|

Улс төрийн идэр 9

saikhnaa 2016/01/04 689 0

Улс төрийн идэр 9

 

Сонгуулийн жил хонхоо цохиж хоймор ирлээ. Оны дуулиан дундуур хоёр нам сонгогдох хуулиа шургуулж амжлаа. Хачин хурдан сайндаж баталсан энэ хуулиар улаан цэнхэр өнгө хослон орших магадлалыг найдвартай хийсэн гэж үзэж буй бололтой. Хоёр нам ам нэгтэй магтаад л байна. Хэрэг дээрээ 14 хоногт сурталчилгаа нэртэй хэлбэрдэлт явуулаад таньдаг хэдийгээ дугуйлах тулгалтын хуулийг баталсан байна. Жагсаалтаа бас хатуу босгоор өмчилж чаджээ. Засгаар наадсан нэг жилийн улс төрийн хаалт дараагийн сонгуульд хамтдаа гарахын төлөөх гар барилцаанд хаалтаа хийлээ. Буянаараа болог гэхээс. Тулам байдаг бол хагарч ялзарсан байгаа төрөөс төрсөн толгой баячуудын засаглалыг халах боломж хуулиар бараг найдваргүй боллоо.

 

Намын даргын сонголтоос бид сонголт хийдэг болсон нь үндсэндээ хэвээр үлдлээ. ХҮН-д бие даагч С.Ганбаатар элсч сонгуулийн өрөгийг эхлүүлэв. Энэхүү намын шинэ жилийн мэндчилгээ сөрөг хүчний зажилсан бохь шиг сулхан болсон гэсэн хувийн бодлоо хэлмээр байна. Цаашдаа бодмоор. Олигархи биш ПОП биш оюунлаг хүмүүс Монголыг удирдаасай гэсэн эгэл олны энгийн хүслийг мэдрэх хэрэгтэй байх. Энэ сонгууль бол сонголт хийх төдий бус эх орны хувь заяаг шийдэх хэмжээнд онцгой нөхцөлд өрнөнө. Үзэгний үзүүрт Монголын минь маргааш зурагдана.

 

Эдийн засагт эерэг өөөрчлөлт бий болно. Гэвч төрийн тархи өтсөн байхад уналт дахиад ирнэ. Улсын өр хэд болов. Юугаар төлж байна. Чингис бондын зарцуулалт бол өнгөрсөн хэрэг. Харин яаж төлөх вэ гэдэг нь энэ цагийн том асуулт. Хариулт одоо том хүрээнд, тодорхой хийгдэх ёстой. Уул уурхайн лицензүүд бүлэглэлүүдийн гарт улам бүр багцлагдаж баялгийн тэгш хуваарилалт хийгдэх суурь өөрчлөлт огт хийгдсэнгүй. Хуулиар засаглах бус хуулиар хумслах үйл ажиллагаа ил тод явагддаг боллоо. Тавантолгойг гацаасандаа баярлаж яваа улстөрчид дахиад нэр дэвших нь тодорхой. Хэрвээ тэд сонгогдвол тэгээд бид сонгууль гэдэг "тоглоом” тоглож байгаагаа зөвшөөрөх хэрэгтэй болох байх. 

 

Баяр тааруулж хууль батлаж иргэдийг төөрөгдүүлдэг нь арга барил боллоо. Бүх авилгачийг өршөөсөн хууль наадмын өмнө батлагдаж байсан бол жижиг намууд шинэ хүмүүсийг улс төрд гарах бүх замыг хаасан, хэвлэл мэдээллийг дарангуйлсан сонгуулийн хуулийг шинэ жилийн хавтгай баярын оргилуун дарсны чимээнд хавчуулаад батлан гаргалаа.

 

Шинэ он гарангуут гандан буурдаггүй Гачууртын төслийг гурав дахь удаагаа Их хуралд оруулахаар сойчихоод байна. Энэ орд Ерөнхий сайдын хэлснээр булшны хэрүүл төдий бус. Эдийн засгийн амь тариа ч биш. Эрх баригчдын ард нэхэл хатуутай шаналгаж суугаа тодорхой бүлгийн эрх ашигт л нийцсэн өнцгөөс шийдэгдэх гэж байна. Өнөөх үхэхэд бэлэн гээд байсан тэмцэгчдийн амыг хааж чадсан бололтой. Таг чиг. 60 гаруй тэрбум төгрөг орон нутагтаа үлдэх болно гэж хахуульдсан тайлбарыг төрийн тэргүүн хийж суудаг болж. Мандал гэдэг сумынхан энэ мөнгөөр диваажингийн амьдралтай болох бололтой. Гэхдээ 600 тэрбум байлаа ч Ноён уулыг дахин босгож амжихгүй. Нэг удаа орхичихож болно.

 

Оюутолгой хөдөлсөн. Одоо хаялгыг нь яаж буухыг иргэд хүлээж байна. Бэлтгэн нийлүүлэгч том компаниуд бүгд улстөрчдийн халаасных байсан нь нууц биш. Одоо далд уурхай дээр жирийн иргэний оёдог ажлын бээлий, ариун цэврийн цаас тэнд шахагдах болтугай гэж харж сууна.

 

Улс төрийн идэр ес эхэлсэн. Бие биенээ намнасан, хар гэрт хийсэн хар мөртэй л өрнөхөөр харагдаж байна. Бүхэлдээ гутранги бууж байгаа энэ бичлэгийн төгсгөлд гэгээтэй ганц мэдээ үлдээе. Энэ жил сонгууль болно.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Санал болгох

Сэтгэгдэл

top