|

Монголын хөрсөнд ч хортой ногоо ургаж байна уу

saikhnaa 2016/09/20 883 0

Монголын хөрсөнд ч хортой ногоо ургаж байна уу

 

Хамгийн аюулгүй хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн Монголд л байгаа гэж бид цээжээ дэлдэх дуртай. Тийм ээ, манайд экологийн цэвэр хүнс бий. Бид "жаргалтай мал”-ын мах идэж байгаа.

Химийн бодистой тэжээл идээгүй, бэлчээртээ дураараа бэлчиж, өвсний соргог, усны цэнгэгийг ууж байгаа малын мах идэж байгаа бид экологийн цэвэр хүнс хэрэглэж байна гэж хэлэхгүй яах юм.

...ногоогоо химийн бордоогоор бордоод, томсгох бодис хийгээд л ургуулдаг.

Тийм малынхаа цагаан идээг идэж, айраг, цагааг нь ууж байгаа юм чинь цэвэр гэж цээжээ дэлдэхгүй яадаг юм бэ. Монголын газар шороо ч гэсэн элдэв химийн бордоонд хордчихоогүй, атар онгоноороо байгаа.

Ийм хөрс шороонд ургасан үр тариа, хүнсний ногоо ч гэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн. Тийм үр тариагаар хийсэн гурил, гурилан бүтээгдэхүүн ч гэсэн сайхан л байж таарна. Бид ингэж л өөрсдийгөө хөөргөж ирсэн. Өмнөд хөршөөс нэг хэсэг хүнсний ногоо зөөдөг байсан.

Харин сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал ярьж, цаашлаад газар тариалангийн салбараа сайтар дэмжсэнээр гаднаас төмс, хүнсний ногоо зөөх нь багассан. Хэтрүүлж яривал өмнөд хөршөөсөө ширхэг төмс ч оруулж ирэхгүй байгаа.

Дархан, Сэлэнгэ, Төв аймагт толгойтой болгон төмс, хүнсний ногоо тарьж байна. Цаашлаад говийн аймгууд, баруун, зүүн хязгаарт ч ногоо тарьж байгаа. Энэ яах аргагүй сайн хэрэг. Гэвч сайнаа дагаад саар нь ч бас гараад байна.

Учир юу гэвээс, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт их хэмжээгээр төмс, хүнсний ногоо тариалж байгаа иргэд өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа "алж” байна. Ингээд бичихээр яг таг мэдэж байгаа юм шиг хандлаа, биднийг гүжирдлээ, гүтгэлээ л гэх байх. Тэгвэл ганц хоёрхон жишээ татъя. Аав минь ногоо тарьдаг, тариаланч хүн.

Өвөрхангай аймагт гэдгийг тодотгоё. Тариалангийн салбарт хутгалдаж яваа болохоор энд тэндхийн ногоочидтой байнга уулзалдана. Гэтэл саяхан Дархан-Уул аймгийн Орхон суманд ногоо тарьдаг нэг залуутай уулзаж л дээ. Өнөөх нь "Ах минь, энүүхэндээ гэж хэлэхэд, манай суманд бүх айл ногоо тарьдаг.

Өөрсдөө идэх ногоогоо хашаандаа тарина. Харин том талбайд тарьж байгаа ногоогоо химийн бордоогоор бордоод, томсгох бодис хийгээд л ургуулдаг. Хурдан, том ургуулаад, шуудайгаар нь бөөндөөд л зарна шүү дээ” хэмээн ярьсан байгаа юм. Дахиад нэг жишээ байна.

Манай нэг төрөл Төв аймгийн Цээл сум буюу Залуучуудын сангийн аж ахуйд амьдардаг юм. Бас бага сага ногоо тарина аа. Гэтэл идэх хүнсний ногоогоо Өвөрхангайгаас авна гэж ярьж байна.

Тэр хавиар нь дүүрэн ногоо тарьж байгаа хүн байхад аймаг алгасаж идэх хүнсний ногоогоо авч байгаагийн учрыг асуухад "Манай энд өөрсдөө идэх ногоо байхгүй ээ” гэж билээ. Бас л ногоогоо эрт бөгөөд томхон ургуулаад, хот руу шуудай шуудайгаар нь бөөнддөг юм гэсэн.

Тэнд килограммаар нь зарна гэсэн ойлголт байхгүй. Шуудай төмс 10, шуудай байцаа 5,000 төгрөг гээд л зарчихдаг. Халуун зунаар шахуу, наймдугаар сарын эхээр л шинэ ургацын ногоо гээд гараад ирдэг.

Гэтэл яг наймдугаар сарын эхээр төмс, хүнсний ногоо том том ургаж гүйцэх бил үү. Яах вэ, эрт ургацын сорт гэж байгаа. Гэхдээ л наймдугаар сар гарахтай зэрэгцээд л том том ургаад байдаг нь бас юу л бол. Үүний ард нөгөө л хурдан, том ургуулдаг химийн бодисын нөлөө байгаа юм.

Зөвхөн төмс, хүнсний ногоо ч гэлтгүй тарвас, жимсийг ч манайхан химийн бодисоор бордож, хурдан болгож, ургуулаад байна гэж хардахгүй бол болохгүй нь. Ховд аймаг руу томилолтоор явсан юм. Тэр энэ гээд яах вэ, нэг жишээ л татах гээд байна. Нам засгийн томчуудтай л сэтгүүлчид явдаг шүү дээ.

Гэтэл Ховдын захиргааныхан тарвас авчрахаар явахдаа "Өөрсдийнхөө иддэгээс авчрах юм уу” гэж асууж байсан гэдэг юм.

Гэтэл Ховдын захиргааныхан тарвас авчрахаар явахдаа "Өөрсдийнхөө иддэгээс авчрах юм уу” гэж асууж байсан гэдэг юм. Харин дарга нар нь "Сайд, дарга нар ирж байгаа юм чинь өөрсдийнхөө иддэгээс л авчирсан нь дээр” гэж хариулж. Энэ жишээ юу өгүүлэв.

Бас л тарвасаа ургуулахдаа хоёр ангилдаг байх нь байна. Зах зээлд гаргаж зардаг тарвасаа болохоор химийн бодисоор бордож ургуулдаг. Өөрсдийн идэхээ болохоор бордоогүй ургуулдаг гэсэн үг болж таарах гээд байгаа юм.

Бид Өмнөд хөршөөс хамаг л хортой хүнсний бүтээгдэхүүн орж иж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдлаа. Ядаж л идэж уухаа өөрсдөө үйлдвэрлэдэг болъё гээд л байдаг. Гэтэл яг начир дээрээ өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа үгүй хийгээд байгаа юм биш үү.

Мэдээж төмс, хүнсний ногооны нийлүүлэлт зах зээлд ихсээд, айлууд хашаандаа хэрэгцээнийхээ ногоог тариад байхаар үнэ унаж л таараа. Статистикийн газраас өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад хүнсний ногооны үнэ 20 хувь унасан гэсэн тоо хэлээд байгаа.

Тоон мэдээллээс үзвэл 2015 оны наймдугаар сард төмс 1,400 орчим төгрөгийн үнэтэй байж. Харин энэ жилийн наймдугаар сард 1,000 төгрөг л байлаа. Одоо бол бүр 500 төгрөг рүү ороод ирчихсэн. Гэтэл 2-3 жилийн өмнө монгол төмс ямар үнэтэй байлаа даа. Ингээд бодохоор жил ирэх тусам төмс, хүнсний ногооны үнэ буурч байна.

Гэтэл тариаланчид үнийн уналтын энэ "шуурга” дундаас ашиг олох гэж зүтгэж, сүүлдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хордуулж эхэллээ. Хурдан хугацаанд, томхон ургуулаад, шуудай шуудайгаар нь хямд зарж, ашиг олох л арга хайж байна. Энэ чинь л хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна шүү дээ. Цаашлаад ногоогоо бордсон бордоо, химийн бодис нь хүний биед яаж нөлөөлөхийг хэн мэдлээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top