|

Ерөнхий сайдтай уулзсан эрхэм төлөөлөгчид

saikhnaa 2016/07/15 748 0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ өдөр хүндэт зочдоо хүлээн авч угтан ажил хэргийн яриа өрнүүлж байна. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэе.


ЭНЭТХЭГ:

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари-д бараалхлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансариг манай улсад хүрэлцэн ирж, Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж, шинэ шатанд гарсныг онцолсон юм.

Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа "Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг Улсын Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари тодотгоод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Энэтхэг Улсад айлчлал хийхийг урилаа.

Энэхтэг Улсаас манай улсад олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг талууд тохиролцсон. Уг зээлийг ямар төслүүдэд зарцуулахаа ойрын хугацаанд мэдэгдэнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Талууд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн технологи, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа


СЛОВЕНИ:

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй Словени Улсын ерөнхий сайд ноён Миро Церарыг хүлээн авч уулзлаа.

Монгол, Словени Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 23 жилийн дараа манай улсад зочилж буй анхны Ерөнхий сайд болж байгаа ноён Миро Церар-т Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргээд хоёр орны цаашдын харилцаа хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Словени Улсын ерөнхий сайд ноён Миро Церар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийн оронд зочлохыг уриад аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Цаашид хоёр орны Засгийн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо.


ФРАНЦ:

Ази, Европын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатад Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйро бараалхлаа

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Франц Улсын Ницца хотод болсон халдлагад олон арван хүний амь нас эрсэдсэнд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Францын Ерөнхий сайд Жан-Марк Эйро Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн тэрээр эрчим хүч, сансар судлал зэрэг хоёр талын хамтын ажиллагааны онцлох салбаруудын талаар санал бодлоо илэрхийлж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.

Монгол, Францын харилцаанд сүүлийн жилүүдэд албан ёсны харилцан айлчлал тогтмолжсоны зэрэгцээ хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг олон шинэ салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлон тэмдэглэлээ.

Францын Ерөнхий сайд Жан-Марк Эйро АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ.


ЛЮКСЕМБУРГ:

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын ерөнхий сайд Ксавье Беттелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарт хотноо болж буй АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад Люксембургийн Их Гүнт Улсаас өндөр түвшинд оролцож буйд талархал илэрхийлж, энэ онд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаад баяр хүргэлээ.

Люксембургийн Их Гүнт Улсын ерөнхий сайд Ксавье Беттель Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргээд АСЕМ-ын уулзалтад оролцох үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай танилцана гэв. Тус улсаас алсын зайн оношилгооны чиглэлээр төсөл хэрэгжиж, энэ хүрээнд хоёр эмч ажиллаж байгааг тодотголоо.

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын банк, санхүү, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа тууштай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглээд эдгээр салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллах, хамтын ажиллагааг урт хугацаанд бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв


РУМЫН:

Ази, Европын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Румын Улсын ерөнхий сайд Дачиан Чолоштой уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улмаар хувийн хэвшил хоорондын шууд холбоог дэмжихийн чухлыг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Дачиан Чолош 2013 онд Монгол Улсад анх удаа айлчилж байсан. Монгол Улс богино хугацаанд хурдацтай хөгжиж байна гэдгийг уулзалтынхаа эхэнд онцолсон юм. Мөн тэрээр эдийн засаг, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол-Румын улсын харилцаа хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, худалдааны чиглэлээр илүү хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Түүнчлэн эдийн засгийнхаа өсөлтийг тогтвортой хангахад хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь чухал. Энэ чиглэлд ч хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэхийн тулд холбогдох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхээр ярилцлаа.


КАЗАХСТАН:

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхий сайд Карим Масимов-тай уулзлаа.  Монгол Улсыг энэхүү хариуцлагатай, нэр хүндтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Казахстан Улсын Ерөнхий сайд баяр хүргээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хоёр орон худалдаа, эдийн засгийн бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс Монгол, Казахстан хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтын төслүүдээр баяжуулж, идэвхжүүлэн өргөжүүлэхээр талууд харилцан тохиролцов. Мөн  Казахстан Улсын ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийллээ.

Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан 11 дүгээр сард зохион байгуулагдана. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаа ярилцаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Санал болгох

Сэтгэгдэл

top