|

Төр хэнийг хэдэн төгрөгөөр хооллодог вэ?

saikhnaa 2016/01/07 1032 0

Төр хэнийг хэдэн төгрөгөөр хооллодог вэ?

 

Цагдаа, хоригдол, дунд сургуулийн бага ангийн хүүхэд, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг Төрөөс даадаг.

Одоогоос найман жилийн өмнө цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг Төр даадаг болсон. Мөн таван жилийн өмнөөс эхлэн дунд сургуулийн 1-4 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд "Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж санхүүжилтийг Төр хариуцах болсон.

Ингэхдээ цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 1650 төгрөгөөр 3 удаа хооллох ёстой. Харин сургуулийн сурагчид энэ /1650 төгрөг/ мөнгөөр нэг удаа хооллодог юм.

Тэгвэл ийм хэмжээний мөнгөөр цэцэрлэгийн хүүхэд 3 удаа цадталаа хооллож, илчлэг тэжээл авч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Цэцэрлэгийн хүүхдүүдэд өмнө нь өглөө, оройн цайн дээр нарийн боовоо цэцэрлэг дээрээ хийж өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд тогны мөнгөө хэмнэх зорилгоор бэлэн бүтээгдэхүүн авдаг болжээ.

Ингэвэл цаг, хөдөлмөрийг хэмнэж, арай хямд тусдаг цэцэрлэгийн эрхлэгч нар ярьж байна.

Яг үүн шиг нэг хүүхдэд тооцож төсвөөс олгодог мөнгийг хүргэх гэж тэд хэмнэх бүх боломжийг ашигладаг ажээ.

Цэцэрлэгт нэг хүүхдийн хоолны мөнгө өдрийн 1650 төгрөг, 24 цагийн цэцэрлэгт 2400 төгрөг байхаар тооцдог. Бодит байдал дээр хүүхдэд илчлэг тэжээл бүрэн өгч, дархлаа тэтгэх хоол хүнсээр хангахын тулд дээрх мөнгийг нэг дахин нугалах хэрэгтэйг эх сурвалжууд сануулж байлаа.

Цэцэрлэгийн хоолны мөнгөний багахан хувийг эцэг, эхчүүдээс гаргадаг байхыг дэмжих хүмүүс олон байдаг байна. Учир нь ихэнх цэцэрлэгийн багачууд цэцэрлэгээ тараад гэртээ харихдаа өлсөж, ундаассан байдгыг зарим эцэг эхчүүд хэлж байна.

Гэвч цэцэрлэгүүд эцэг, эхчүүдээс мөнгө авч хоол хүнсэндээ нэмэрлэх эрх хуулиар хориотой юм.

Бас нэг сонирхолтой баримт дурьдахад, "Цагдаагийн ерөнхий газрын даргын 218 тоот тушаал ар эргүүл жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг албан хаагчдын хоногийн хоолны зардлыг 3600 төгрөг байхаар тогтоосон байна. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, хээрийн сургуулилтад хамрагдсан хүмүүст нь 24 цагийн турш хоолны зардлыг 5000 төгрөгөөр тооцдог. Гэтэл нэг ялтан өдөрт 12400 төгрөгөөр татвар төлөгчдийн мөнгөөр тэжээсээр байна "гэх мэдээлэл цахим хуудсаар идэвхтэй цацагдаж байв.

Энэ асуудлын талаар ШШГЕГ-ын хурандаа н.Мөнхжаргалаас тодруулахад, "Энгийн дэглэмтэй хорих ангид ял эдлэж байгаа ялтан өдөрт дунджаар 2133 төгрөгийн хоол иддэг. Үүнд өглөөний цай, өдөр, оройн хоол багтдаг. Ялтаны дэглэм дээшлэх тусам хоолны мөнгө багасдаг. Яагаад гэвэл энгийн дэглэмд хоригдож байгаа ялтнууд ажил хөдөлмөр эрхэлдэг” хэмээн тайлбарласан юм.

Харин цагдаагийн албан хаагч 24 цаг үүрэг гүйцэтгэсэн мөртлөө хоолны зардал гэж 3600 төгрөг авдаг гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өдрийн хоолны төсөв 1.3 сая төгрөг байдаг гэнэ. Энэ мэдээлэл үнэн бол эрхэм Ерөнхийлөгч маань өдөрт 1000 цэцэрлэгийн хүүхдийн хоолыг, төсвийн 2 ажилтны сарын цалинг хоолондоо зарцуулдаг юм байна.

Б.Дэжид

Санал болгох

Сэтгэгдэл

top