Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал Монголын Үндэсний Олон нийтийн Радиод өвөлжилтийн бэлтгэл байдал болон бүтээн байгуулалтын асуудлаар ярилцлага өглөө. Тус радиод өгсөн ярилцлагыг товч хүргэе.
МҮОНР: -Саяхан танай аймгийн 40 жилийн ой болсон. Ойгоо угтаж ямар ажил хийв?
-Өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд Эрдэнэт хотын 40 жилийн ой болсон. Бид ойгоо угтаж хотын өнгө үзэмжийг сайжруулж бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлсэн. Үүний тод жишээ нь 21 аймгийн бүтээн байгуулалт, онцлогийг харуулсан "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн бүхий "Хөх монгол” цогцолборыг байгуулсан. Энэ хүрээлэнгээр зочилсон иргэд Монгол Улсын 21 аймагт байдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, томоохон бүтээн байгуулалтыг харж болно.
МҮОНР: -Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Боловсролын салбарт хийгдсэн бүтээн байгуулалт болон бэлтгэл байдлын талаар товч дурдвал?
-Бид юуны өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Энэ жил Даваат багт орон нутгийн хөгжлийн сангийн 2.6 тэрбум төгрөгийн 280 хүүхдийн багтаамжтай цогцолбор байгуулна. 180 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 100 хүүхдийн багтамжтай цэцэрлэг байгуулна. Үүнээс гадна Эрдэнэ багт 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
МҮОНР: -Эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлаас дурдвал?
-Энэ жил манай аймагт "Хүүхдийн эмнэлэг” баригдаж байна. Манай БОЭТ-д Булган, Сэлэнгэ аймгийн иргэд ирж үйлчлүүлдэг. Ачаалал ихтэй байдаг. Иймд хүүхдийн эмнэлэг барих зайлшгүй шаардлага гарч байсан. Олон жил яригдсаны эцэст биелэлээ олж байна. Нийт 100 хүүхэд, хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэж байгаа. Хүүхдийн эмнэлэгт ажиллах боловсон хүчин, шаардагдах тоног төхөөрөмж түүнд зарцуулах хөрөнгийг Эрүүл мэндийн яамны төсөв, санхүүд тусгасан байгаа. Уг эмнэлэг ирэх жил ашиглалтад орно.
МҮОНР:- Намрын ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэл ажил эхэллээ. Танай аймгийн бэлтгэл байдал хэр байна?
-Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр хийгдэх бэлтгэл байдал бүрэн хангагдсан. Энэ талаар бид олон удаа хуралдаж шаардлагатай бол газар дээр нь очиж танилцаж байна. Хотын өвөлжилтийн байдлыг хангахын тулд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдалд анхаарч ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд өвс, хадлан тэжээл, ургацаа хураах техник, тоног төхөөрөмж, шатахуун, хүн, хүчнийхээ асуудлыг 100 хувь шийдсэн. Дашрамд дурдахад, манай аймгийн Эрдэнэт Дулааны цахилгаан станц, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станц өргөтгөл хийж одоо байгаагаасаа даруй 2 дахин хүчин чадлаар ажиллах технологийн шинэчлэл хийж байна.
МҮОНР: -Иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай. Дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Иймд төрийн үйлчилгээг алслагдсан багт хүргэхийн төлөө ажиллана. Юуны өмнө "Төрийн үйлчилгээний нэгдсэн супермаркет”-ийг байгуулна. Иргэд төрийн үйлчилгээг нэг дороос хүртэх боломжийг хангахын төлөө ажиллана. Үүний хүрээнд хийх, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд байна.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба