|

Г.Шийлэгдамбын “Даварсан” албат

tonshuul 2015/03/18 2112 232

Г.Шийлэгдамбын “Даварсан” албат

 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд хурдан шуурхай хүрч байна уу гэдэгт эргэлзэх хүн олон. Түргэн тусламжийнханд иргэд ийнхүү эргэлзэх болсныг лавлавал "103-т дуудлага өгөөд бүхэл бүтэн цаг өнгөрчихөөд байхад түргэн тусламж ирдэггүй. Тэдний хувьд хүний амь юу ч биш” гэх мэтчилэн гомдоллох хүн цөөнгүй. Үүний тод жишээ уржигдар боллоо.

Тодруулбал, "Улаанбаатар” их дэлгүүрийн арын явган хүний гарцан дээр "Toyota Prius” маркийн автомашин дөрвөн хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ. Тухайн үед түргэн тусламж дуудсан боловч 40 минут өнгөрөхөд ирээгүй байна. Харин шаардлагатай үед дуудаад ч ирдэггүй түргэн тусламжийн машин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд захиргааны ажилтнаа буулгаж явсан аж. Түргэн тусламжийн машин хөлөглөсөн захиргааны ажилтан"Яаралтай албан ажил хөөцөлдөж явна” гэж хээвнэг хэлж байх юм.

Энэ мэт жишээнээс харахад Г.Шийлэгдамбын"Даварсан” албат албан ажлаа түргэн тусламжийн машинаар амжуулж, дуут дохиогоо хангинуулж явдаг бололтой. Уг нь Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн Засаг даргын тамгын газар ороход тав хүрэхгүй минут алхдаг байлтай. Гэтэл түргэн тусламжийн автомашин хүрэлцэхгүй байна гэж ярьдаг хэрнээ санхүү мэтийн бичиг цаасны ажилд ашиглаж байгааг салбарын сайд нь анзаарах биз. Энэ мэт хариуцлагагүй байдлаас болж хүний амь эрсдсэн бол хариуцлагыг нь түргэний машин"эзэгнэж” явсан захиргааны ажилтан хүлээхүй нь лавтай.

 

М.Энхцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top