|

Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутагт үхрийн галзуу өвчин гарчээ

bayaraa 2015/03/26 13542 3816

Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутагт үхрийн галзуу өвчин гарчээ

 

 Жаргалант сумын Дулаан уул багийн нутагт үхрийн галзуу өвчний тохиолдол илэрсэн болох нь 3-р сарын 23-ны өдрийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Үхрийн галзуу өвчин гарсан тус газарт буюу өвчний голомтонд 3 өрхийн 12 иргэн амьдарч байгаа бөгөөд одоогийн байдлаар тус өвчин хүнд халдаагүй байна. Үхрийн галзуу өвчнөөр өвчилсөн 1 үхэр болон өвчний голомтод байсан 4 нохойг устгалд оруулжээ. Жаргалант суманд үхрийн галзуу өвчин илэрсэнтэй холбоотойгоор Жаргалант сумын засаг даргын захирамжаар 3-р сарын 24-өөс эхлэн 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмийг тогтоогоод байна.

Өвчний голомтод 3 өрх байгаа ч хязгаарлалтын дэглэм тогтоох бүс нутгийг 10 км-ийн радиуст багтаан нийт 8 өрхийн 870 гаруй малд үзлэг шинжилгээ хийсэн байна. Үхрийн галзуу өвчин нь зоонозын халдварт өвчин бөгөөд шүлс болон шархаар дамжин мал амьтан,хүнд халдварлах өндөр эрсдэлтэй өвчин юм. Тус өвчин Орхон аймагт 1992, 1996, 2005, 2010 онуудад бүртгэгдэж байсан ба энэ удаагийн тохиолдол нь байгалийн голомтод хэлбэрээр илэрсэн байна.

Өвчний голомтод 3 өрх байгаа ч хязгаарлалтын дэглэм тогтоох бүс нутгийг 10 км-ийн радиуст багтаан нийт 8 өрхийн 870 гаруй малд үзлэг шинжилгээ хийсэн байна. 

Тодруулбал айлын хотонд үнэг орсоноос болж үнэгнээс тус өвчин хадварласан нь тогтоогдоод байгаа юм. Байгалийн голомтод халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг авахад их хэмжээний тандалт судалгаа явуулах цаг хугацаа болон зардал мөнгө ихээр шаардагддаг. Тиймээс халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг малчдад шуурхай байдлаар мэдээллэх, сэргийлэх заавар зөвлөгөөг хүргэх зайлшгүй шаардлагатай байгааг албаны хүн хэллээ. Учир нь малчдын зүгээс малын шархыг хайхралгүй орхих эсвэл нуух, мөн малын хариулга маллагаа муутайгаас болж шархалсан болон халдвар авсан малыг мэдэхгүй өнгөрч өвчнийг даамжруулах тохиолдол элбэг байдаг байна.

Галзуу өвчин туссан малын шүлс их хэмжээгээр гарах, зан төрх өөрчлөгдөн догшин болох, бусад мал хүн рүү дайрах, хүүхэн хараа нарийсан биеийн халуун нэмэгдэх, чичрэх, амьсгал давчдах, сүргээсээ хоцорч тасрах, гүймтгий болох, хөдөлгөөний хэмнэл алдашдах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг байна. тиймээс дээрх шинж тэмдэг малд илэрвэл нэн даруй малын эмчид хандах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн чоно үнэг, мал руу дайрч хазсан тохиолдол болон галзуу өвчний дээрх шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд сумын мал эмнэлэг, үржлийн тасаг багийн засаг даргад 12 цагийн дотор мэдэгдэх, эрүүл болон өвчтэй малыг тусгаарлах, нохой муурыг тогтмол уяатай байлгах, мал, гэрийн тэжээмэл амьтдыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулах, малаа байнгын хариулга маллагаатай байлгах гэх зэрэг зөвлөмжүүдийг мөрдөхийг Аймгийн ХХАГ-ын мал эмнэлэгийн хэлтсээс анхааруулжээ.
 
эх сурвалж: erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top