|

Бөөнөөр хорих хуаран Освенцимын аймшиг

bayaraa 2015/02/10 1585 0

Бөөнөөр хорих хуаран Освенцимын аймшиг

 

 Дэлхийн II дайны үед хоригдлуудыг бөөнөөр хорьдог байсан Аушвиц-Биркенау хуарангуудын байранд нээгдсэн

"Освенцим-Бжезинка” нэртэй музейд нэр нь үл мэдэгдэх хоригдлын зурсан зургуудыг үзэгчдэд анх толилуулсан байна. Тэдгээр зургуудыг 1943 оноос өмнө бүтээсэн байх магадлалтай бөгөөд зургуудыг нэгэн хуарангийн шалны даруулга модны дор лонхонд хийж нуусан байлаа. Фашист дэглэмийн үйлдсэн гэмт хэргүүдийг илчилж буй энэ гар зургууд 22 цааснаас бүрдэх аж. Тэдгээрийг аль 1947 онд уг музейд сахиулаар ажиллаж байсан нэгэн хүн олж илрүүлжээ. Гэвч өнөөг хүртэл эдгээр зургуудыг олонд толилуулж байгаагүй юм. Нэрээ нууцлан зөвхөн овог, нэрийнхээ эхний үсгийг "М.М” гэж тавьсан уг зураач эр мэргэжлийн зураач байсан бололтой. Учир нь, зургуудыг өндөр хэмжээнд бүтээсэн байжээ.

Нэгэн зураг дээр жаал хүүг гэр бүлээс нь салгаж буй аймшигт дүр зураг буусан байв. Дарвайтлаа уйлах хүү гараа аав руугаа сунгах авч Германы нэг офицер түүнийг тас тэвэрсэн байлаа. Өөр нэг зураг дээр хүмүүсийг үй олноор нь шатаах зуухны дэргэд шоронгийн хянагч тайван гэгч суугаад тамхи татах аж. Түүний цаахна ачааны тэргэн дээр нас барсан хүмүүсийн цогцсыг ачиж харагдана. Бас нэг зураг дээр зураач галт тэрэгний цувааг дүрсэлсэн бөгөөд түүгээр олон зуун жүүд гэр бүлийг хаашаа ч юм илгээж байгаа дүр зураг үлджээ. Гар зургуудыг зураач эр найдвартай газар нуусан байна. Хэрэв зургууд илэрсэн бол тэрбээр тэр даруй цаазлагдах байсан нь тодорхой. Хэзээ нэгэн цагт түүний бүтээлийг хүмүүс олж 4 сая орчим хүний эцсийн зогсоол болсон Освенцим гэгч аймшигт шоронгийн бодит байдал дэлгэгдэнэ гэж зураач найдсан бололтой. Зургууд дээр огноо байхгүй бөгөөд хуарангийн гол хаалганы өргөтгөл 1943 оны сүүлээр хийгдсэн гэхээр зураг түүнээс өмнө бүтээгдсэн байх талтай юм. Учир нь, зургууд дээр энэ хаалга дүрслэгдээгүй байна. Нийтдээ энэ бөөнөөр хорих лагерийн архивт нацизмын аймшигт яргаллыг гэрчлэх 6 мянга орчим бүтээл хадгалагдаж байдаг аж.

Санал болгох

Сэтгэгдэл

top