АН-ын VI Их хуралд оролцож буй тус намын зарим гишүүдээс байр суурь, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр:
Өнөөдөр 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдөр зургадугаар Их хурлаа хийж байна. Их учир жанцантай өдөр тохиож байна. 2000 онд таван нам нэгдээд АН-ыг байгуулж байсан. Энэ өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон. Намын шинэчлэл гурван чиглэлээр явна. Тухайлбал бүрэлдэхүүний, бүтцийн, бодлогын шинэчлэл хийнэ. Өнөөдрийн Их хурлаар дүрмийн өөрчлөлтөө хэлэлцээд АН-ыг нээлттэй, ил тод, хариуцлагатай, бодлогын нам болгоно. Мэдээж өмнө байсан зүйлсээ шат ахиулах тухайд ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Дүрмийн өөрчлөлт хийснээр бүх гишүүд намаар дамжиж төрийн үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ. Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ. Намын бүх шатны удирдлагыг бүх гишүүдээс сонгодог болно. Хоёр жил тутамд ротаци хийж өөрчилж байх зэрэг гол чухал өөрчлөлтүүд орж ирнэ. Энэ их хурлаар бодлогын шинэчлэлээ зөвхөн эхлүүлж байна.
Намын даргын тухайд марафон өрнөнө. Мэдээж олон нийтийн дэмжлэгийг авсан, төр түмнийхээ төлөө сэтгэлтэй, хүний хувьд зөв сэтгэлтэй байх ёстой. Ийм хүнийг АН сонгож чадна гэдэгт итгэл төгс байна.
Шинэтгэлийн хөтөлбөр АН-ын баримтлах үндсэн чиг баримжаа болно
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр:
АН улс төрийн намынхаа хувьд төлөвшлийн шинэ үе шатанд ирж байна. Шинэтгэлийн асуудал бол зөвхөн Их хурлаар хийгдээд зогсох, дуусах асуудал биш. Хариуцлагын тогтолцоотой больё, нээлттэй ил тод зарчимд шилжье, итгэл даадаг нам болж төлөвшье гэсэн зарчмын асуудлуудыг АН-ын шинэтгэлийн хөтөлбөрөөрөө хэлэлцэж батлах гэж байна. Шинэтгэлийн хөтөлбөр бол манай намын ойрын, дунд хугацаанд баримтлах үндсэн чиг баримжаа болох юм. Энэ шинэтгэлийн нэг хэсэг нь АН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар эхэлж байгаа юм.
Энэ дүрмээр АН-ын даргыг нийт саналын эрхтэй гишүүдээс сонгодог больё гэсэн зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа. АН-ын дунд шатны байгууллагын дарга нарыг өөрөөр хэлбэл аймаг нийслэл дүүргийн намын дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш ирсэн төлөөллөөр ил тод сонгоё гэсэн санал гаргаж байгаа. Эдгээр саналыг хэлэлцээд маргааш бараг батлах байх.
Намын даргын тухайд одоогийн байдлаар 4-5 хүн өрсөлдөхөө мэдэгдсэн байгаа. Гэхдээ 10 хүн ч дэвшиж магадгүй. Тийм учраас үүнийг хоёр шаттай болгож, эхний шат нь ҮЗХ дээр хамгийн өндөр санал авсан дөрвөн хүнийг цааш нь өрсөлдүүлье гэсэн санал гаргасан. Тэгэхгүй бол сонгон шалгаруулалт явуулахад их төвөгтэй байгаа.
Дүрмийн шинэчлэл бүтэн жил, магадгүй хоёр жил ч үргэлжилж магадгүй
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар:
"Намын дүрмийн шинэчлэлийн асуудлаар өнгөрсөн хуралдаанд ажлын хэсгүүд нэлээд идэвхтэй хэлэлцсэн. Бүтэц, зохион байгуулалтын асуудлыг энэ удаад илүүтэй ярих байх. Үндсэндээ АН-ын хуучин дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Намын даргыг марафоноор сонгодог болох нь нэгэн чухал асуудал. Үүн дээр бүгд санал нэгдэж байгаа. Гэхдээ намын Дүрмийн шинэчлэл үүгээр дуусахгүй. Бүтэн жил, магадгүй хоёр жил ч үргэлжилж магадгүй. Эхлээд бид АН-ын шинэтгэлийн хөтөлбөрийг баталж, дараа нь дүрмийн нэмэлт өөрчлөлтөө хэлэлцээд явна. Энэ их хурлаар АН-ын шинэчлэл эхэлж байна.
Нэг удаагийн Их хурлаар АН бүрэн шинэчлэгдэхгүй
УИХ-ын гишүүн асан Д.Зоригт:
Нэг удаагийн Их хурлаар АН бүрэн шинэчлэгдэхгүй. Харин шинэчлэлийн үйл явц эхэлж байна гэсэн үг. Олон шатны хэлэлцүүлэг, сонгон шалгаруулалт, нийт гишүүдийн цахим бүртгэл зэрэг явах учир энэ процесс 2016-2017 он дамжих байх. Намын даргын тухайд, АН-ын дарга нийт гишүүдийн дэмжлэг, итгэлийг хүлээсэн хүнийг сонгож, шалгаруулж, өрсөлдөөний зарчмаар сонгоосой гэж хүсч байна. АН бол өөртөө тулгарсан хүндрэлээс гарч чаддаг. АН-ын шинэчлэл амжилттай явагдаж, цаашдын том том алхамаа хийж эхэлнэ гэдэгт би итгэлтэй байгаа.
АН үндэсний өвөрмөц онцлог, уламжлалаа
үйл ажиллагаандаа уялдуулах ёстой
Монгол Улсын Гавьяат малчин, хөдөө аж ахуйн профессор Г.Сампил:
АН-ын дотоод асуудлыг шинэ шатанд гаргах, сахилга зохион байгуулалтаа шинэчлэхэд намын гишүүдийн том хүлээлт байна. Энэ хурлаас намын үйл ажиллагаа, хөтөлбөрт үндэсний уламжлал, ёс заншил, төрт ёс, түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёл иргэншил, үндэсний үзлийг дэлгэрүүлэх асуудлыг намын шинэчлэлд хэрхэн тусгах талаар харж хүлээж байна. АН-аас ард түмэн үүнийг л нэхэх ёстой. Үйл ажиллагаагаа улс орныхоо үндэсний өвөрмөц онцлог, уламжлалтай уялдуулах ёстой юм. Намын Дүрмээр нам бүхэлдээ шинэчлэгдэхгүй.
"2020 онд АН-ыг ялалтад хүргэх хүч бол АН-ын залуучууд”
Нээлттэй АН шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяр:
Нийгэмд АН-ыг шинэчлэгдээсэй гэсэн хүлээлт асар их байгаа. Энэ Их хурлаар ерөнхийдөө АН-ын даргыг хэрхэн сонгох, Дүрмийн шинэчлэлийг хэдий хугацаанд хийх тухай ярилцах байх. Манай хөдөлгөөнөөс Их хурлыг зохион байгуулах ажилд маш идэвхтэй оролцож, санаа бодлоо тусгасан. Бидний дэвшүүлсэн зарчмын 10 гаруй асуудлын 80 хувь нь үндсэндээ туссан. Харамсалтай нь хугацаа бага зэрэг давчуу байлаа. Тэгэхээр энэ их хурлаар шинэчилсэн Дүрмээ батлахгүй байх гэсэн хүлээлт байна. Нөгөөтэйгүүр 1200 орчим төлөөлөгчийг нэлээд хэдэн шалгуураар сонгож авч ирсэн ч мөнгө тараасан, харьяалагдахгүй хүмүүсийг чихэж оруулсан зэрэг байдал гарлаа. Энэ үүднээс мөн Их хурлаар шинэ даргыг сонгох магадлал алга. Манай хөдөлгөөний зүгээс намын даргыг үндэсний хэмжээнд сунгаагаар сонгох ёстой, залуу үеэсээ сонгох ёстой. Залуу үеэ төлөөлж манай хөдөлгөөнөөс М.Чимэддорж АН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаа. 2020 онд АН-ыг ялалтад хүргэх хүч бол АН-ын залуучууд гэж бид үзэж байгаа.
Н.Гантуяа
montsame