|

Наадмын мэндчилгээ

saikhnaa 2016/07/29 1469 0

Наадмын мэндчилгээ

 

Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэд, наадамчин олон Та бүхэндээ Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн Их хурд уралдаан, Орхон аймгийн баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

        Монгол наадам нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, манай ард түмний их түүх, нүүдэлчдийн соёл, ёс заншлын тод илэрхийлэл бөгөөд түмэн олны өргөн их баяр цэнгэл билээ.

        Монгол хүн бүрийн билэг, ерөөл бүрдсэн, зуны сайхан энэ өдрүүдэд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам тохиож байна.

        Түүхэн их бүтээн байгуулалт, түмэн олноороо гоёсон энэ наадам ёс журамтай, өргөн дэлгэр, бүтээлч хөдөлмөр, шинэ амжилт, бахархал, дурсамжаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

        Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулахад ажил хөдөлмөр, бие сэтгэлээ зориулж ирсэн геологичид, илгээлтийн эзэд, анхдагчид, барилгачин дайчид, Зөвлөлт Холбоот Улсын болон бусад улсын мэргэжилтнүүд та бүхэндээ болон та бүхний гэр бүл үр хүүхдүүдэд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхний гавьяа зүтгэл, бүтээлч хөдөлмөрөөр Эрдэнэтчүүд бид үеийн үед бахархаж та бүхнийг хүндэтгэж байх болно.

        2016 он Монголчууд тэр дундаа Эрдэнэтчүүд та бидний хувьд олон тэгш ой, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгууль, Ази Европын дээд хэмжээний уулзалт зэрэг түүхэн үйл явдал, амжилт бүтээлээр арвин жил болж байна.

        Улсын Их Хурлын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай зохион байгуулагдахад идэвхитэй оролцож Монгол Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт Эрдэнэтчүүдийнхээ сайхан сэтгэлд мэхийн ёслоё.

        Эрдэнэтчүүд бид Эрдэнэт хотынхоо байгуулагдсан цагаас хойш хийж бүтээснээрээ, ололт амжилтаараа, бүтээл туурвилаараа бахархан баяр наадмаа тэмдэглэж, ирээдүйд хийж амжуулах ажлаа төлөвлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах болно.

        Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэд, гадаад дотоодын зочид, төлөөлөгчид, наадамчин олон та бүхэндээ Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой, Монгол наадмын мэндийг дахин хүргэж, эр бяр, хурд шандас, цэц мэргэний гайхамшгийг харуулж, баяр цэнгэлээр дүүрэн, цог хийморьтой, элбэг тэнүүн наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.

 

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН  ДАРГА    П.ПҮРЭВЛХАГВА  ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ             Д.БАТЛУТ

Санал болгох

Сэтгэгдэл

top