|

Д.Бямбасүрэн: Авлигын сүлжээнд орсон хүмүүсийн нэр оффшорт холбогддог

saikhnaa 2016/05/11 947 10

Д.Бямбасүрэн: Авлигын сүлжээнд орсон хүмүүсийн нэр оффшорт холбогддог

 

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгээс оффшор бүсийн талаар тодрууллаа.

-Оффшор дансны талаар хэдхэн жилийн өмнө бид мэдэх зүйлээр маруухан байлаа. Сүүлийн үед харин оффшор данстай улстөрч, бизнесийн томчууд олширохын хэрээр энэ талаар буруу, зөв төсөөлөлтэй болж байх шиг?

-Ер нь офшор бүс, офшор банк гээд ярьдаг л даа. Энэ бол олон улсын практикт нэвтрээд 20,30-аад жил болсон зүйл. Татварын чөлөөт бүс гэсэн утгатай юм шүү дээ.

Оффшор банк гэдгийг хялбаршуулж ойлговол татвараас зугтах, татвар төлөхгүй байх тухай л зүйл.

Оффшорын асуудал олон улсын хэмжээнд сүүлийн үед маш их шуугиан дэгдээж байна. Жишээ нь, саяхан Панамын оффшор бүсийн асуудлыг дэлгэж тавиад, Оросын баячууд, Төрийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлууд сөхөгдлөө. Ер нь хараад байхад оффшор бүсийг олон улсын санхүүгийн нөөцийг өөртөө татах, төвлөрүүлэх ийм зориулалтайгаар улс гүрнүүд байгуулдаг. Одоо жишээ нь Панамд байна.

АНУ-д гэхэд хэд хэдэн офшор бүс байна. Кипр гэх мэт бүсүүдийг бид мэднэ. Ер нь оффшор бүс рүү хэн явдаг вэ гэхээр олон улсын хэмжээнд гүйлгээ хийж байгаа том компаниуд үүнийг их сонирхдог. Яагаад гэвэл энэ нь хялбар, нөөц эхтэй. Тэр бүс нь санхүүгийн нөөцтэй байна гэдэг хөрөнгө мөнгө босгох бололцоо олгодог.

Нөгөө талаас татвараас зугтаж буй хүмүүс сонирхдог. Манайхаар бол С.Баярцогт гээд анхны офшор данстай хүн гарч ирснийг бүгд санаж байгаа байх. Тэгэхээр үүн дээр Төрийн талаас хяналт тавих шаардлагатай юм аа. Яагаад гэхээр Төрийн эрх мэдэл бүхий хүмүүс гадныхантай нийлж улс эх орныхоо эрх ашгийг хохироож оффшор бүсийнхэнтэй холбоотой байх, тэнд мөнгөө зөөж байршуулах нь сэжиг төрүүлэхүйц зүйл. Учир нь авлигын сүлжээнд орсон хүмүүсийн маш их нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, оффшор нь тэдний орох орон нь болдог.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид энэ талаар эрэн сурвалжилж, мэдээлж байгаа нь маш түүхэн чухал зүйл боллоо. Жишээ нь, Орост Төрийн өндөр албан тушаалтнуудыг офшорт данстай байхыг хориглосон хууль гаргалаа. Ингэж хязгаарлаж болно.

-Оффшорыг зөв зүйтэй гэж хэлэх хүмүүс бас цөөнгүй байна?

-Манайхны ойлголтоор хүн өөрийн мөнгөө хаана хураана уу тэр хүний дур гэдэг. Гэтэл энэ чинь том эрх ашгийн талаасаа Монгол Улсын иргэн хүн, Монгол Улсынхаа санхүүгийн нөөцийг гадагш нь зөөж гаргаж байгаа асуудал юм л даа. Солонгос, Хонконгийн санхүүгийн талаар судалж байхад гадагш нь мөнгө зөөхөд хяналт маш чанга байдаг. Солонгосоос нэг сая ам.доллараас илүүг гаргана гэвэл Засгийн газраас зөвшөөрөл авдаг. Хонконгд бол их хэмжээний мөнгө данснаас явуулахад тэр орой нь хаалга тогшдог. Тэгээд ер нь офшор данстай Төрийн албан тушаалтан гэдэг үндсэндээ бусармаг, булингартай явдалтай улсууд байдаг гэсэн ойлголт түгээмэл. Тэр нь ч үнэн юм. 

-Одоо ил болсон 40 гаруй хүнийг тэгвэл шалгах хэрэгтэй гэсэн үг үү?

-Зайлшгүй шалгах шаардлагатай. Жишээ нь, Оюутолгойн цэвэр орлогын 76 хувь нь "Монголын талд үлдэнэ, би Ерөнхий сайдын хувьд толгойгоороо хариуцна" гээд Их хурал дээр С.Баяр амлаж байв. Тэгээд дараа нь Сү.Батболд Ерөнхий сайд болохдоо, "59 хувь нь Монголд үлдэнэ" гэж амлаж байсан. Гэтэл одоо Оюутолгой Монголын талд өгч байгаа татвар, нөөцийн төлбөрийг харахад орлогын 10 хүрэхтэй үгүйтэй хувь нь л манайд орж ирж байгаа.

Оюутолгойн гэрээ бол энэ утгаараа их асуудалтай гэрээ болсон. Би энэ гэрээний талаар УИХ-ын их олон гишүүнтэй уулзсан. Үзээгүй, хараагүй гэж байгаа юм. Их хурлынхан тийм чухал гэрээг үзэхгүйгээр батлах ганцхан зам бий. Тэр нь авлига. Тийм болохоор Сү.Батболдын асуудлыг ч, бусдынх нь асуудлыг ч шалгах ёстой.

-Нийтэд ил болсон нэрс дунд зарим бизнес эрхлэгчид бий. Энэ талаар?

Бизнесийнхэн тэнд байх нь байж болох зүйл гэж ойлгоход бас эрт байна. Би нэг сонин зүйл ярьж өгье. 1998 оны наймдугаар сард нефтийн үнэ баррель нь 11 ам.доллар хүртэл унасан. Манай төсөвт ашигтай зүйл болж байна гэж би тухайн үед бодож байлаа. Сүүлд нь харин Төсвийг аваад үзтэл нефтийн үнэ тэгтлээ хямдарчихаад байхад төсөвт нэмэгдэж орсон орлого нь ердөө 2.4 тэрбум төгрөг байсан. Энэ бол нефть импортлогчид давхар данс хөтөлсөн л гэсэн үг. Тэгж тэд гадагш нь мөнгөө байршуулсан байна. Тийм учраас энэ мэт зүйлийг ч бас шалгах ёстой.

Р.Улам

Санал болгох

Сэтгэгдэл

top