|

Шинэ засаг шинэчлэгдсэн хөтөлбөр

saikhnaa 2016/09/23 822 1

Ээлжит бус чуулганаар ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, энэ оны төсвийг тодотгон батлуулсан Засгийн газар ажилдаа шуудран орлоо. Шинэ Ерөнхий сайд ажлын анхны томилолтоо өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгаас эхлүүлэн "мөрөө гаргасан” бол өнөөдөр Хэнтий, Дорнод гэсэн зүүн аймгийг зорилоо.

 

Шинэ засаг шинэчлэгдсэн хөтөлбөр

 

 

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа энэ өдрүүдэд айл өрхөөс эхлээд аж ахуйн нэгж, байгууллага, улс орон даяар өвлийн бэлтгэлээ базааж байгаа. Улс төрийн хуанлийн хувьд дараагийн орон нутгийн сонгууль цикль ирсэн үе. Тиймээс ч эрх баригчдын эдийн засгийг сэргээх, ирэх сонгуульдаа бэлтгэх их хариуцлагыг хүлээсэн өдрүүд үргэлжилж байгаа.  

 

Ямартай ч Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг боловсруулан хэлэлцжээ. Энэ хөтөлбөрт холбогдох өөрчлөлт оруулж, ҮАБЗ-д танилцуулах, УИХ-д өргөн барихад бэлтгэж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгасан байна лээ. Тиймээс намрын чуулганаар эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах талаар Засгийн газрын хөтөлбөрийг төрийн түшээд хэлэлцэн шийдвэрлэх нь.

 

Батлагдсан ч хэрэгжээгүй байгаа Хамтын тэтгэврийн хуулийг буцаан татсан нь олон нийтийн дургүйцлийг өдөөж байлаа. Харин одоо Засгийн газар Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг батлахаар хэлэлцэж байгаа аж. Төслийн үзэл баримтлалд "сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, "Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, "Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. "Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгохоор тусгажээ. Нэг ахмад настанд олгох "Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна байна.

 

Нийгэмд ихээхэн хүлээлт үүсгээд байсан хүүхдийн мөнгийг Засгийн газар энэ сард багтаан олгохоор журам баталжээ. Ингэхдээ энэ оны долдугаар сарын 1-нээс тооцон хүүхдийн мөнгийг олгоно. Энэ оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох юм. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь хамрагдаж байгаа. Хүүхдийн мөнгөнд нийтдээ 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байршуулж тодорхой хугацааны дараа нөхөж олгохоор болсон байна.

 

Нөгөөтэйгүүр олон нийтийн анхаарлын татаж байгаа сэдвийн нэг нь ипотекийн зээл үргэлжлүүлэх эсэх. Энэ зээлийн эргэн төлөлт маш сайн байгааг банкны салбарынхан баталж байгаа. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээр худалдан авалт хумигдсан ч чанаргүй зээлд хамрагдахгүй, иргэд тав тухтай орон сууцаар хангагдаж байгаа нь билээ. Харин эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдлаар хамааран ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байгаа. Гэхдээ Засгийн газар эдийн засгийн ямар ч нөхцөлд ипотекийн зээлийг зогсоохгүй үргэлжлүүлнэ гэдгээ амласан. Харин зээл олгох нөхцөлд өөрчлөлт бага зэргийн өөрчлөлт оруулах юм билээ. Өнөөдөр ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг 80 ам.метр хүртэл хэмжээтэй орон сууцанд олгож байгаа. Үүнийг 100 ам.метр талбайтай орон сууц болгон талбайн хэмжээг нь өөрчилж байгаа аж. Мөн банкны салбарынхны зүгээс зээлийн 30 хувийн урьдчилгааг бууруулж, хугацааг уртгасгах санал гаргаж байсан. Цаашлаад түрээсийн байрыг өнгөрсөн жилүүдэд төрөөс хэрэгжүүлж байлаа. Харин түрээсийн байр хөтөлбөрийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхгүй, энэ хөтөлбөрт хамрагдсан иргэдэд цаашдаа орон сууцаа өмчилж авах нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр онцолж байсан. Нөгөөтэйгүүр түрээсийн ажлын байрыг бий болгох хэрэгтэйг ч барилгынхан компаниуд санал болгож байгаа.

 

Засгийн газраас энэ удаад ипотекийн зээлийг үргэлжлүүлж, баригдаж дуусаагүй барилгуудыг гүйцээн барих санхүүгийн эх үүсвэрийг хайж, орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарахаар ажиллаж байгаа юм билээ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа гол бэрхшээл нь санхүүжилт. Харин эрх баригчид эхний ээлжинд дотооддоо бонд гаргаж, мөнгө босгож байгаа. Цаашдаа гаднаас эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийг барьж байгаа юм билээ.

 

Н.Энхбат

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/473894.htm


Санал болгох

Сэтгэгдэл

top