Дээрээс нар таатай төөнөж зэрэглээ татсан талаас нялх ногооны сайхан унэр ханхлана. Баатар хайрхан уул униартан цэнхэртээд эмээ маань өдийд үдийн хонио саах гээд хувин тохойвлоод хотон дундаа явж байгаа болов уу? Миний зээрд морь нялх ногоонд голийтлоо цадаж сүулээ хаяад ёстой нэг зүлэгсэн гууль шиг гялалзаж байгаа даа.
Хур тарган орсон жил үлдэж байлаа билээ.
-Байлдагч Баарай босоорой гэх дуу залуу дайчны нутаг усаа мөрөөдсөн таатай бодлоос нь салгав.
-Сая юу гэж уншаад дууссан бэ? Давтаад хэлээрэй!
-Байлдахад хөнгөн байна гэж Суворов жанжин сургасан. Байлдагчид нир хийтэл инээлдэв.
Тасгийн дарга Б.Гиваан инээмсэглэсээр уншиж байсан сониноо барьсаар хүрч ирлээ. Энэ бол "Улаан од” сонины нэг дугаар байлаа. Билгийн нүд харанхуй байсан захчин ардын хүү Баарай 1946 онд цэрэгт ирж чухам энэ сониноос үсэг нүдлэж, үг холбосоор уншиж бичиж сурчээ. Тэр шуудан ирэх бүр "миний унших бичиг ирнэ” гээд шинэ сонин авах гэж яаран гүйдгийг нөхөд нь андахгүй одоо ч гэсэн түүний энгэрийн кармаанд элэгдэж үнгэгдсэн нэг сонин байгаа түүнд байлдагчийг анх удаа винтовоор буудуулж сургах тухай цуврал хичээл хэвлэгдсэн гэдгийг ч нөхөд нь мэдэж байлаа.
Гэнэт түргэн жагсаалын бүрээ тасхийв. Цагийн дараа улсын хилийг сэргийлэн хамгаалах хүч нэмэгдүүлсэн анги баруун зүг хурдавчлан маршаар хөдлөв. Зуны богинохон шөнө өнгөрч уур хаяарч эхлэв. Байтаг богдын хүрэн уулсын орой бүдэг бадаг сүүмэлзэн хааяа эртэч болжмор шулганан жиргэнэ. Хужиртын голын эх рүү орж ирээд цуваа гэнэт зогсов. Уулын цэнгэг агаар агь гангийн сайхан ааг морины нялуун хөлс холилдон нэг эл таатай сод үнэр ханх тавина.
Тасгийн дарга Б.Гивааныг Нэхийт дарга дуудаж байна гэсэн мэдээ ирлээ. Хэдэн мөчийн дараа Б.Гиваан тасгаа дагуулан гол уруудав. Аюул түгшүүр тун ойртов. Нэгэн нугачаа гатлаж хошуу дээр гарвал доод хэсэгт цагаан юм цайрна.
-Энэ юу вэ?
-Голын манан юм уу?
-Дайсны гэр майхан ч байж магадгүй…
Цэргүуд ийнхүү шивэр авир ярилцан хараа сонсголоо хөвчилж хавь ойрыг ажиглав.
Гэнэт голын тохойд адуу хангинатал янцгааж буу тас хийхэд агт уналга олон цагаан адуу гол уруудан нижигнэв. Амгалан нойр сэрч их танхилт уул харь нутгаас халдаж ирсэн харь элэггний бууны дуунаас цочиж уулга алдах адил цуурай хадав. Үүрийн шаргал туяан дор үхэх сэхэхээ үзэлцэх ширүүн тулалдаан ингэж эхэллээ.
Хад чулуунд ойж цойлсон сум улин исгэрч пулемёт таг таг хийж миномётын бөмбөг нир хийтэл дэлбэрнэ. Дайсан хүний олноор түрээ барин бүслэн авах гэж оролдов.
Барзгар улаан хадны ард хориглосон харь дайсны зүрхэнд халуун сум тушаасан оновчтой мэргэн буудаж байгаа байлдагч Баарайд айж сандрахын зовлон байсангүй. Тэр хамгаалан сэргийлж байдаг энэ газар орныхоо хаана юу байдгийг арван хуруу шигээ андахгүй. Нөгөө талаас буу сайн сум олон хараа хурц зориг чанга тул дайсны түрэлтэнд даруй сандрахгүй эр билээ. Өглөөний нар мандахад тулалдаан улам ч ширүүсэв.
-Морьд, морьд яана!
-Цагаан газар дайсны суман дор гараад иржээ. Цэргүүд ийнхүү халаглав. Гэвч аяны сайн хүлэг морио атаатны сумнаас зайлуулах гэж өөрийн дураар өндийх эрх даанч байсангүй.
-Байлдагч Баарай, Цэрэнжав хоёр голын хавцлыг гатлаж дайсны сумнаас унаа морьдыг холдуулж аюулгүй газар аваач! Энэ бол Нэхийт даргын тушаал, Хоёр дайчин мөлхөх газар мөлхөж, гүйх газар гүйж, унаа морьдод хариугүй ойртож явлаа. Эргэн тойрон сум исгэрэн шив, шив хийж үе үе шинээлийн хормой сэвхийтэл цохино.
Тэр хоёр урагшилсаар байлаа, үргэж балмагдсан морьдын хар хөлс нь цуварч бөмбөлзтөл чичирнэ. Холбож бэхэлсэн морьд туухад явахгуй бас нэг бэрхшээл.
Морины хаа гуя руу бууны мөрлөгчөөр хайргүй цохиж хашгирч исгэрэн туусаар хөтөл давуулж сая нэг амс хийлээ. Буун дуу бөмбөгний дэлбэрэлт улам олон улам ойртож сонсогдох болов. Дарь хүхрийн утаа, шороо тоос олгойдон уул тэр аяараа донслох нь галт уулын дэлбэрэлт болж буй гэмээр санагдана.
Тушаал биелүүлсэн хоёр эргэн ирж хориглолтонд орлоо.
-Муу сайн нохойнууд бүслэж байна шүү?
-Сумаа гамна ойртуулж байж бууд!
-Паанайсан муу новшийг барьж аваад дэлбэртэл нь тонгорох юмсан.
-Монгол эр, монгол морь хоёрыг арай ч бүсэлж чадахгүй байлгүй … Хилчин дайчид тулалдах зуураа ийнхүү зориг зүрхтэй үг хэлж оновчтой мэргэн галласаар байлаа. Бага үд болоход байр солих тушаал ирэв. Хилчид мориндоо хүрч дайсны галын цагирагийг дайран гарав. Морин атакд орох нь ингэж ухаан алдталаа сандарсан дайсан сая сэхээ авч хилчдийн хориглосон Нэргүй өндөрлөг өөд дахин дайрлаа. Дайсан хүний олноор ааглаж манайхныг бүслэхээр хүн малынхаа хүүрэн дээгүүр алхлан зүтгэв. Зуны наран чанх орой дээрээс галт шил адил төөнөнө.
Дахин байр эзлэх тушаал ирлээ. Сумангийн улс төрийн орлогч Чойжилжавын араас цэргүүд цуван ухасхийв. Морин туурай тачигнан улаан тоос бослоо. Дайсны сум мөндөр адил шуугин асгана. Тэдний тасгийн дайчин Тэгшээгийн морь суманд оногдож годройтон ойчихыг Баарай харж зүрх нь палхийв. Баарай, Дамдин хоёр нөхрөө аврах гэж морио татаж эргэв. Тэгшээ эмээл хазаараа бариад Дамдингийн араар самбаатайгаар үсрэн мордов.
Дайсан Нэргүй өндөрлөгөөс дайсны пулемёт тачигнав. Эргэн тойрон галт цагираг татаж шороо тоос бослоо. Өндийн хөдлөх аргагүй болов. Яг энэ үед цагаан морь унасан дайснууд муухай орилолдон атакт орлоо. Толгойдоо цагаан алчуур зангидсан тас хар хувцастай дайсны пулемётчин галлахаа байгаад их л бардаж түрэмгийгээр өндийн харж байлаа. Яллаа гэж ярзайтлаа инээж байгаа бол уу гэхээс Баарайн хар шар нь буцлаад ирлээ.
-Тэр муу золигийг устга! Гэж Ниваан тушаав.
Баарай винтовынхоо харааг сунгаж тавиад хар цээжинд нь онилов. Пулемёт дахин тачигнаж дайсан хашгиралдан дөхсөөр байлаа. Гох мултлахад дайсны пулемётчин бараг босч ирснээ тас гэдэргээ савж унав. Үхлийн аюулаар заналхийлж галт сумаар тугиж байсан пулемётын дуу тасрав. Манайхан шуурган гал нээж дайсныг тэвдуүллээ. Тасгийн дарга Гиваан ташмагтай усаа Баарай руу чулуудаж эрхий хуруугаа гозойлгож инээж байлаа, Тэр үед хоолой чийглэх хэдэн балга ус гэдэг чандмань эрдэнээс ч үнэтэй байлаа.
Яг энэ үед манай нисэх хүчний хэдэн онгоц хүрэлцэн ирж харь нутгаас халдаж ирсэн дайсныг хиартал бөмбөгдөв. Оройн наран шингэх үед хилийн дээрэмчид зугтан зайлсан байв. Байтаг богд ууланд зуны оройн сэрүүн салхи сэнгэнэнэ. 1947 оны зуны дунд сарын эхээр болсон тэр тулалдаанаас хойш дөрөв хоногийн дараа нэгэн өглөө бүрээн дуу цангинаж цэргийн анги жигдрэн жагслаа. Тэдний өмнө хэдэн хүний шарилыг зэрэгцүүлэн тавьжээ.
Зэвсэгт дээрэмчид манай эх орны дархан хил хязгаарыг зөрчиж гэнэт довтлон хилийн харуулын дөрвөн дайчны амь насыг зэрлэгээр хөнөөжээ. Дайсан тэдний нүдийг ухаж хүний ёсноос гадуур тамлан зовоосон байна. Зэвсэгт дээрэмчдийг манай улсын хилээс гаргах шаардлага тавихаар тусгай төлөөлөгчөө бид илгээсэн. Дээрэмчид манай бүрэн эрхт төлөөлөгчийг баривчлан авч гар хөлийг нь галд шатааж, өрийг нь зурж ёстой зэрлэг араатнаас ч дор тамлан хороожээ.
Нэхийт даргын хоолой чичирч нүднийх нь нулимс бүрхэж ирснээ дахин эрэмгий хурцаар
-Гэвч бидний хэрэг үнэнч, бид эх орныхсю хөрс шороо, ус, агаараас сөөм ч газрыг харийн дайсанд өгөхгүй. Дайсан ямар ч арга заль буу зэвсэг хэрэглэлээ ч гэсэн биднээс үхлийн цохилт авна. Эх орны торгон хил хэзээд ариун, энх амгалан байна.
Энэ бол бидний тангараг. Цэргүүд дайчин даргынхаа хэлсэн үгийг нэг үе сэтгэл шимшрэн нэг үе зориг бадран сонсож байлаа. Амь үрэгдсэн дайчин нөхдөө эх орны хилийн нэгэн өндөрлөгийн нарлаг энгэрт нутаглуулж, ёслолын буудлага хийлээ. Энэ цуглаан дээр саяны тулалдаанд эрэлхэг зоригтой байлдсан дайчдад нэг нэг сум тарааж өглөө. Энэ сумыг амь үрэгдсэн төлөөлөгчийн гэргий илгээжээ.
Энгийн л нэг винтовын сум гэвч тэр үед цэрэг эрийн сэтгэлд чухам юу бодогдуулж байсан гэж санана. Олон дайчин эрс дайсныг хорсон занаж эх орон ард түмэндээ өргөсөн тангарагаа үнэнч шударгаар биелүүлэхээ андгайлж байсан юм шүү!
Жирийн цэрэг намайг шагнасан ард түмний минь шагмал надад өгсөн ард түмний захиа даалгавар гэж би энэ ганц сумыг одоо болтол хайрлан хадгалж явдаг юм.
Баарай гуай бид хоёр тэр сумыг гар дамжуулан их нарийн үзлээ, Тэр сум галтайгаа байлаа. Энэ сумыг хорин жилийн турш дайчин жагсаалдаа хадгалж яваа ахмад дайчин Сүхбаатар, Хархорин, Дархан хотод үйлдвэр барилга босгож байсан энх цагийн барилгачин дайчдын дарга, ахлах дэслэгч Сэнгийн Баарай хадгалж явна.
Ахмад дайчин, дэд хурандаа С.Баарай
Г.ДАМБА
Эх сурвалж "Соёмбо”сонин
Архив