Зуны тэргүүн сарын шинийн 1-ний билэгт сайн өдөр Эрдэнэт хотод "Эрдэнэт Медипас” нэртэй шинэ эмнэлэг үүдээ нээж, өрхөө татсан сайхан үйл явдал боллоо.
"Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр” ХХК Япон улсын Элчин сайдын яамтай хамтран дээрх эмнэлгийг ашиглалтад оруулж, ийнхүү улсад хүлээлгэн өглөө. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн туршилтын журмаар үйл ажиллагаагаа эхэлсэн хэдий ч өнөөдөр ийнхүү албан ёсоор хүлээлгэн өгч байгаа юм байна.
"Эрдэнэт” үйлдвэрээс хэрэгжүүлж буй төслийн эхний шат бөгөөд "Ард түмэндээ барьж буй анхны бэлэг" нь энэ ажээ. Нээлтийн ажиллагааны өмнө Орхон аймгийн Нутгийн удирдлагын төвийн үүдэнд Монгол, Японы тугийг мандуулах ёслол болсон. Уг арга хэмжээнд Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Япон улсаас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд Таканори Шимизү болон албаны бусад хүн байлцав. Харин "Медипас” эмнэлгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ын гишүүн М.Батчимэг, "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн нарын уригдан ирж, Тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Энхчулуун, зөвлөх эмч С.Дандар нарын албаны хүмүүс байв.
Тус оношилгоо эмчилгээний төв нь одоогоор 30 ортой бөгөөд 2019 онд гэхэд 200 ортой болон өргөжиж, Монголын томоохон эмчилгээ, оношилгооны төв болно гэдгийг нээлтийн үеэр холбогдох албаныхан болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд онцлон хэлсэн юм.
2016 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн тус эмнэлэг өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд Япон технологи, эмнэлгийн стандартыг нэвтрүүлснээрээ ихээхэн онцлогтой аж. Мөн Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог түргэн хугацаанд нарийвлан хийх цахим буюу "IT" дижитал системийг бүрэн нэвтрүүлсэн юм байна. Түүнчлэн "Эрдэнэт Медипас” эмнэлэг нь дурангийн болон дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлжээ.
Тиймээс Монголчууд манайхан өвчнөө оношлуулж, эмчилгээ хийлгэхээр гадны улс орныг зорьж, мөнгөө гадаад руу урсгаад байдаг бол Монголдоо тэр дундаа Эрдэнэт хотыг зорьж очоод бүх төрлийн шинжилгээ оношлогоог хийлгэж авах бүрэн боломжтой болсон шүү.
Энэхүү эмнэлгийг 2012 оноос барьж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалттай холбоотойгоор жил гаруйн хугацаанд барилгын ажил саатсан ч ийнхүү ашиглалтад хүлээлгэн өглөө. Оношилгоо, эмчилгээний төвийг Японы дизайнаар барьсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулжээ. Эмнэлгийн гол онцлог нь "Медипас” эмнэлэгт үзүүлсэн иргэдийн шинжилгээний дүнг давхар Японы мэргэжлийн эмч нар хянах юм байна. Өөрөөр хэлбэл, япон эмч нар монголчуудад орон зайн эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 120-аад хүн ажиллаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд 170 гаруй хүнийг ажиллуулах боломжтой аж. Цаашид иж бүрэн лабораторийг ашиглалтад оруулах төлөвлөгөө байгаа юм байна.
Гурван жилийн дотор Японы тал эмнэлгийг өргөтгөж, дээр дурдсанчлан 200 хүний ортой болгон өргөжүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт” үйлдвэрийнхэн Японы талтай дөрвөн асуудлаар тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, Японы эрүүл мэндийн менежментийг Монголд нэвтрүүлэх, 200 ортой эмнэлэг байгуулах. Үүнд Японы шууд хөрөнгө оруулалт татах юм байна. Гуравдугарт, "Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад 30 хувийн хөнгөлөлттэйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, дөрөвдүгээрт, "Эрдэнэт” үйлдвэрээс оруулсан хөрөнгө оруулалтыг Японы тал эргүүлэн төлөх гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ хийжээ. Эмнэлгийн бас нэг онцлог нь орчин үеийн программ хангамж юм байна. Тухайлбал, бүрэн автомажсан буюу бүх үйлчилгээ цахимжсан аж. Өвчтөнд найдвартай, хурдан шуурхай, нарийн мэргэжлийн эмч нарын мэдлэгийг зөв зүйтэй ашиглах зарчмыг барьж эмнэлгийн бүх үйлчилгээг цахим хэлбэрээр шийджээ. Тус эмнэлгийн дарга Я.Энхчулуун Дүрс оношилгоо, дуран, лабораторийн тасгаа тодотгосон. Эдгээр тасагт хамгийн сүүлийн үеийн аппаратыг суурилуулсан бөгөөд ойрын үед хөхний рентген аппарат суурилуулахаар байгаа гэнэ. Цаашлаад зүрхний титэм судасны оношилгоо эмчилгээ хийхээр төлөвлөж байгаа юм байна. "Медипас” эмнэлэг өдөрт 40-60, жилдээ 10 мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Уушгины багтаамжийн шинжилгээ, зүрхний эхо, артерийн судасны хатуурал зэрэг багц шинжилгээг хийх юм байна. Тус эмнэлгийг лобарториар өдөртөө 400-500 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд өдөрт хүлээлт үүсгэлгүйлгээр 40-60 хүнд үзлэг оношлогоо хийж байна.
Дашрамд дурдахад, тус эмнэлгийг "Эрдэнэт үйлдвэр” компани 100 хувь өөрийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 69 тэрбум 35 сая ам.долларын хөрөнгөөр баригджээ. Барилгын ажлыг "Химон” констракшн барьж бөгөөд өгсөн бөгөөд барилгын чанар насжилтын хувьд найдвартай баталгаа өгсөн гэдгийг эмнэлгийнхэн онцолсон юм.
Давуу тал:
-Япон улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн оношилгооны дэвшилтэд тоног төхөөрөмжүүд
-Япон улсын эмнэлгийн стандартын дагуу баригдсан эмнэлгийн барилга
-Оношилгоо эмчилгээний үйл ажиллагаад хүчил төрөгч, вакум агаараар цаг алдалгүйгээр тасралтгүй хангах нэгдсэн хийн системтэй
-Агаараар халдвар тархах эрсдлийг бууруулах агааржуулалтын систем
-Оношилгоо, эмчилгээг шуурхай, алдаагүй, баталгаатай, үр дүнтэй гүйцэтгэх эмнэлгийн цахим бүртгэлийн цогц системтэй.
Ингээд тус эмнэлгийн эмч нараас сонирхсон асуултандаа хариулт авлаа.
"Медипас” эмнэлгийн зөвлөх эмч С.Дандар
"Манай эмнэлэгт оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эзэмсэн эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаагаас 16 нь мэргэжлийн зэрэгтэй, 17 нь эрдмийн зэрэг цолтой эмч нар бий. Үйлчилгээний тухайд гэвэл цахилгаан соронзон томографикийн оношилгоо гээд нарийн мэргэжлийн оношилгоог байгаа. Энэ нь орон нутагт цор ганц бий. Үүгээр бүх төрлийн эдийн хорт хавдрыг эрт бүрэн оношлох боломжтой юмаа. Эмч мэргэжилтнүүдээ сонгон шалгаруулж авсан. Улаанбаатар хотын хувийн болоод улсын эмнэлгүүдэд ажиллаж байсан чадалтай мэргэшсэн эмч нар олон бий. Бас Японы мэргэжлийн эмч нар тодорхой хугацаагаар ирж ажиллаж, Монгол эмч нарыг дагалдуулан ажиллуулахаар гэрээтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар хагалгаанд орох иргэдийг хэвтэн эмчлүүлэх 30 ортой тасаг ажиллаж байна. Өдөрт амбулториороо 200 орчим хүн үйлчилгээ авах боломжтой. Хүчин чадлын хувьд сайн” гэв.
Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийг хамгаалах албаны дарга Т.Мягмарсүрэн
"Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт хотын иргэд болон үйлдвэрийн ажилчид гээд нийтдээ 1300 гаруй хүн үзүүлсэн байна. Үзүүлсэн иргэдийн хувьд уушгины архаг үрэвсэл, хэт таргалалт, нурууны суулт, ходоод улаан хоолойн зэрэг өвчин зонхилжээ. Одоо манайх гэрээт 8000 гаруй ажилтанд үзлэг хийнэ. Үзлэгийнхээ 10 гаруй хувийг хийсэн байна. Жирийн иргэдэд биш эрх мэдэлтэй хүмүүст үйлчлэх эмнэлэг үүдээ хаалгаа нээсэн мэтээр буруу ойлголт яваад байна. Энэ бол буруу ойлголт шүү. Бусад эмнэлгүүд тэр дундаа Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн томоохон эмнэлгүүдтэй үнийн дүнг харьцуулахад бараг 2-3 дахин хямдхан үнэтэй байгаа шүү. Урьдчилан сэргийлэх үзлэг гэхэд 300 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Тиймээс энгийн иргэдэдээ нээлттэй үйлчилнэ ээ”.
"Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх С.Сувдаа
"Манай үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Баялагийн бүтээгчдийн хөрөнгөөр боссон учраас хамгийн түрүүнд энэ эмнэлгийн үр шимийг манай үйлдвэрийн ажилчид хүртэж байгаа. Үйлдвэр 6000 гаруй ажилтантай. 38 жилийн түүхэнд хөдөлмөр хамгаалалын байдлаасаа болоод 400 гаруй мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан. Энэ хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа. 2000 гаруй ахмад гээд нийт 8000 гаруй хүн үзлэгт хамрагдаж үйлчилгээг хүртэж байна. Өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнийг оношлуулж хавдартай мэр сэр хүн байсныг эрт оношилж илрүүлсэн. Харин одоо ажиллаж байгаа 1000 гаруй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. Дурангийн хагалгаанд орсон хүмүүс ч бий. Хагалгаа амжилттай болсон. Энэ эмнэлгийн үйлчилгээ эмчилгээний талаар сэтгэл хангалуун байгаа. Ийм сайхан эмнэлэг оношлогооны төвтэй болсонд манай үйлдвэрийн ажилчид ам сайтай байгаа шүү” гэлээ.
О.Сайхан