|

Эрдэнэтчүүд бид УИХ-д сонгосон гишүүдтэй бил үү

saikhnaa 2016/04/08 12472 3646

Эрдэнэтчүүд бид УИХ-д сонгосон гишүүдтэй бил үү

 

Ардчиллын анхдагч Санжаасүрэнгийн Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт Эрдэнэтээс гурван хүн баривчилсан талаар өнгөрсөн намраас эхлэн хүмүүс өвөр зуураа шивэр авир хийж, түгшүүртэй өдрүүд үргэлжилсээр өнөөдрийг хүрсэн. Нэрт нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгийн дээрх хүмүүсийн ар гэрийнхэнтэй хийсэн ярилцлага гарсны дараагаас арай уужуухан амьсгал авах хэмжээнд хүрч байна. Энэ бол миний бодол ч гэсэн, улс төрийн зүтгэлтний амь насыг бүрэлгэсэн хэрэгт Эрдэнэтээс хүмүүс оролцсон байх магадлалтай гэсэн аймшигт мэдээлэлд бага ч гэсэн үнэний мөр авчрах болов уу гэж харагдахаар.

Бидэнтэй мөр зэрэгцэн амьдарч яваа энгийн нэгэн айлын хүүг энэ хэрэгт холбогдуулан баривчилж, хоригдсон долоон сарын хугацаанд ар гэрийнхэнд нь хаана хорьж байгааг нь ч хэлээгүй гэж бодохоор бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ гэж эргэлзэхэд хүрч байна. Уг хэрэгт холбогдуулан баривчилсан Содномдаржаагийн аав Батдагва гуай, түүний гэр бүлийн хүнийг ажилсаг хөдөлмөрч хүмүүс гэдгийг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Сайн эцэг эхийн хүмүүжүүлсэн хүү…….гэсэн харуусал олон хүний сэтгэлд эргэлдсээр буй. Ээж нь хүүгийнхээ талаар сэтгүүлчид сэтгэл шимшрэмээр ярилцлагыг өгчээ. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө голоо тасартал явдаг гэж үнэн.

……………"Би үнэхээр гараа сарвайтал бичиг бичлээ. Үртэй хүний гол тасрахгүй. Үхчихдэггүй л юм бол би хөлөө хүрэх газар хүртэл явна. Явахгүй байж би чадахгүй. Би Ц.Нямдорж гишүүнд бас бичсэн юм. Ганцхан тэр хүн надтай утсаар ярьсан. Хөөрхий минь ёстой аягүй их санаа нь зовсон шүү дээ. Миний бүх учир байдлыг тэвчээртэй утсаар сонссон. Тэгээд надаас таны хүү өмнө нь хэрэг төвөгт орж байсан уу гэж асуусан. Би үгүй ээ, миний хүү ерөөсөө хэрэг төвөгт орж байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Нямдорж гишүүн наадах чинь яасан хэцүү явдал вэ. Би таны хүүг ингэж ярилцлаа гээд шоронгоос гаргачих биш. Бүх юм маш төвөгтэй шүү дээ. Би чадахаараа л анхаарал хандуулъя. Та өөрөө сэтгэлийн хаттай байгаарай гэж хэлсэн

Эх сурвалж: News.mn Б.Ганчимэг "С.Зоригийг хороосон хэрэгт ахиад хэдэн хүнийг золиосолж байна вэ?” нийтлэлээс…………….

Сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагаас дээрх хэсгийг яагаад онцолсон бэ гэхээр, Орхон аймгийн иргэн Батдагвын хүү Содномдаржаагийн ээжийн гараа сарвайтал бичсэн захидлууд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг удаа, Хүний эрхийн үндэсний комист хоёр удаа, УИХ-ын байнгын хороо, О.Баасанхүү гишүүнд нэг удаа, ТЕГ-ын дарга Б.Хурцад гурван удаа, Нийслэлийн прокурорын газар Батжаргалд таван удаа, ТЕГ-ын хэлтсийн дарга Бархасбадид таван удаа, УИХ-ын гишүүн О.Содбилэгт нэг удаа, Л.Цогт нэг удаа өргөдөл өгсөн. Ц.Нямдорж гишүүнд нэг удаа өргөдөл бичсэн” гэж ярьсан байна. Эдгээр албан тушаалтнуудаас Ц.Нямдорж гишүүн л Содномдаржаагийн ээжтэй утсаар ярьж, зовлонг нь тэвчээртэй сонсож, чадлаараа анхаарлаа хандуулъя, та сэтгэлийн хаттай байгаарай” гэсэн байна. Эндээс Орхон аймгийн иргэний хувьд бидэнд УИХ-д сонгосон гишүүнтэй бил үү гэж бодогдоход хүрч байна. Хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа ч учир битүүлгээр хүүгээ баривчлуулсан ээжид ядаж хүү чинь тэнд хоригдож байна гэдгийг нь сураглаад өгчих, нэг удаа ч болтугай утсаар ярьчих сэтгэл Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Цог, О.Содбилэг нарт байсангүй.

Улс төрийн ээдрээтэй, олон хүн холбогдсон гэх энэ хэргийн цаана юу өрнөж байгааг жирийн иргэд бид бичих нь байтугай өөр хоорондоо ч ярихад түгшүүртэй нөхцөл үүссэн энэ үед мэргэжлийн эр зориг гарган, эх сурвалжуудтай уулзаж, ярилцлага нийтэлсэн Б.Ганчимэг сэтгүүлчид энгийн олон хүний өмнөөс талархаж байна.

1998 оны аравдугаар сарын 2-ны бүхэл өдрийн турш үргэлжилсэн муу ёрын аялгуу олон монгол хүний зүрх сэтгэлийг шархлуулсан. Энэ аймшигт хэргийн эздийг олохыг Монголын ард түмэн 18 жил хүлээж байгаа. Гэсэн ч учир битүүлгээр энэ хэрэгт холбогдуулан баривчилсан гэх Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг нарын Орхон аймгийн гурван иргэний хувь заяа хэрхэхийг нийгэм хүлээж, хууль хяналтын байгууллагаас үнэн мөнийг хүсэж байгаа. Гагцхүү төрд төлөөлсөн эрхэмүүд сэтгэл тавихгүй байгаад үнэхээр харамсаж байна.

Эх сурвалж: Erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top