|

Омог нь дарагдаагүй АН

saikhnaa 2016/10/17 638 0

Омог нь дарагдаагүй АН

 

Өнгөрсөн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль АН-д туйлын "харшилж” давхар мэхэндээ өөрсдөө унасан. Учир нь өнгөрсөн парламентад эрх барьж байсан энэ хүчин сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахдаа жижиг тойргийг өөрсдөдөө зориулан зурагласан билээ. Тиймээс ч сонгуулиар олонхи болох тооцоолол хийн, "замаа зассан” тэд нэг амьсгаагаар хоёр туулай буудахаар орон нутгийн сонгуулиас аймаг, нийслэлийн ИТХ-ыг сугалан авч, парламентын сонгуультай хамтатган явуулсан. Харамсалтай нь тухайн сонгуулиар сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгуулж, эрх баригчид торгоох төдий суудалтай үлдээд байна.

 

Эдүгээ голсон юм голд гэгчээр орон нутгийн сонгуулиар АН-ынхан хүчээ дайчлан өрсөлдөж буй. Гэхдээ АН өөрсдийг нь олон нийтэд харлуулж, өрсөлдөгч хүчинд нь өгөөш болоод байгаа дотоод асуудлаа цэгцлэлгүй орон нутгийн сонгуульд оролцож байна. Энэ нь дахиад өрсөлдөгч хүчинд нь өгөөш болох вий гэсэн болгоомжлол ажиглагчдад байна лээ.

 

АН-ын тухайд эрс шинэчлэл хийхээ мэдэгдээд байгаа. Орон нутгийн сонгуулийн дараагаар Их хурлаа хуралдуулан намын даргаа сонгож, шинэчлэлийг сэвэлзүүлнэ гэж буй. Тус намын лидерүүд шинэчлэлийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй. Тухайлбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат "Ард иргэд манай намыг бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүсч байгаа болов уу. Ардчилсан намын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын шинэчлэл болно” гэсэн бол АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "Зарим хүн "Супер лидер” гарч ирээд л энэ намыг өөрчилчих юм шиг санаад байна. Мэдээж, хувь хүний үүрэг роль байна л даа. Гэхдээ намын бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, онол гээд маш олон зүйлийг бид иж бүрдлээр нь өөрчилж байж шинэчлэл явагдана” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ардчилсан нам гэхэд эхлээд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ энэ нам маш тодорхой болгох хэрэгтэй. Юу хийх вэ бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн, түүнийгээ аваад явах чадамжтай тийм бүтэц бий болгох ёстой” хэмээж байсан.

 

Яг өнөөдрийн тухайд АН бэл ч үгүй, бяр ч үгүй, бардам зан, омог хоёроор дүүрэн байна. Ер нь энэ намынхаа уур омгоо бусад хүчнийхэнд төдийгүй өөрсдөдөө ч хүчтэй гаргадаг. Үүнээс үүдсэн зөрчилдөөн намын дотоод эв нэгдлийг сулруулсаар ирсэн. Эдүгээ орон нутгийн сонгуультай зэрэгцээд намын дотоод асуудал ч фракц бүлэглэлд нь хүчтэй өрнөж байна. Наад зах нь намын даргын сунгаа жирийн гишүүдийн анхаарлыг ч сонгуулиас сарниулж мэдэхээр байгаа.

 

Өнөөдөр АН-ын партизануудаас эхлээд намын гишүүний батламжийг дөнгөж хүртсэн гишүүд ч "Би АН-ын дарга болж чадна” гэж цээжээ дэлдэн яваа нь нууц биш. 

 

Ер нь АН-ын шинэчлэл хэн, хэний баг удирдахаас шалтгаална. Цаашлаад намын дарга болсон эрхэм тойрон хүрээлэгчдээсээ давж сэтгэх шаардлагатай. Эсвээс тэдний хүрээллээс гарч чадахгүй бол экс намын даргынхаа гашуун түүхийг давтаж, оргилоос ангал руу унана. Ер нь шинэчлэл гэдэг наанадаж олон нийтийн санаа бодлыг толь шиг харж, уншиж, хөл нийлүүлэн алхахыг, цаашлаад түрүүлж шийдэл хайхыг хэлнэ. Түүнээс бус тойрон хүрээлэгчдийнхээ өөрт нь зориулсан зохиомжийг нийтэд тулган цацаад байж болохгүйг эрхбиш мэдрэх биз.

 

Ямартай ч АН-д өрнөөд байсан галыг орон нутгийн сонгууль хэсэг хугацаанд намжаасан. Энэ сонгуулийн үр дүнгээс үл хамааран АН-ынхан шинэ удирдлага, шинэчлэл хийх "хувьсгал”-д мордоно.

 

АН-ынхан фракц, бүлэглэл юун түрүүн омгоо дарж, шинээр томилогдсон удирдлагаа хүлээн зөвшөөр шинэчлэлээ эхлүүлэх хэрэгтэй болов уу. Өөрийн нь фракцаас намын удирдлага сонгогдоогүй, ҮЗХ-нд  цөөнх болсон зэргээс л дотоод өрсөлдөөн нь үргэлжилж, хагаралддаг үйл явц хэзээ зогсоно, тэр цагаас АН-ын шинэчлэл эхлэх биз.

 

Н.Энхлэн

Эх сурвалж: Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/474702.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top