|

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ОРОН НУТАГТ НЭГДСЭН БОДЛОГООР ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

saikhnaa 2017/01/04 829 0

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ОРОН НУТАГТ НЭГДСЭН БОДЛОГООР ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

 

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс, хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаарх мэдээллийг  Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийлээ.

Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан 2009-2016 оны хугацаанд нийт 745.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ зээлийн 83.5 хувийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан бөгөөд ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар нэмэгдсэн гэсэн дүн мэдээ байна.

Мөн 2011 оноос эхлэн Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1-3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгосон. Энэ дэмжлэгийн үр дүнд орон нутагт 9,272 үйлдвэр, цех шинээр байгуулагдаж, 13,909 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа өргөтгөж, улсын хэмжээнд 32.9 мянган ажлын байр шинээр нэмэгдэн, 20.7 мянган ажлын байр хадгалагдаж үлдсэн байна” гэв.

Харин Хүнсний үйлдвэрлэлийн салбарт нийт хоёр мянга орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 13 мянган хүн ажиллаж байгаа судалгааг тус яамныхан гаргажээ. Хүнсний боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 941.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Мөн хүнсний найман гол нэрийн бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа тул хүнсний хангамж тогтвортой гэж үзсэн байна.

Хөнгөн аж үйлдвэрийн тухайд өнөөдрийн байдлаар 2,000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 35 мянган ажилтан ажиллаж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн борлуулалт 2016 оны байдлаар 1.1 их наяд төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа бөгөөд энэ нь иргэдийн ажил эрхлэлт, орлого, амьжиргааны түвшинтэй шууд холбоотой учраас салбарын яам энэ тал дээр анхаарал хандуулж ажиллаж хэрэгтэйг сануулж байсан юм. Харин салбарын сайдын зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд Монгол Улсын үйлдвэржилтийн газрын зургийг гаргахаар яам ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан бэлэн болгохоор ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн санхүүжилт бүр өөрийн өртөгтэй гэдгийг тооцож, санхүүжилтийг түгээх тогтолцоог зөв горимоор нь үргэлжлүүлэх, ажиллах хүчний багтаамж ихтэй, эдийн засгийн үр өгөөжтэй зөв бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэйг гишүүд онцолж байв.

П.ГОО
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top