|

Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн цэг тавигдах уу?

saikhnaa 2016/12/02 1909 0

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг Монголчуудын өмнө нээлттэй явуулж яагаад болохгүй гэж! гэдэг асуудлыг бид өмнө нь хөндсөн билээ. Өнгөрсөн олон жилд улстөрийн талбарт нам хүчнүүдийн, бүлэглэлүүдийн хооронд олонтаа хэмлэгдсэн уг хэргийг үнэхээр чин үнэнээр нь шийдвэрлэх гэж байгаа юу гэдэг асуудал ч анхаарал татаж байгаа. Хэрэгт холбогдон, хоригдож байгаа нэр бүхий хүмүүсийн ар гэрийнхэн  хэвлэлд хандаж, хэлмэгдүүлэлт болж байна гэх байр суурийг илэрхийлцгээж байгаа. Ямартай ч тэгээд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг олон жилийн дараа шүүхээр орох гэж байгаа нь олон жилийн хүлээлтийн асуудал байсан болохоор нийгэм даяар нэн шинэ хүлээлтэд автаад байгаа гэхэд болно.  С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 14-ний өдөр шилжүүлж, тойргийн дагуу уг хэргийг ерөнхий шүүгч М.Алдар шүүхээр болсныг бид дуулгасан. Тэгвэл тэрбээр хэргийн прокурорын дүгнэлттэй танилцах хугацааг 15 хоногоор сунгасан байна.  Хэргийг шүүхэд хуваарилаж, шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгтэйгээ танилцдаг бөгөөд хэрэв тус хугацаанд  шүүгч нар хэрэгтэйгээ танилцаж амжихгүй тохиолдолд хугацааг 30 хүртэлх хоногоор сунгадаг юм байна. За харин шүүгч М.Алдарын тухайд хэрэгтэй танилцах хугацаагаа 15 хоногоор сунгажээ. Тэрчлэн шүүгч хэрэгтэй  танилцаж дууссаны дараа эл хэрэг прокурор руу буцах, шүүх хурлын тов зарлагдах эсэх нь шийдэгдэх ёстой байдаг. Тэгэхээр М.Алдар шүүгчийн тухайд "маш нууц”-ын гэх зэрэглэлтэй уг хэргийг шүүхийн шатанд хэлэлцэн шийдвэрлэх үү гэдэг чухал асуудал дээр шийдвэр гаргах гэж байна. Ер нь бол хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн тухайд эгэл жирийн хүмүүс байгаа. Өнгөрсөн жилүүдэд улстөрөөс хэзээ ч тусдаа ойлгогдож байгаагүй хэргийн холбогдогчдын талаарх хүлээлт нийгэмд дэндүү өөр байсан нь бас үнэн. Тэрчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд амжиж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг Монголын шүүх шийдвэрлэх үү гэдэг асуудал ч гарч ирж байгаа билээ.

Сануулахад, улстөрчдийн оролцоотой гэгдэж яригдаж ирсэн уг хэргээр Монголын улстөрчид олонтаа шоудсан нь үнэн. Тэгвэл энэ удаагийн шүүх рүү шилжлээ гэх чимээ хуулийнхны чигч шударга үйл ажиллагааны үр дүн үү, эсвэл өөр хувилбар уу гэхчлэн янз бүрийн л хардлага дагаж байна. Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойрын хүрээнд ажиллаж байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа юм. Уг хэрэгт  яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа  өөр  хэрэгт  мөн гүтгэж байгаа талаар өгүүлсэн юм. Б.Содномдаржаа нь   прокурорын шат хүртэл 7 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн ч,  тухайн өмгөөлөгч шүүхийн  шатанд өмгөөлөл үзүүлэх боломжгүй гэсэн тул ээж нь   өмгөөлөгч авахад туслалцаа үзүүлэхийг Ц.Нямдорж,  Ө.Энхтүвшин,  С.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Сарангэрэл,  Ш.Раднаасэд, ЖБатзандан  нарын нэр бүхий гишүүдээс хүсээд байсан.

За мөн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булган, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаагаа хуулийнхан хэлээд байгаа. Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат хэлэхдээ  "Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан. Хэрэгт холбогдсон Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь  35, Т.Чимгээ нь 40 гаруй настай. Яллагдагч Б.Содномдаржааг хууль хяналтынхан 2015 оны наймдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийн амь насанд хүрсэн  хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч  Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа нэгэн гэх мэдээлэл байдаг. За харин Т.Чимгээгийн тухайд яллагдагч Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг  байсныг бид мэдээлсэн.

Тэгвэл С.Зориг агсны амийг хөнөөсөн  хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй Б.Содномдаржаа,  Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ  Ц.Амгаланбаатарт их асуудал байгаа гэцгээсэн. Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат "С.Зоригийг алсан хэргийн гол буруутныг илрүүлэх сонирхол   улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол л тэдэнд байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин  болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна… Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан. Бид уйгагүй хайсны эцэст гурван хоногийн дараа тагнуулаас бариад явсныг мэдсэн юм. Мөн л энэ н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь "Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан. 1998 онд миний хоёр настай хүүхэдтэй байсан. Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ хугацаанд биднийг хэвлэл мэдээллийнхэнд хандаж болохгүй гэдэг байсан. Мөн манай ээж 70 гаруй насны хөгшин Дорноговь аймагт байдаг. Дорноговьд очиж, гэрийг нь дөрвөн машинтай 20 гаруй залуучууд нэгжсэн. Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагаа  явагдаад байна. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн юм. Шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Миний дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Амгаланбаатар очиж "Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна.” гэсэн бол Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа "Миний хүү Содномдаржаа 461-р ангид хоригдоод, нэг жил хоёр сар боллоо. Миний хүүд 2014 оноос дарамталсан мессэж ирдэг болсон. Ирсэн мессэжүүдийг нь хэвлээд, цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгсэн ч тоогоогүй. Хэвлүүлсэн мессэжүүд нийлээд 28 хуудас болсон байдаг. Жил гаруй хугацаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Одоо хүүгээ хоригдсоноос хойш бидний амьдрал маш хэцүү байна. Бид гэр бүлээрээ хадлан хадаж, фермерийн аж ахуй эрхэлдэг. Манай хүү гол ажиллуулдаг хүн нь байсан. Миний хүү шоронд орж, бид өр зээлээ төлж чадахгүй байна. Манай хүү зургаан хүүхэдтэй. Дөрөв нь бага насны хүүхэд юм. Эхнэр болон хүүхдүүд нь маш хэцүү байдалтай байна. Миний хүү энгийн номхон ногоочин малчин хүн. Хууль хяналтынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин хүнд тохож байна гэж үзэж байна. Би энэ хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж,  ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн, хариу ирүүлээгүй. Би цаашид хөлөө хүрэх хүртэл газар явна.”  гэж байсан. Тэрбээр хүүг нь хэн ямар учиртай мессежээр дарамтлуулж байсан бэ гэдэг асуултад”Хүү рүү минь мессэж илгээсэн хүнийг сүүлд мэдэж авсан. Хажуу хашааны н.Амгаланбаатар гэх залуу "Чи Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх зэргээр маш их мессэж ирүүлдэг байсан. Тэр залуу манай хажуу айлд багаасаа өргүүлсэн. Хүн алсан хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа юм байна лээ. Манай хүүтэй өс хонзонтой байсан байх гэж бодож байгаа. Шоронд эргэж ир гэдэг байсан. Манай хүү эргэж байгаагүй юм. Бид тэр хүнтэй ойр дотно байгаагүй.”  хэмээн хэлсэн юм.

Маш нууц гэх зэрэглэлтэй  хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн ингэж дуугарсан, өнгөрсөн өдрүүдэд.  Хэдийгээр энэ хэрэг нь маш нууцын зэрэглэлд багтаж буйг Улсын ерөнхий прокурорын газраас хэлж ярьж байгаа ч, өнгөрсөн олон жилүүдэд  нам улстөрийн хүчнүүдийн зүгээс сонгуулийн шоуны үеэр бөмбөг мэт ашиглаж, тоглолт хийж ирсэн энэ хэрэгт анхаарал хандуулах эрх Монголчуудад бий гэдэгт эргэлзэх шаардлагагүй болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Санал болгох

Сэтгэгдэл

top