|

Мөсний баяр ирэх сарын 3,4-нд болно

tonshuul 2015/02/21 4486 671

Мөсний баяр ирэх сарын 3,4-нд болно

 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд брэнд болсон нэг арга хэмжээ бол Хөвсгөл далайд жил бүр болдог " Хөх сувдын орон” мөсний баяр билээ. Өнгөрсөн жил  мөсны зузаан стандарт шаардлага хангатал хөлдөөгүйгээс тус баярыг өнжсөн. Мөсний зузаан 90 см- ээс дээш хөлдсөн  тохиолдолд мөсөн зам нээхийг зөвшөөрдөг ажээ.  Мөсний баяр зохион байгуулах комисс энэ сарын 12-нд газар дээр нь очиж Хөвсгөл далайн мөсний зузааныг хэмжсэн байна. Ингэхэд 94-97 см зузаан хөлдсөн байжээ.

Тиймээс "Хөх сувдын орон” мөсний баярыг гуравдугаар сарын 3,4-нд  Хатгал тосгоны Доод модот булан буюу Хүзүүвчийн шилд зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн мөсний баярыг Хөвсгөл аймгийн " Аялал жуулчлалын холбоо” Аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах юм байна. Энэ үеэр жуулчны долоон бааз ажиллана.

Уг баярт зориулан шөнийн гэрэлтүүлэгтэй мөсөн хотхон байгуулахаар болжээ. Мөн мөсөн шагайн тэмцээн, чаргатай морьдын уралдаан явуулж, цаатан өрхтэй танилцуулан, цаа бугын үзүүлбэр үзүүлэхээс гадна үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөсөн тухай Хөвсгөл аймгийн  Аялал жуулчлалын холбооны тэргүүн н.Наранчимэг хэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top