. Тэгэхээр өрийн босгыг дахин нэмэгдүүлж магадгүй гэсэн үг биз дээ? 
-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнээс гарах арга зам нь юу байгааг хамтарч шийдэх хэрэгтэй. Бид засагт хамтраагүй байхдаа өрийн талаар хүчтэй дуугарч байсан. Монгол Улсын иргэн болгонд тодорхой хэмжээний өр ноогдож байгааг хэлж байсан. Одоо "Шийдлийн” Засгийн газарт ороод чимээгүй болчихлоо гэж шүүмжлэх хүн бий. Үүнд нэг тайлбар хиймээр байна. Иргэн болгон өртэй байна гэж ярьж байсан, тэр нь үнэн байсан. "Монгол Улс өрийн дарамтад орлоо” гэж бид сөрөг хүчин байхдаа хэлж байсан. Өнөөдөр улсын өр 58.3 хувьд хүрсэн байна. Цаашид энэ байдлаасаа хэрхэн гарах вэ гэдгийг зөв харах хэрэгтэй. Ирээдүйд хямралаас гаргах сайн төсөл, хөтөлбөр байвал үүнийг санхүүжүүлэхэд урт хугацааны хүү багатай "Чингис” бондоос илүү сайн нөхцөлтэй зээл олдвол авах уу, үгүй юү гэдгээ шийдэх хэрэгтэй. Өндөр хүүтэй зээл авчихаад юу ч хийхгүй гар хумхиад суух уу эсвэл, хурдхан шиг менежмент хийгээд зээлээ эргүүлж төлсөн нь дээр үү гэдэгтэй төстэй асуудал үүсээд байгаа юм. Гаднаас зээл нэмж авах эсэхийг бид маш нухацтай ярилцах ёстой. Нэмж авахаар бол юунд зарцуулах нь чухал. Төсвийн тогтвортой байдлын хуульд улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувьд байх заалттай энэ хуулийг 2010 онд баталсан. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал тухайн үеэс тэс өөр болж байна. Ирээдүйд ч нэлээн өөрчлөгдөх байх л даа. Тэгэхээр өрийн тааз ямар байхыг бодитой харах хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн хямралаас хурдан гаргахгүй бол үнэхээр хүнд байдалд орсныг бид бэлхнээ харж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын балаг яг одоо "Шийдлийн” Засгийн газрын үед гарч байна. Төсөв, мөнгийг "Шинэчлэлийн” Засгийн газар хэрхэн балласан нь бид засагт хамтарснаар маш тодорхой болж байна.
-УИХ дахь бие даагч гишүүд өөрсдийгөө "Шийдлийн” Засгийн газрын сөрөг хүчин гэж нэрлэж байгаа. Тэд байнга өрийн асуудлыг сөхөж, "МАНАН Монголын ард түмнийг туйлдуулж байна” гэж шүүмжилж байна. Бие даагчдын энэ хандлагыг та хэрхэн хүлээж авч байна вэ? 
-Цөөн хэдэн гишүүн өрийн асуудлыг онилж, түүгээрээ тодорч гарч ирэхийг оролдож байна. Бид сөрөг хүчин байхдаа намын бүлгээрээ "Эдийн засаг, өрийн хэм жээ хэцүүдлээ” гэж хэлж байсан. Засагт хамтраад хартал бодсоноос ч аймаар байж. Тэгэхээр "Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан нь зөв байжээ” гэж дүгнэж байна. Өөрсдийгөө цөөнх гэж нэрлэсэн бие даагчдын хэлж байгаа үгэнд хариуцлагагүй зүйл олон байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бие даагчид өрийн асуудлыг ярьж байгаагүй. Манайх энэ асуудлыг ярьж, өмнөх Засгийн газрыг огцруулаад эдийн засгаа сайжруулъя гээд Ч.Сайханбилэгийн засагт орохоор өрийн асуудлыг дэвэргээд том сэдэв болгоод байна. Өр гэдэг хариуцлага л гэсэн үг. Өртэй хүн хариуцлагатайгаар түүнийгээ төлөх ёстой. Тэгэхээр энэ ойлголтыг зөв болгохгүй бол ажил хийж байхад хэцүү л дээ. Эдийн засгийн бодит байдлыг ойлгож байгаа үед яаж гарах вэ гэдэг нь үнэхээр хүнд. Манай шинэ сайд нарын ажилд бэрхшээлтэй зүйл олон бий. Манай намаас томоохон салбар хариуцахаар очсон сайд "Манай яамны гадаад томилолтын зардал 10 сая төгрөг” байна гэж байна. Монголын эдийн засгийг сайжруулж, гадаадаас хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд 10 сая төгрөгийн төсөвтэй яам ямар ажил хийх юм бэ. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзах гээд ганц, хоёр удаа нисэхэд л төсөв нь дуусах нь байна шүү дээ. Өмнөх Засгийн газар ийм нөхцөл байдалд хүргэжээ. "Өнөөдөр эдийн засаг хүндэрчихлээ” гэж байгаа үед бие даагч гишүүд ард түмэнд таалагдахаар хүчтэй дуугарч байна. Бид Н.Алтанхуягийн Засгийн газраас хариуцлага нэхэж байхад энэ хүмүүс чимээгүй байсан. Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтаас зарим нь бултсан. Өнгөрсөн хугацаанд чимээгүй байсан гэдэг ямар нэгэн шалтгаанаар амаа таглуулсан гэсэн үг. Дээр нь бие даагч гишүүд ард түмнээ бодож байна гээд ярих юм. Тэд ямар үг хэлэв гээд анзаарахаар гарц, шийдэл гаргахгүй зөвхөн шүүмжлээд байна.
-МАН-ын бүлгийн гишүүд шатахууны зардлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэж, бусад гишүүддээ үлгэр жишээ үзүүллээ. Танай бүлгийн энэ санал, санаачилгыг тойрогтой гишүүд хэрэгжүүлэхэд хэцүү байна гэх юм. 
-Тойрогтой гишүүдэд хүндрэлтэй байгаа нь үнэн байх. Бид хувиасаа тодорхой хэмжээний зардал гаргаад тойрогтоо очиж ажиллана. Иргэд сонгогчдоос үүрэг даалгавар авч энд ирсэн учраас эдийн засаг хүндэрсэн энэ цагт хувийн зардлаараа орон нутагт ажиллах нь зүйтэй гэсэн саналыг бүлгээс гаргасан. Түүнээс гадна төрийн бүтцэд байгаа хэрэгтэй, хэрэггүй олон зардлыг танах ёстой. Улсын төсөвт сумын төвийн хоёр км замын төсөв суучихсан байна лээ. Бид ганц, хоёр жил тэр замгүйгээр амьдарч чадна. Тэгэхээр энэ мэтчилэн тэвчиж болох зардлаа хэмнээд эхчүүд, хүүхдүүдийнхээ мөнгийг үргэлжлүүлж олгосон нь дээр гэсэн байр суурьтай байсан. МАН зүүний төвийн улс төрийн хүчний хувьд нийгмийн халамжийн чиглэлийн бодлогыг дэмжиж явдаг. Тиймээс одонтой эхчүүд, хүүхдийн мөнгийг танах тухай анх ярьж эхлэхэд бид хүчтэй эсэргүүцэж байсан. Олон нийт ч хүчтэй эсэргүүцэж байсан учраас АН одонтой эхчүүд, хүүхдийн мөнгө, жирэмсэн эмэгтэйчүүдийн мөнгийг танахгүйгээр өгөх нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргалаа. Тэгэхээр АН халамжийн мөнгийг өгөх тухай дангаараа яриад шийдвэрээ буцааж байгаа юм биш. Манай гишүүдийн зүгээс мөнгө, төгрөг хэмнэх хэрэгтэй байгаа ч эх, хүүхдийн мөнгөнөөс хумсалж болохгүй гэдэг шаардлага тавьж байсан.
-Шинэ он гарснаас хойш энэ оны төсвийн тодотголыг байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байна. Гишүүдийн хандлага, та бүхэнд Засгийн газраас өгч байгаа мэдээллээс харахад ирэх жил манай нийгэм, эдийн засгийн байдал ямар байх юм шиг байна. Ерөнхий дүр зураг бууж байгаа болов уу? 
-Цаашдаа ямар байхыг том зургаар нь урьдчилж хэлэхэд хэцүү. Нийгмийн хувьд үнийн өсөлт, худалдан авах чадвар буурсан, баян, ядуугийн ялгаа ихэсч байгаатай холбоотой иргэдийн бухимдал маш их байгаа. Эдийн засгийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин буурсан. Бид гадаадаас авсан зээлээ буруу ашигласан. Бараг л гарын салаагаар урсгаж, тансаглаад дуусгасан гэвэл хилс болохгүй. Төсвийн орлогоо бүрэлдүүлж чадаа- гүй. Хувийн хэвшлийнхэн аж ахуйн нэгжээ өнгөрсөн хугацаанд сайн дэмжсэнгүй. Хэдийгээр тодорхой хэдэн салбарыг дэмжсэн ч дорвитой өөрчлөлт гарсангүй. "Шинэчлэлийн” Засгийн газар энэ бодлогын хүрээнд олон хүн ажилтай болсон гэдэг ч тодорхойгүй байна. Манайд гол орлого оруулдаг нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасан байдалтай байна. Тэр дундаа зэсийн үнийг төсөвт 6700 төгрөгөөр тооцож төлөв- лөсөн ч өнөөдрийн байдлаар 5700 төгрөг болтлоо үнэ нь буучихсан байна. Дэлхийн эдийн засгийн нөх цөл байдал маш тодорхойгүй болж байна. Ерөнхийд нь харахаар гадаад орчин нөхцөл байдал яг одоо хүндэрч эхэлж байна. Тэгэхээр бидэнд давхар, давхар хүндрэл ирж байна гэсэн үг.
-"Н.Алтанхуягийн Засгийн газрын бодлогын алдааны үр дүнг өнөөдөр бид амсч байна” гэлээ. Гэтэл ийм байдалд хүргэсэн албан тушаалтнуудыг нь огцруулаад л өнгөрч байгаа юм уу? 
-Бид улс төрийн хариуцлага тооцож, Засгийн газрыг нь огцруулсан. Хариуцлага алдсан хүнд сонгуулиар ард түмэн дүнгээ тавьж, хариуцлага тооцох байлгүй дээ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ


URL: http://www.fact.mn/203105.html

Санал болгох

Сэтгэгдэл

top