|

Авлигатай тэмцэх газар төрийн нэг албан хаагчаас 62 байшин хурааж авав

saikhnaa 2016/04/27 815 0

Авлигатай тэмцэх газар төрийн нэг албан хаагчаас 62 байшин хурааж авав

 

Авлигатай тэмцэх газар төрийн нэг албан хаагчаас 62 байшин хурааж авав

Нигери. Хууль ёсны цалин, орлогоосоо дээгүүр түвшинд амьдарч байгаа төрийн албан хаагчдыг хараандаа авч эхэлснийг Авлига болон холбогдох бусад гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан комиссоос мэдээлэв. Түүнчлэн төрийн нэг албан хаагчаас 61 хаус хурааж авсан гэж мэдэгдэв. Тус байгууллагын зүгээс тун удахгүй авлигад хамгийн ихээр автаад байгаа яам, байгууллага, агентлагын нэрийг нийтэд зарлах талаар мэдэгдэлд дурдсан байна. 

Комиссын дарга, ноён Экпо Нта Абужа хот дахь тус байгууллагын төв байранд Бодлого, стратегийн судалгааны Үндэсний Институтийн оролцогчдод хандаж тавьсан илтгэлдээ эдгээр мэдэгдлийг хийжээ. 

Хээл хахуультай тэмцэхэд оюутнууд тусална

Малайз. Дээд сургуулийн оюутнуудыг "Авлигын эсрэг элч нар" болгон бэлтгэж байна. Энэ арга хэмжээний зорилго нь тэдгээр элч нараар дамжуулан авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх явдал юм. Авлига, түүний хор хөнөөлийн талаар болон тус комиссын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийтэд ухуулан таниулахад тэдгээр оюутнууд тодорхой хувь нэмэр оруулж, олон нийтэд нөлөөлж чадна гэж Малайзын Авлигатай тэмцэх комисс найдаж байна. 

Тус комиссын Ерөнхий комиссарын орлогч Датук Сери Мустафар Али хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ "Бид юу хийх вэ гэвэл тэдэнд баримт, мэдээлэл өгнө. Бид тэднийг зөвхөн оюутнуудтай төдийгүй олон нийтийн бүхий л төлөөлөлтэй харилцах ур чадварт сургах болно. Ингэснээр тэдгээр оюутнууд авлигатай холбоотой янз бүрийн асуудлын талаар нийгмийн гишүүдийг соён гэгээрүүлэх болно" гэжээ. Авлигын гэмт хэргийн талаар хүмүүс илүү их мэдээлэлтэй болох тусам олон түмний зүгээс Авлигын эсрэг комисс болон авлигатай тэмцэж байгаа байгууллагуудыг дэмжих хүний тоо нэмэгдэнэ гэж найдаж байгаагаа Мустафар илэрхийлэв. Төрийн өмчит боловсролын байгууллагууд, багш бэлтгэх сургуулиуд, политехникийн сургуулиудын нийтдээ 86 оюутныг сургалтад хамруулж байна. 

Албан тушаалын гэмт хэрэг мөрдөх комиссоос

Ядуурлыг бууруулах сангийн 36 ажилтныг авлигын хэрэгт татав

Балба. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг мөрдөх комиссоос Ядуурлыг бууруулах сангийн 36 ажилтныг авлигын хэрэгт татаж тусгай шүүхэд хүргүүлэв. Тус сангийн санхүүгийн асуудал хариуцсан захирал, тамгын газрын захирал, төсөл, хөтөлбөр хариуцсан 31 менежер, 3 нягтлан бодогч, байгаль орчин хариуцсан ажилтан, туслах нягтлан бодогч нар энэ хэрэгт татагджээ. 

Тэдгээр ажилтнууд өөр хоорондоо үгсэн хуйвалдаж гурван жилийн хугацаанд төрийн сан хөмрөгөөс нийт 43.5 сая рупий завшжээ. Комиссын зүгээс тэднийг сангийн хөрөнгө завшихийн тулд төлбөрийн баримт болон бусад санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байна. 

Авлигын эсрэг үйл ажиллагааны цар хүрээнд албан тушаалтнуудын

гэр бүлийн гишүүдийг хамруулж эхлэв

Хятад. Төрийн албан тушаалтнуудын авлига авах боломжийг улам бүр хаахын тулд тэдний гэр бүл, хүүхдүүдийг бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь хориг тавьсан шийдвэрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн хүрээг зөвхөн Шанхай хотоор хязгаарлалгүйгээр улам бүр өргөжүүлж илүү олон хот болон бүс нутгийг хамруулна гэж Хятадын Засгийн газраас мэдэгдэв. Энэхүү арга хэмжээг анхлан тус улсын санхүүгийн төв болох Шанхай хотын хэмжээнд туршилтын журмын хэрэгжүүлж байсан ба Панамын дуулианы дараа цар хүрээг нь нэмэгдүүлж байна. Учир нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа Хятадын найман албан тушаалтны гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг гадаадад бүртгэлтэй халхавч компаниудын талаарх мэдээлэл Панамын баримт бичгүүдээр нийтэд ил болсон юм.

Өнгөрсөн жилээс Шанхай хотын хэмжээнд мөрдөж байгаа журмыг нийслэл хот Бээжин, эдийн засгийн өндөр өсөлттэй байгаа Гуандун муж, мега-хот Чунцин, байгалийн баялаг ихтэй Шинжан мужид мөрдүүлэх болно гэж ерөнхийлөгч Ши Жинпин мэдэгджээ. Журмын дагуу төрийн өндөр албан тушаалтны эхнэр болон нөхрийг Хятадад бүртгэлтэй хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид удирдах албан тушаалд ажиллахыг хориглосон байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтны чиг үүргийн хүрээнд хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд аливаа бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг тэдгээр өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүд, хүргэн, бэрүүдэд хоригложээ. 

Нью-Йорк хотын Цагдаагийн газар дахь хээл хахуулийн талаар

Еврейн хуучныг баримтлагч бүлгийн тэргүүн ам алджээ

АНУ. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын цагдаа нар бэлэн мөнгөөр хахууль авч Еврейн Хуучныг баримтлагч нийгэмлэгийн гишүүдэд гар буу эзэмших зөвшөөрөл өгчээ. Мөн Боро Парк орчмын иргэдийн сайн дурын эргүүлийн тэргүүн нь цагдаагийн өөр нэг офицерт нэг сая шахам долларын хээл хахууль санал болгосон байна. 

Сайн дурын эргүүлийн тэргүүн Алекс "Шая" Лихтенштейнээс санал болгосон "өдрийн хоолны мөнгө"-ийг авахыг зөвшөөрсөн гэдгээ Нью-Йоркийн Цагдаагийн газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн ажилтан Холбооны мөрдөх товчоонд мэдүүлэг өгөх үедээ хүлээн зөвшөөрчээ. Энэ хэрэгт мөн тус хэлтсийн ахлах ажилтан холбогджээ. Лихтенштэйн өөрийн хэлхээ холбоог ашиглан гар буу эзэмших 150 зөвшөөрлийг нэг бүрийг нь 6 мянган доллар, нийт 900 мянган доллараар авахаар тохирсон тухайгаа сайрхан ярьж байхад нь Холбооны мөрдөх товчоо нууцаар бичлэг хийснээр энэ хэрэг илэрчээ. 

Холбооны Мөрдөх Товчоо Хиллари Клинтоныг авлигын хэргээр мөрдөн шалгаж байна

АНУ. Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон Юү Эс Эйд буюу АНУ-ын Хөгжлийн тусламжийн байгууллагаар дамжуулан хамгийн багадаа 13 сая долларын зээлийн баталгаа болон зээлийг найздаа өгсөн тухай Дайли Коллер Ньюс Фаундэйшн цахим сайтад хэвлэгдсэн тайланд илчлэн бичжээ. 

Клинтоны захиргааны үед АНУ-ын тусламжийн асуудал хариуцсан байгууллагаас Мухаммед Юүнүст зээл, зээлийн баталгаа өгч, түүнтэй контракт байгуулж байжээ. Юүнүс нь Бангладеш улсад төвтэй Грамийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байгаад авлигын хэргийн улмаас 2011 онд огцорсон юм. Юүнүс 13 сая долларын зээл болон зээлийн баталгаа авсныхаа хариуд Клинтоны гэр бүлийн байгуулсан санд удаа дараа 100-300 мянган долларын хандив өгч байжээ. Түүнээс гадна Юүнүсийн хамтрагч нар нь мөн ЮүЭсАйд байгууллагатай 11 сая долларын гэрээ хийж санхүүжилт авсан байна. Холбооны мөрдөх товчоо Хиллари Клинтоныг төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхолд ашигласан хэргээр шалгаж байна. 

Египетийн сайд асан 10 жилийн ял авлаа

Египет. Авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдсоны дараагаар Египетийн хөдөө аж ахуйн сайд асан Салах Эддин Хэлалд болон түүний Тамгын газрын дарга асан Мухуидин Саид нарт шүүхээс 10 жилийн ял оногдууллаа. Мөн шүүхээс Хэлалд 110000 ам.доллар, Саидад 55000 ам.долларын торгуулийг тус тус оногдуулсан байна.

Төрийн мэдлийн газрыг хямдралтай үнээр борлуулахын тулд хээл хахууль авсан хэрэгт Хэлалыг буруутгасны дараа буюу өнгөрөгч 9 дүгээр сард албан тушаалаа өгсөн билээ. Тансаг зэрэглэлийн орон сууц, спорт клубийн гишүүнчлэлийн карт, өндөр үнэтэй хувцас зэргийг хээл хахуульд авсан хэмээн түүнийг прокурорууд буруутгаж байсан юм. Шүүхээс мэдээлснээр Хэлалд хээл хахууль өгсөн бизнесмен болон хээл хахуульд зуучилсан этгээдүүд буруутайгаа хүлээсэн учир хорих ял оногдуулаагүй байна. 

Энэхүү авлигын хэрэг нь Ерөнхий сайд асан Ибрахим Мэхлэбийн Засгийн газрыг огцруулах асуудлыг улам бүр хурдасгасан бөгөөд ноён Мэхлэбийн залгамжлагчаар Исмайл Шариф өнгөрөгч оны 9 дүгээр сард томилогдсон билээ. "Транспэрэнси интернэшнл" байгууллагын 2015 оны авлигын төсөөллийн индексийн дүнгээр Египет нь 168 улсаас 88 дугаар байрт эрэмбэлэгдсэн байдаг. 

Авлига, ядуурлын эсрэг тэмцэхээ амлан Мадагаскарын ерөнхий сайд томилогдлоо

Мадагаскар. Авлига, ядуурлын эсрэг тэмцэхээ амлан тус улсын шинэ Ерөнхий сайд Солонандрасана Оливэр Махафалн лхагва гарагт өмнөх ерөнхий сайд Жан Равэлонаривогоос албан тушаалыг нь залгамжлан авлаа.

Равэлонаривог албан тушаалаасаа огцорч байгааг мэдэгдсэнээс 2 өдрийн дараа тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дотоод хэргийн сайд асан Махафалнг ерөнхий сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн билээ. Мадагаскарын нийслэл Антананариво хотод Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авах ёслолын арга хэмжээний үеэр "Бидний тэргүүлэх чиглэл бол ядуурал авлигын эсрэг тэмцэх... манай байгалийн нөөцийг дээрэмдэх үйл ажиллагаатай би тэмцэх болно" хэмээн Махафалн хэлсэн юм. Мадагаскар улс хандивлагч, гадны хөрөнгө оруулагчдыг сандарган 2009 онд төрийн эргэлт хийсний дараагаар улсаа эмхлэн байгуулах ажлыг хийж байгаа бөгөөд 2013 онд болсон сонгуулийн дараа хандивлагчдад таатай орчин бүрдэнэ хэмээн хүлээж байсан ч улс төрийн хямрал болж хувирсан билээ. 

Эх сурвалжАвлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба

Санал болгох

Сэтгэгдэл

top