|

Ээж цаг ямагт гар утсаа ширтэж, намайг биш утсаа хараад л инээж байдаг юм

saikhnaa 2016/11/02 974 0

Ээж цаг ямагт гар утсаа ширтэж, намайг биш утсаа хараад л инээж байдаг юм

 

Хятадын Жэ Жиан мужийн нэгэн дунд сургуулийн 9 настай сурагч өнгөрөгч "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр ээждээ зориулж ийм нэгэн зохион бичлэг бичжээ. Түүний хэлэх гэсэн санаа нь өнөөгийн нийгмийн иргэн бүрт тулгамдаад буй энгийн хэрнээ ноцтой асуудлыг хөндсөн байсан тул багш нар нь түүний зохион бичлэгийг интернэтэд дэлгэжээ.


Хүүгийн зохион бичлэгэнд:

 

 "Өнөөдөр бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ээждээ, миний төлөө хийдэг бүх зүйлд баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ миний ээж энэ захиаг ч нэг их хайхрахгүй байх л даа. Учир нь тэр цаг ямагт гар утсаа ширтэж, намайг биш зөвхөн утсаа л харж, инээж байдаг юм. Ингэх болгонд нь надад хичнээн муухай санагддаг гээч… Гэхдээ л өнөөдөр баярын өдөр юм чинь ээждээ баяр хүргэж, баярлуулах нь зөв гэж бодлоо.

Би сая ээждээ баярын мэнд хүргэчихээд ирлээ. Гэтэл тэр ахиад л утсаа ширтсэн хэвээр байсан нь намайг бүр ч дордуулж орхив. Ээждээ тоогдох гэсэн хичээл зүтгэл бүхэн минь яагаад бүтдэггүй юм бол оо? Эсвэл ээж минь надад хайргүй болчихсон юм болов уу? Ингэж бодоод би ээжийнхээ хөлийг угааж өглөө.

Хөөх… тэр гэнэт утсаа ширтэхээ болиод, над руу хараад инээсэн гэвэл та итгэх үү багш аа? Би сайн хүүхэд юм байна гэсэн бодол надад төрөхөд өөрийн эрхгүй инээд хүрч байсан шүү. Хөлийг нь угааж дуусахад тэр надад "Ээжийнхээ хөлийг угааж өгсөн чинь сайн байна. Гэхдээ илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй шүү” гэж хэллээ. Би уг нь түүнээс арай илүү зүйл хүлээж байсан юмсан…

Дараа нь тэр утсаа барьсан чигтээ өрөөнөөс гарахдаа "Хурдан ирээд даалгавраа хийчихээд унтаарай” гэж хэлэв. Ингэж л миний хамгийн гунигтай эмэгтэйчүүдийн баяр өнгөрсөн юм даа” хэмээн бичжээ.

Хүүгийн зохион бичлэгийг багш нар нь интернэтэд байршуулснаас 24 цагийн дотор 9 сая гаруй хүн уншсан байна. Түүнийг нь мэдээж ээж нь харсан бөгөөд тэрээр: "Хүүгийнхээ зохион бичлэгийг уншаад, нөхөр бид хоёр маш их эмзэглэсэн. Үнэхээр ичиж байна. Бид хоёр байнга л онлайнаар тоглоом тоглож, олон нийтийн сүлжээ хэрэглэдэг юм л даа. Гэхдээ энэ нь миний хүүд ингэтлээ нөлөөлж байна гэж төсөөлсөн ч үгүй. Одооноос хүүдээ анхаарал хандуулах болно” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top