|

Б.Лхагвасүрэн: Монголчууд минь ээ, энэ чинь дайн биш, сонгууль!

marsbold 2016/06/24 633 0
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн "Гэнэн хонгор” сонгогчиддоо илгээх нь гэж байгаад захидал бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь нийтлэв.

 

Үүрэг биш хариуцлага болсон, итгэл биш болгоомжлол болсон сонгуулийн босгон дээр зогсож байгаа ард түмэндээ хандаж байна... Бодсон санаснаа хэлэхгүй байж тэсээгүйг минь нигүүлсэнэ болов уу. Өнөөдөр бид аль намыг, хэнийг сонгох вэ? гэж уймарч суухын оронд өнгөрсөн жилүүдэд юу юу боллоо гэж сэрж санах цаг болжээ. Түмэн минь сэрэгтүн! Тэндээс энэ сонгуульд хэрхэн оролцох "олон үл мэдэгдэгчтэй тэгшитгэл”-ийн чинь хариу олдож мэднэ... Бид амлалт тэвэрсэн, намтар цацсан, туг намируулсан, хөглөрсөн сүр дуулиан дунд "дүйрч” гүйцлээ... Монголчууд минь энэ чинь "дайн” биш биз дээ! Ялна, ялагдвал гээд л байх юм. Монгол хүн монгол хүнтэйгээ дайтна гэж байхгүй! Намууд нь, дэвшигчид нь бие биенээ доромжлоод, гүтгээд, нулимаад, талцаад, муу муухайгаа ухацгаагаад, бид яахан, алинд нь хүндэтгэл үзүүлэх болж байна. Энэ чинь сонгууль! Бидний дээр хөх тэнгэр, Монголын төр байгаа. Бидний урд Монголын маргааш байгаа... Эд нар байгаагүй, хэзээ ч байгаагүй шинэ төрийг буй болгох гээд байгаа юм уу? Сонгогч биднийг хэн гэж бодоод, итгэж болохгүй, гэнэн байж болохгүй худлаа юм яриад гүйгээд байгаа юм бэ? Ард түмэн ийм жижигхэн, хямдхан гэж үү? Сонгогдогчид нэр дэвшигчид гэдэг, нам ч тэр, хүн ч тэр, Ард түмнээсээ, итгэл эрх хоёр "гуйж” яваа хүмүүс... Өөрөөр хэлбэл, Агуу их юмнаасаа хайр хүндэтгэл, зөвшөөрөл эрж яваа Монголын мах цус, оюуны бүтээгдэхүүнүүд... Сонгуулийн өмнө ядахдаа нам нь том уу, ард түмэн нь том уу? гэдгээ мэдье л дээ! Аль ч намын харъяалалтай бай! Хичнээн хоорондоо тэмцэлдлээ ч, бие биенээ үгүйсгэж, хэн хэнээсээ илүүгээ гайхууллаа ч аль нь, хэн нь илүүг ард түмэн "шийднэ”... Төв түвшин, суртахуунтай хууль ёс, төрт ёсондоо багтаж өрсөлдөлд өө! ...Сонгогчид бид чинь амар амгалан, бодох сэтгэх, шилэх сонгох эрхээ эдэлье! гэж сонгогчид та нар минь хэлмээр байгаа даа! Намууд, нэр дэвшигчид аль нь ч "шатар” нүүж байгаа юм шиг, тийм тогтуун, амгалан, бодлоготой, уран, алсын хараатай өрсөлдмөөр санагдах юм... Өнөөдөр бид эдийн засаг хямарсан, өрөнд орсон, ядуурал, ажилгүйдэл гээд гаслацгааж байна. Монгол байх байхгүйгээ шийднэ... ч гэх шиг амны билиггүй ёрлоцгоох боллоо... Энэ бүхнийг эргэцүүлэн эргэж бодохноо, бид чинь дөрвөн жилийн өмнө сонголтоо буруу хийснийхээ "гашуун” горыг амсаж байгаа юм байна шүү дээ! Сонгогчид бид дөрөв хоног хооллож хүрэхтэй үгүйтэй мөнгө аваад, дөрвөн жил улсаа "идэх” хүмүүсийг сонгочихсон тохиолдолууд байсан байх аа! Энэ үед сонгогчид та нарыгаа Сонгуулийн хуулиасаа илүү боловсронгуй, хэрсүү, хянуур, мэдрэмж өндөр болсон гэж итгэж байна. Монголчуудыг "...торгоны сайныг имэрч мэддэг, хүний сайныг ханилж мэддэг...” түмэн гэж хэлцдэг дээ! Санал өгөх цаг дороо... өнгөрсөн он жилүүдэд юу юу боллоо... яалаа гэдгийг дахин дахин сана! Сонгогчид минь... Амлалт бол "хөөс”... "...өвдөхөд чинь эм авч өгнө”, "...өвдгөө шалбалахад чинь боож өгнө” гэх шахуу амлана. Оюун ухааны эзгүйрэл, уламжлалгүй шинэчлэл, ухаангүй тэнэглэлийн хөлд бид үрэгдэж ханалаа... Чадахгүй байгаа төлөөллөө эргүүлэн татах эрхгүй, хийхгүй байгаа амлалтуудыг нэхэх эрхгүй хичнээн сонгуульд оролцов. Ард түмэн, сонгогч бидэнд сонгох, сонгохгүй байх "дархан эрх” байна... Энэ эрхээ залилуулж, эсвэл хууртаж алдах эрх бидэнд байхгүй...! Энэ хүмүүс чинь төрийн эрх мэдэлд, өндөр суудалд яасан их тэчьяадан дурладаг болов оо. Шалтгаан нь төр байтугай гэрт чамлагдахаар хүмүүс УИХ-д байгаа болохоор, би энэнээс дээр гэж бодсоноос болсон байх! Тэнд л хоргодоод авбал "гэм” хийсэн ч "зэм” хүртэхгүй өршөөлийн орон зай, хуульд хамааралгүй болох орчин гэж бодсоноос болсон байх! Хүмүн гэгч бүхнийг мэдэрч танин мэдэх мөртлөө өөрийгөө таньдаггүй юм гэнэ лээ... Дотогшоо чимээлэх гэдгийг огоорч, бусдын алдаа муу муухайд шунан дурладаг цөвүүн цагаас болсон байх! гэж мунхаглан бодох боллоо... Би хэдэн жилийн өмнө "Атга нөж” жүжгийнхээ төгсгөлд Чингис хааны гэрээс дунд ийм нэгэн дөрвөн мөр шүлгийг бичиж билээ... "Хүн, хөлөг хоёроо хайрлаж байж "төр” байдаг Илүү шунал, зусар бялдууд автаж болдоггүй... Энэрэх, цаазлах хоёр байж "төр” байдаг Их хүссэн хүнээр төрийг бариулж болдоггүй...” гэж...!!! Ингээд бодохоор: сонгуульд өрсөлдөх, нам, нэр дэвшигчдээс илүү их үүрэг атлаа хариуцлага, сонгогчид бидний өмнө зогсож байна... Ер нь бидний, ард түмний мөрийн хөтөлбөрийг эд нар хэрэгжүүлэх ёстой юм шиг байгаа юм... Мөрийн хөтөлбөртөө ард түмний санаа бодлыг тусгасан гэж их ярина... Одоо бид яах вэ? гэж ард түмнээсээ асуусан асуулга явуулсан тохиол даанч цөөхөн дөө! Ингэхээр бид чинь хэний бодсон, анзаарсан, ойлгосныг хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм?... Мөрийн хөтөлбөрийн "уралдаан”-ыг дүгнэх гээд байгаа юм уу? Ард түмэн минь сонгуулийн дуулиан, хашгираан, үнэн худлаас ямагт "Том” шүү гэдгээ ойлгоход буруу зүйл үгүй! Ард түмний толгой дээр төр, хөх тэнгэр, Монгол Улс гурав л бий... Сонгуулийн үед болоод ашдын гурван цагт ард түмэн "эрхэмсэг”, "ихэмсэг” орших учиртай. Монгол "хүн” мандтугай! Төрийн сүлд өршөө!
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн

Санал болгох

Сэтгэгдэл

top