|

Эрдэнэтээс ирсэн сайн мэдээ

saikhnaa 2016/12/06 738 0

Эрдэнэт  үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажлаа хүлээлгэн өглөө. Түүний ажлыг шинээр томилогдсон Х.Бадамсүрэн хүлээж авав. Олны дуулиан дор ажлаа хүлээн авч байгаа Х.Бадамсүрэн захирал Эрдэнэт үйлдвэрт юу хийж бүтээх гэж байгаагаас илүүтэй экс захирлаа нөхөрсгөөр, хүндэтгэлтэй үдэн гаргаж байгаа нь тун ч онцгой харагдаж байна. Сүүлийн жилүүдэд хэн нэгэн албан тушаалтныг суудлаас нь буулгахын зэрэгцээ араас нь гутаан, шившиглэх, эрх бүхий байгууллагуудыг ашиглан мөрдөж, сэрдэх, элдвээр дарамт учруулах явдал багагүй ажиглагддаг болжээ.

Зөвхөн Эрдэнэт үйлдвэр дээр жишээ дурдахад л нэгэн цагт ерөнхий захирал нь байсан Ш.Отгон­билэг агсныг албан тушаалаас нь буулгангаа "Зууны луйвар­чин” хэмээн цоллож, өрөөнийх нь хаалгыг хэмх цохин ороод тамга тэмдгийг нь хураан авч байлаа. Энэ ажиллагааг тухай үеийн ТӨХ-ны дарга байсан З.Энхболдын баруун гар, ТӨХ-ны газрын дарга, сүүлд УИХ-ын гишүүн болсон Д.Одхүү гардан гүйцэтгэсэн бөгөөд хаалганд эр бяраа гаргаснаас нь хойш "Одхүүдэх” гэсэн хөөрхөн хэлц яриа бий болсон юмдаг.

Саяхны жишээ гэвэл МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарийн албан тушаалыг булааж авах ажиллагаа ид хэрэгжиж, үүнд нь МҮОНРТ-ийн олон нийтийн зөвлөл байтугай, Засгийн газар, УИХ хүртэл татагдан оролцож хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гутаан шившиглэх кампанит ажил өрнүүлж байгаа.

Харин эдний дэргэд монгол хүний мөс чанар, ёс жудаг арай арилчихаагүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн шинэ удирдлагууд явж буй захиралдаа хүндэтгэл үзүүлж, өнгөрсөн жилүүдэд хийж бүтээснийг нь үнэлэн, сайн сайхны ерөөл тавьж байгаагаас онцолж болохоор байна. Эрдэнэт үйлдвэрт шинээр томилогдсон Х.Бадамсүрэн захирал хэлсэн үгэндээ "Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн байдал амаргүй байгаа. Уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Ийм нөхцөлд уурхайн гүн рүү хайгуул хийх, нөөц өсгөх боломжийг судлах учиртай. Ил уурхайн хувьд агуулгыг ямар түвшинд хадгалах ёстой, хаягдал бохирдлын хэмжээг оновчтой түвшинд хадгалах гээд судалж, ярилцаж төлөвлөсөн олон ажил байгааг Даваацэрэн захирал надад хэлсэн. Тиймээс түүний хийж байсан энэ сайхан ажлуудыг үргэлжлүүлж, уламжлал шинэчлэлийн зарчмыг барьж ажиллах болно” гэж онцолсон бол үйлдвэрийн Төлөөлөн удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн "Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнийн уналт,  түүнээс  улбаалсан бусад асуудал, сорилт бэрхшээлүүдийн дунд  байсан. Энэ хүнд үед үйлдвэр, хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулж, зэсийн өөрийн өртгийг 50 гаруй хувиар бууруулан дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай авч ирсэн Даваацэрэн захиралд Монгол улсын төр засаг, мөн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье” хэмээсэн байна.

Ороо бусгаа нийгмийн энэ цаг үед гэрэл мэт ийм жишээ хойшид олшрох болтугай.

Санал болгох

Сэтгэгдэл

top