|

Төр нь иргэнээ, иргэн нь төрөө дээдэлдэг харилцаа эргэн сэргэлээ

saikhnaa 2016/05/02 694 0

Төр нь иргэнээ, иргэн нь төрөө дээдэлдэг харилцаа эргэн сэргэлээ

 

Саяхан даа "нэг хүний ажлыг арван хүн нийлж хийж байвал тэр төрийн алба” гэх хошигнол олны дунд яригдаж байлаа. Нээрээ ч энэ хошигнол гарах үед төрийн албаны нэр хүнд олон нийтийн дунд тийм ч сайнгүй болчихсон байв. Учир нь төрийн албаны ажил удаан, иргэдийн сана хүсэлтийг сонсох суваг нь цөөн байснаас гадна энэ албанд ажиллагсдын үйл ажиллагаанд тогтсон стандарт гэх ойлголт үгүй байсан нь үнэн. Одоо дээрх хошигнолыг хаа нэгтээ хэлбэл худал үг унагасан болж харагдахаар болж. Учир нь олон нийтийн дунд төрийн албаны нэр хүнд илт сэргээд буй цаг үе бол одоо юм. Мэдээж нэг өдрийн дотор хүн бүрийн санаа бодлыг өөрчилчихсөн хэрэг биш л дээ.

Үүнийг хийхийн тулд манай аймагт зохион байгуулалтын маш олон өөрчлөлт хийгдлээ. Хийсэн бүх зүйл нь "Иргэдийг сонсох-шийдвэрлэх-ойртох-бодлого,үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгах-төрийн үйлчилгээний стандарт мөрдөх” гэсэн маш энгийн, ойлгомжтой нэн шинэ тогтолцоог бий болгосон нь ололт байлаа. Учир нь төр өөрөө залгамж чанартай. Энэ тогтолцоо нь хойшид төрийн ажил саадгүй, үр дүнтэй байх суурь нь байгаад олон ч хүн олзуурхаж байна.

"Иргэдийг сонсох-шийдвэрлэх”

Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд хэлэхдээ "Бид төрийн албаны ажил, үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгоход юу хийх ёстой талаараа хамгийн түрүүнд иргэдээсээ асуусан” гэлээ. Энэ бол 2012 онд Монгол Улсын Засгийн газраас иргэдийн санал, хүсэлтийг сонсох "1111” төв ажиллуулснаас эхлэлтэй. Манай аймагт мөн адил тухайн оноос иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "70353511” төв ажиллаж эхэлсэн. Энэ нь "24/7” буюу 24 цагийн турш иргэдийн саналыг сонсож 2012-2016 онд нийтдээ 13341 хүн ханджээ. Үүний 51-ээс бусад асуудлыг нь бүрэн шийдвэрлэсэн дүн гарсан байна. Мөн 770 иргэн төрийн алба хаагчдад талархлаа илэрхийлжээ. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрийн байгууллагуудад нийтдээ 90 мянга гаруй өргөдөл, гомдол ирсэн. Үүний шийдвэрлэлт 98 хувьд хүрсэн байна. Ингэж үзвэл дээр дурдсан хугацаанд төрийн байгууллага давхардсан тоогоор 100 мянган иргэнээ сонсож, саналыг нь бодлого үйл ажиллагаандаа тусгасан гэж үзэж болох юм.


Иргэдэд хүрч үйлчлэх

Төрөөс өөрийн үйл ажиллагаа сайжруулах дараагийн алхам нь иргэдэд хүрч үйлчлэх буюу "ойртох” байв. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын эцэст байрлах 4 дөрвөн давхар барилгыг худалдан авсан. Тус байрны нэг давхарт "Нэг цэгийн үйлчилгээ”, БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн салбар, хоёр давхарт Үйлс бадрах өрхийн эрүүл мэндийн төв, гурав, дөрвөн давхарт Рашаант, Наран, Цагаанчулуут, Уртын гол багийн тамгийн газар байрлаж байна. Нэг цэгийн үйлчилгээнд Нийгмийн даатгал, нийгмийн халамж, Татвар, иргэний бүртгэл, газрын харилцаа, кадастарын зураг, хөдөлмөр зуучлалын төв гээд иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг төрийн байгууллагуудыг байршуулсан . Түүнчлэн хотын хэмжээнд ТҮЦ машин гурав ажиллаж тодорхой тооны баримт бичгийг богино хугацаанд авах боломж нээгдсэн. Мөн Баян-Өндөр сумын найман баг ажлын шинэ байртай болсноос гадна энэ онд Яргуйт багийн багийн байр ашиглалтад орох юм.


Бодлого,үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгах

Өнөөдөр миний төлсөн татварын мөнгө ямар ажилд зарцуулагдаж байгааг мэдэхэд төвөггүй болжээ. Бас төрийн байгууллагууд юу хийж байгаа, тэр нь хэзээ дуусаж үр ашгаа өгөх нь ч маш тодорхой болж. Энэ нь АЗДТГ-аас Erdenet.mn цахим хуудсыг ажиллуулж төрийн бүх байгууллагын мэдээллийг нэг дор төвлөрүүлсний үр дүн юм. Уг сайтаар бид төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж, төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагаа буюу бүх тендерийн мэдээллийг хардаг боллоо. Төсвөөс тэрбумтан төрдөг, хувааж иддэг гэх хардлага нь энэ зохицуулалтаар үгүй болоод байна.

Мөн төсвөөс хийж буй хөрөнгө оруулалтыг аль салбарт хийх нь бидний хүслээс шууд хамаарч байна. Амьдрах орчиндоо тоглоомын талбай байгуулах, дээврээ засуулах, орцондоо хаалга хийлгэх гээд хэрэв саналаа хэлбэл тэр нь ажил болдог боллоо.


Төрийн үйлчилгээний стандарттай боллоо

Стандарт бол аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээний илэрхийлэл. Төрийн үйлчилгээнд стандарт мөрдөх нь дэвшлийн нэг хэлбэр. Тэгвэл манай аймгийн ЗДТГ Монгол Улсад анх удаа өөрийн үйл ажиллагаанд стандарт мөрдөж эхлээд байна. Үүгээр төрийн албан хаагчийн харилцаа хандлага, асуудлыг шийдвэрлэх хурд гээд бүхий л талын үйл ажиллагааг нь тодорхой болгож өгсөн. Мөн "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Дээр дурдсан үйл ажиллагааны үр дүн нь олон байгууллагаас өндөр үнэлгээ аваад байна. Тухайлбал, "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс жил бүр гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын индексийн үзүүлэлтээр 2012 оноос хойш Орхон аймаг тэргүүллээ. Уг индексийг 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтээр гаргадаг. Мөн "Сайн засаглал, сайн санаачилга-2014” шагналыг хүртсэн юм. Мөн 2015 оны ажлаараа бусад 21 аймгийг тэргүүлж МУ-ын Засгийн газрын шагналыг хүртээд байна. Энэ шагналыг хүртэхдээ 4 бүлэг 11 багц асуудлын хүрээнд хамгийн өндөр оноог манай аймаг авсан юм. Одоо Эрдэнэт хотод төр нь иргэнээ, иргэн нь төрөө дээдэлдэг харилцаа бий болж. Энэ л хамгийн бодит үр дүн нь юм даа.


Тайлбар: Энэхүү график нь аймгуудын ерөнхий үнэлгээ, эрэмбийг харуулж байна.Эрэмбэ гэдэг нь 1-21 хүртэл аймгуудыг өрсөлдөх чадвар хамгийн ихтэйгээс бага хүртэл жагсаан бичсэн байдаг юм. Нэгдүгээрт эрэмблэгдэж буй аймаг өрсөлдөх чадвар хамгийн сайн гэсэн үг.Өрсөлдөх чадварын оноо нь тухайн аймаг өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр нийт 100 оноо авах боломжтойгоос хэдийг авсанг илэрхийлэх юм. Ингэхдээ өрсөлдөх чадвар харьцангуй хамгийн сайн аймгийг 100 оноотой хэмжиж үзээд бусад аймгуудыг харьцуулсан.
 
Эх сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top