|

Нэгэнт Хятадуудад атгуулсан Тавантолгойг Хятадуудад өгөхгүй гэх нь утгагүй!

saikhnaa 2017/01/13 918 0

Нэгэнт Хятадуудад атгуулсан Тавантолгойг Хятадуудад өгөхгүй гэх нь утгагүй!

 

Яг үнэндээ бол Тавантолгойг Хятадуудад өгөх, өгөхгүйн тухай яриа утгагүй юм. Учир нь Тавантолгойн нүүрснээс өмнөд хөршийн компаниуд онцгой эрх эдэлж, ухаж авч явсаар багагүй хугацаа өнгөрсөн. Тэд хэдийнэ гараа гүн бат дүрчихсэн билээ.  Тавантолгойн баруун цанхид "Хишиг Арвин Индустрал”, "Мера”, "Монголын Үндэсний олборлогч” компанийн "Монгол уурхайчид” түншлэлээс гадна Хятадын компани орж ирсэн гэж  эдийн засагч Ч.Хашчулуун  хэлж л байсан. Тэрбээр улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлууд хийгээд гарцын талаар ярьж байхдаа "Хоёр дахь гарц нь манай дотоодын томоохон нөөцүүд бий. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэхдээ том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. "Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар   Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад Баруун цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв "Таван толгой”-н гэрээ амжилттай болбол 4 тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. Ам.долларын ханш өмнөх эдийн засгийн хүндрэлийн үед 1,300-1,700 руу унасан ч эргээд чангарсан. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно. Гэхдээ шийдэмгий арга хэмжээ авах ёстой.”  хэмээн хэлж байгаа. Ер нь бол эдийн засаг шийдэмгий арга хэмжээнүүдийг хүлээж байгаа гэдгийг хэлэх өөр эдийн засагчид ч бий.

Гэхдээ тэгээд гадаад дотоод зах зээл дээр хүлээлт үүсгээд байгаа Тавантолгойн баруун цанхи хэдийнэ хятадуудын бодлогоор үйл ажиллагаа нь явагдаж байхад  тэр 4 тэрбум ам.долларын үнэлгээний асуудал үлгэр шиг л болохоор байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс баруун цанхийн уурхайн талаар мэдээллийг албан сайтдаа хэрхэн оруулсныг харахад "Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг ашиглалтанд бэлтгэж, 2013 оны 06 дугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгийн нүүрсний экспорт 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхэлсэн бөгөөд  2013 онд  1.2 тонн, 2014 онд 3.6 сая, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 3.3 сая тонн нүүрс тус тус экспортлоод байна.2013 онд Цанхийн уурхайн баруун хэсгээс 1,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс, 2014 онд 4.5 сая тонн нүүрс, 2015 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 3.8 сая тонн нүүрс олборлоод байна."Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн баруун хэсэгт уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор "Хишиг Арвин Индустрал”, "Мера”, "Монголын Үндэсний олборлогч” компанийн "Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг чанартай гүйцэтгэсэн.” гэж байгаа юм. За харин тэр Хятадын компанийн талаар юу ч өгүүлээгүй байдаг.Ер нь бол Тавантолгойн лицензийг эзэмшигч Эрдэнэс Тавантолгой гэж компаний өнгөрсөн жилүүдэд утсан хүүхэлдэй шиг л байж ирснийг хэлэх хэрэгтэй.

Тэгэхээр Тавантолгойн төслийн асуудлаар энэ засаг хэлэлцээрийн ширээний ард сууж, ярилцаж байгаатай зэрэгцэн төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойн оролцоо ер нь үлдэх үү гэдэг асуудал гарч ирж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэвлэлд ярихдаа "Ер нь лиценз нь "Эрдэнэс Тавантолгой” дээр байхад энэ компанийг тойрч хийх боломж байхгүй л болов уу.  Тэгээд ч төрийн өмчит энэ компанийг  яг энэ төслийг хэрэгжүүлэх гэж л байгуулсан биз дээ. Тиймээс энэ компани төрийн оролцоог уг төслийн хүрээнд төлөөлж таарна л гэж ойлгож байна.” гэжээ. Мөн тэрбээр Тавантолгой төсөл дэх Энержи ресурс компанийн оролцооны талаар  "Ерөнхий сайдын хийсэн тайлбар, мэдээлэлд энэ компанийн талаар дурдаагүй. Ер нь Тавантолгойн төслийн асуудлаар Засгийн газар яриа хэлэлцээгээ өмнөд хөрштэй хийж байгаа. Энэ яриа хэлэлцээнийхээ талаархи мэдээллийг бүлэг дээр ил тод танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн. Мэдээж айлын талтай яриа хэлэлцээ явагдаж байхад өөрийн баримталж буй байр сууриа хамаагүй дэлгэхгүй гэдгийг ойлгож байгаа.” гэхчлэн ярьжээ.

Тэгэхээр манай улстөрчид өмнөд хөрштэй хэлэлцээ хийж байхдаа хөзрийнхөө зарим модыг нууж байгаа бололтой юм. Гэтэл яг тэр тогоонд нь, баруун цанхи дээр нь хятадууд шоргоолж шиг л ажиллаж байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top