|

Орох орон ч үгүй болсон гэх хошууч генерал М.Жаргалыг Ганц худагт хорьжээ

tonshuul 2015/02/28 1186 0

Орох орон ч үгүй болсон гэх хошууч генерал М.Жаргалыг Ганц худагт хорьжээ

 

Зэвсэгт хүчний генералууд үе үе ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд орох болсон. Энэ удаа ч тэдний нэг болох ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан, БХЯ-ны харьяа "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит компанийн захирал асан, хошууч генерал М.Жаргалд хоёр ч хэрэгт холбогдуулан эрүү үүсгээд байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө Ганц худагт хорьсон байна. 
Нэг салбарт ажиллаж байсан хүмүүсээс сураг сонсоход тэрбээр дарга нарын золиосонд явсан гэх. Хэргийн гол эзэд болох дарга нар нь сул өнгөрч, харин "жараахай" нь баригдсанаар асуудал хаагдлаа гэж ярих юи билээ. 
М.Жаргал генерал өөртэй нь холбоотой хэргээс болж орох орон байр ч үгүй болж, өр ширэнд баригдан, ёстой л "хог дээр" үсэрч байгаа гэж салбарынхан нь ярьж байна.  

Юутай ч хошууч генерал М.Жаргалд холбогдох бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо хэргийг хянан яллах дүгнэлт үйлдээд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлжээ.

Шүүх уг хэргийг хэлэлцэхээр хурлыг Цагаан сараас өмнө хэд хэдэн удаа зарласан ч шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч М.Жаргалаас шалтгаалан гурван ч удаа хойшилсон байна. Хамгийн сүүлд хошууч генерал М.Жаргал шүүх хурал дээр согтуу ирсэн учраас хурлыг хойшлуулж, шүүхийг үл хүндэтгэсэн түүнийг цагдан хорьсон гэнэ. Түүнээс гадна М.Жаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дүүргийн II прокурорын газарт саяхан шилжүүлсэн аж. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогдоод байгаа гэнэ.

Ийнхүү М.Жаргал генералыг хоёр ч хэрэг дээр шалгаж, нэг хэрэг нь шүүхийн мэдэлд очсон бөгөөд түүнийг Цагаан сарын дараахан барьж хорьсон тухай баттай эх сурвалж мэдээллээ.

mongolcomments

Санал болгох

Сэтгэгдэл

top