|

Ч.Сайханбилэг гэгч “хаяг”-тай, Б.Бямбасайхан гэгч “гүйцэтгэгч”-тэй Дубайн гэрээ гэх 4.4 тэрбум долларын өрийг хэн төлөх вэ

saikhnaa 2017/01/19 1146 0

Ч.Сайханбилэг гэгч “хаяг”-тай, Б.Бямбасайхан гэгч “гүйцэтгэгч”-тэй Дубайн гэрээ гэх 4.4 тэрбум долларын өрийг хэн төлөх вэ

 

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа хэсэг нөхөд дагуулан очиж Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод "Оюу толгой”-н "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид гарын үсэг зурж байв. Төлөвлөгөө нэртэй энэ гэрээг товчхондоо "Дубайн гэрээ” гээд байгаа юм. Тухайн үед "Оюу толгой” ХХК-иас "Тус компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа” хэмээн албан мэдээлэл гаргаж байлаа. 

Энэ "гоёмсог” албан мэдээг монголчууд хоёр талтай хүлээж авсан. Тухайн үед УИХ-ын гишүүн /өмнөх парламентын/ Г.Уянга, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун,  Л.Цог нар Оюу толгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн 15 том банк, санхүүгийн байгууллагатай байгуулсныг буруутгаж, үүнээс үүдэх хор уршгийн талаар олон түмэнд хандан сонордуулга гаргаж байсныг дурдах нь зүйтэй биз ээ. 

Тус сонордуулгад, "Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордын лицензийг барьцаалж, Рио тинто компани 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулсан одоогийн зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заажээ. Энэ нь Оюу толгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюу толгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болж байна” хэмээсэн байсан нь өдгөө ч хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. 

Үндсэндээ Ч.Сайханбилэг тэргүүтнүүд энэхүү гэрээ гэгчид гарын үсэг зурж, монголчуудыг 4.4 тэрбум долларын өрд оруулсан гэж болно.  Нэг зүйлийг онцлоход дээрх Дубайн гэрээ гэгчид гарын үсэг зурах асуудлыг Засгийн газар, УИХ-д мэдээлэлгүйгээр "далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үзүүлэлтээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчсөн гэж тухайн үед Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөхөд хүргэсэн. 

Гэсэн хэдий ч тухайн үед олонх байсан эрх баригчид яаж ийгээд Ч.Сайханбилэгийг суудалд нь үлдээсэн юм. Гэхдээ энэ гэрээнд Ч.Сайханбилэг яг ч өөрөө гарын үсэг зураагүй нь бас огцруулах үндэслэл болсон байх талтай. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд Монголын талаас "Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд "Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар /тухайн үеийн албан тушаалаар/ нар гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг хүний гараар могой бариулчихсан гэсэн үг. 

Энэ талаар тухайн үед Ч.Сайханбилэг "Оюу толгойн ордын 20 хувь болох ил уурхайг ажиллуулж эхэлснээр эдийн засаг 17 хувь өсч байсан. Одоо 80 хувийг бүрдүүлэх далд уурхай руугаа орох ёстой. Энэ төслөөс Монголын эдийн засаг ашгаа хүртэнэ. Энэ ашгийг 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж ирснээрээ би гадны компанийн гар хөл гэж хэлүүлж байгаа бол харамсалтай байна” гэсэн бол "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан "4.4 тэрбум бол гүний уурхайн санхүүжилт, гүний уурхайн бүтээн байгуулалтад бүрэн зарцуулна. Үүнийг санхүүжилтын өртгийг бууруулах гэж авч байгаа. Оюу толгой тасралтгүй 5 жил гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх боломжтой болсон. Энэ бүтээн байгуулалтыг нээснээр өнөөдрийн үнэ цэнээр Монгол Улс 8 тэрбум ам.долларын үнэлэмж авч байгаа” гэжээ. / www.news.mn 2015.12.20/   

Хэвлэлүүдийн мэдээллээс ажиглахад, Дубайн гэрээ гэгчид гарын үсэг зурсан нөхөд л үүнийгээ сайшаасан байхыг олж харна. Харин тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд, сөрөг хүчин, эдийн засагчид үүнд эсрэг байр суурьтай байсныг интернэт ашигладаг хэн бүхэн хайгаад уншчих биз ээ. Тэгвэл Ч.Сайханбилэг гурав хоногийн өмнө "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж далд уурхайг хөдөлгөсөн нь өөрөө давуу талыг бий болгож байгаа” хэмээн ярина лээ. 

Гэвч далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөн авч буй 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одсоныг тэр ярьсангүй. 

Уг нь Оюу толгойг хэн ч, хэзээ ч зогсоогоогүй. Тухайлбал, тус компани 2014 онд 3.1 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс түүний 9.3 хувь буюу 300.5 тэрбум төгрөг, 2015 оны эхний 11 сарын байдлаар 3.2 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 11 хувь буюу 352 тэрбум төгрөгийн татвар Монгол Улсад оруулсан байна. Үүний бараг тал хувь нь эргээд зээлийн өрөнд суутгагдаж байгаа гэвэл Монголын тал Оюу толгойгоос нийт борлуулалтынх нь 4-5 хувийг л хүртдэг гэсэн тооцоо гарч байгааг Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал хэлэлцэж байхад яригдаж байсныг мань хүн санахгүй байгаа бололтой. 

Үндсэндээ мань эр Ч.Сайханбилэг гэгч "хаяг”-тай, Б.Бямбасайхан гэгч "гүйцэтгэгч”-тэй Дубайн гэрээ гэгчээ цээжээрээ хамгаалсаар байгаагийн учир юу вэ. Тэдний тавьсан өрийг хэн төлөх вэ, энэ асуудлыг хэн шалгах вэ гэх асуултад бид хариулт хайж байгаа юм. Энэ асуудлыг хэн шалгаж, эдгээр нөхдөд хариуцлага тооцох вэ эрх баригчид аа?. 

Г.БАЯР 

Эх сурвалж http://www.info.mn

http://www.info.mn/news/80190.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top