УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьсан. Уг асуулгын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын шатахууны импортоос хараат байдал нь эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж, инфляцыг хөөрөгдөх нэгэн суурь хүчин зүйл болсоор ирсэн. Шатахууны үнэд хилийн үнийн өсөлт, импортын татвар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш зэрэг зүйлс нөлөөлдөг. Засгийн газраас 2008-2012 онуудад шатахууны импортын татваруудыг өөрчлөх замаар дотоодын борлуулалтын үнийг тогтворжуулж ирсэн хэдий ч, хилийн үнэ, валютын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалан 2012 оны 1 дүгээр сард шатахууны үнэ литр тутамдаа 220-280 төгрөгөөр нэмэгдэж байлаа.
Дэлхийн эдийн засгийн хямралт байдал болон ОХУ-ын нефтийн үйлдвэрлэл, шатахууны борлуулалтын бодлоготой холбоотойгоор манай улсад хойд хөршөөс нийлүүлэгдэх шатахууны хилийн үнэ тогтворгүй бөгөөд тодорхойгүй байсан. Бид нефть бүтээгдэхүүний хувьд нэг улсын нэгэн компаниас хэт хараат байсны уршгаар шатахууны хилийн үнэ бүс нутгийн зах зээлийн үнээс тонн тутамдаа даруй 300-400 ам.доллараар өндөр байсан юм.
2012 оноос хойш Уул уурхайн яамнаас шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөцийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байх, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зэрэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.
2011 оноос эхэлсэн шатахууны хилийн үнийн өсөлт, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралт зэргээс шалтгаалан жижиглэнгийн үнэ өссөөр байсан.
Иймд УУЯ Монгол банктай хамтран "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгон зарим татваруудаас чөлөөлж, ханшийн эрсдэлийг бууруулах зэрэг арга хэмжээ авч, үнийг тогтворжуулан, шатахууны нөөцийг 3.6 дахин нэмэгдүүлж 100 гаруй мянган тоннд хүргэсэн юм.
Шатахуун импортлох эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд БНХАУ-ын "Чайна Ойл” компанитай гэрээ байгуулан 2013 оны 4 дүгээр сараас эхлэн сард 4-10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн худалдан авахын зэрэгцээ Япон, Солонгос, Сингапур, Белорусь, Латви зэрэг улсаас БНХАУ-ын нутгаар дамжуулан шатахуун импортолдог боллоо. Мөн 2013 оны 5 дугаар сараас эхлэн ОХУ-ын "Роснефть”, БНХАУ-ын "Чайна Ойл” компаниудтай шатахууны худалдаа хийхдээ түүхий газрын тосны дэлхийн зах зээлтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр төлбөр тооцоог хийдэг болсон.
2014 оны 8 сараас дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурч эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газар, УУЯ зах зээлийн хэлбэлзлийг анхааралтай ажиглан иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, улсын төсвийн бүрдүүлэлтэд гэнэтийн эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ бодлогоор авч хэрэгжүүллээ. Тухайлбал, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны импортлогч компаниудад олгож байсан зээлийн хөнгөлөлтийг өнгөрсөн оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн зогсоож зээлийн хүүг 16-18 хувь болгож өсгөсөн.
2015 оны улсын төсвийн тухай хуулиар улсын төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас 226 тэрбум төгрөг төвлөрүүлэх болсонтой холбогдуулан алслагдсан бүс нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тонн тутамд 252,000-265,000 төгрөг байхаар тогтоосон.
Мөн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татварыг 5 хувь болгож нэмэгдүүлсэн. Улмаар Засгийн газрын 2015 оны 438 дугаар тогтоолоор шатахууны онцгой албан татварыг тонн тутамд Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар автобензинд 400,000 төгрөг, дизель түлшинд 520,000 төгрөг, Эрээнцав боомтоор автобензинд 270,000 төгрөг, дизель түлшинд 290,000 төгрөгт тус тус хүргэж нэмэгдүүлсэн. Шатахууны Онцгой Албан Татварыг ийнхүү нэмэгдүүлснээр улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд 2015 оны гүйцэтгэлээр нийт 270 тэрбум төгрөг төвлөрчээ.
"Өрсөлдөөний тухай хууль”-иар аж ахуйн нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд төрийн байгууллага хөндлөнгөөс оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Гэсэн хэдий ч үүсээд буй нөхцөл байдлыг "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” дээр хэлэлцэн шатахууны хангалт болон жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, улмаар үнийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн билээ.
2015 оны 12 дугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг Баруун бүсэд 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулснаар баруун болон зүүн хязгаар нутгийн үнэ төвийн бүсийн үнийн төвшинд ирээд байна. Цаашид алслагдсан сумдын шатахууны жижиглэн худалдааны үнэ харьцангуй өндөр хэвээр байгаад судалгаа хийж үнийг төвийн бүсийн үнийн төвшинд хүргэх бодлогын шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2016.01.22-ны байдлаар Улаанбаатар хотын зарим ШТС-иудаар автобензин төрөл тутамдаа 100 төгрөгөөр бууруулан худалдаж эхлээд байгааг дуулгахад таатай байна.