|

Аймаг, сумдад түргэний машин хүлээлгэн өглөө

saikhnaa 2016/11/29 891 0

Аймаг, сумдад түргэний машин хүлээлгэн өглөө

 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдэлийн зургаар  нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж буй.

 

Тиймээс энэ эрсдэлт нөхцөлийг тооцож, улсын нөөцөөс тодорхой хөрөнгө гарган, холбогдох арга хэмжээг авч эхэллээ. Тухайлбал, өнөөдөр улсын нөөцөөс хөрөнгө гаргаж, аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.

 

 Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар оролцож, аймаг, сумдын эрүүл мэндийн эмч, жолооч нарт автомашины түлхүүр гардуулав. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал "Манай оронд 2009-2010 оныг дамнан зудын гамшиг нүүрлэж, 565 тэрбум төгрөгийн буюу улсын эдийн засагт маш том хохирол учруулж байсныг та бүхэн мэдэж байгаа.

 

2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын хувьд ч нөхцөл байдал улсын хэмжээнд хүндрэх төлөвтэй байна. Ирэх оны нэг, хоёрдугаар сард эрс хүйтрэх, цас их орох, улмаар өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн мэдээтэй байна. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, цас зудтай үед аймаг орон нутаг, алслагдсан сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд нэн тэргүүнд зайлшгүй шаардлагатай зүйл бол түргэн тусламжийн автомашины хэрэгцээ байдаг. Тийм ч учраас өнөөдөр улсын нөөцөөс нийт 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашиныг олгож байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос үзүүлж байгаа энэхүү шийдвэр, тусламж дэмжлэг цас зуд, өвөлжилтийг хохирол багатай даван туулахад дорвитой үр дүнгээ өгөх байх найдаж байна” хэмээн хэлэв.


Цас зудтай, өвөлжилт хүндэрсэн 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгсөн УАЗ-22069 маркийн фургон, УАЗ-31519 хантер маркийн автомашин нийт 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй юм байна. 

 

В.Бат

 
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top