|

Чөлөөт бүсийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

tonshuul 2015/02/06 526 0

Чөлөөт бүсийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

 

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс хойшхи хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой 51 зарчмын зөрүүтэй санал байгааг УИХ-ын дарга З.Энхболд үдээс өмнөх хуралдааны үеэр хэлж байсан. Иймд үдээс хойшхи хуралдаанаар дээрх зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, чөлөөт бүсэд гадны иргэдийг ажиллуулахдаа хатуу квот барихгүй. Чөлөөт бүсийн захиргаа өөрөө зохицуулалт хийх эрх мэдэлтэй байхаар тусгаж оруулж ирсэн заалт дээр гишүүд тогтож ярилцлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэхүү заалт нь хуулийн цоорхойг бий болгох вий хэмээн болгоомжилж байгаагаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан зөвхөн барилгын ажлын явцад гадаад ажилчдыг оруулж ирж ажиллуулах асуудлыг бүсийн захирагч өөрөө мэдэж зохицуулдаг байх, харин үйлдвэр байгуулаад ажиллаад эхэлсэн үеэс монгол ажилчдын эзлэх хувь хэмжээ 70-80 хувь байх нь зохистой гэсэн санал дэвшүүлсэн юм.

Ц.Баярсайхан гишүүний  хэлсэн санал дэмжлэг авсан тул тус саналыг хуулинд тусгахаар болов. Мөн чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах тухай зүйл заалт нэлээд маргаан дагуулсан. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ чөлөөт бүсэд бүх орны иргэд бизнесээ чөлөөтэй явуулна гэж ойлгож байгаа. Орчуулгын алдаанаас хамаарч эдийн засгийн орчин улстөржих вий. Иймд цэвэр эдийн засгийн орчин бүрдүүлэхийн тулд газар эзэмшихтэй холбоотой асуудал дээр орчуулгын алдаа мадаггүй боловсруулалт хийх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэлж байв.

Ингээд зарчмын  зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, дагалдан хэлэлцэж буй бусад хуулийн асуудлыг энэ үеэр хамтад шийдвэрлэлээ. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн бөгөөд чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын З.Энхболд цаг сунгаж хуралдах санал гаргасан ч гишүүд дэмжсэнгүй. Өнөөдрийн хуралдаанаар нийт 14 хуулийн төслийг хэлэлцэх товтой байсан ч дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Чуулганы маргаашийн хуралдаан тав дахь асуудлаасаа буюу Монгол хэлний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эхэлнэ.

Б.Туул montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top