Ерөнхийлөгчийн сонгуулийн тов тодорлоо. Сонгуулийн хуульд "Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж заасан байдаг. Энэ хугацаа нэгдүгээр сарын 26 буюу маргаашаар дуусгавар болж байгаа юм. Хуулийн хугацаатай уралдан маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийн товыг батална.
Ингээд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар” тогтоолын төсөл боловсруулжээ. Цаг хугацаа нь тулсан энэ асуудалд парламентчид санал хэлж, өөрчлөлт оруулахгүйгээр шууд дэмжин баталчих юм шиг билээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоон баталсны дараагаар парламентад суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ тодруулах ажилдаа албан ёсоор орно. Өнөөдрийн парламентад МАН, АН, МАХН гэсэн улс төрийн гурван хүчин байгаа. Эрх баригч хүчин намын даргаа нэр дэвшүүлэх бараг тодорхой. Учир нь сөрөг хүчин байхаас нь намаа удирдаж, 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дараалан үнэмлэхүй ялалт байгуулж, төр, засгийн эрхэнд гаргаж ирсэн эрхэм бол М.Энхболд. Түүнийг газрын наймаачнаас эхлээд элдэв саар зүйл дагадалддаг. Тиймээс нам дотроо Ц.Нямдорж, Н.Энхболд ч юм уу өөр хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, өөрсдөө ч нэрээ зүтгүүлэн лоббидох амбицтай эрхмүүд бий. Гэхдээ хайрцаглагдсан бодлогыг эвдэж, ганцаарчилсан тоглолт хийгээд байх бөх зүрхтэй аавын хүү МАН-д гарахгүй л болов уу. Олгой хагаравч тогтоон дотроо гэдэг бичигдээгүй хууль энэ намд л үйлчилдэг.
АН-ын тухайд юун түрүүн шинэ даргаа тодруулах нь амин чухал асуудал болоод байгаа. Намын шинэ даргаар хэнийг сонгохоос Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэдэг дараагийн асуудал руу шилжинэ. Намын даргад нэр дэвшин өрсөлдөж, сар гаруйн хугацаанд туждаа хамт явсан горилогчид сунгааны хугацаа шувтрах үест тэрсэлдэж эхлээд байгаа. Энэ нь ч аргагүй юм. Тэд намын даргын албан тушаалын төлөө өрсөлдөгчид болохоос "гарын таван хуруу” багийнхан биш. АН-ын шинэчлэлийг мартагдаагүй экс удирдлага, суудлаа ахиулахыг санаархах партизанаар төсөөлөхгүй биз. Энэ намын даргаар хэн сонгогдохоос АН шинэчлэгдэж үү, шилгээж үү гэдэг нь харагдана. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан эрхэм бол Н.Алтанхуяг. Хэн намын дарга байхаас үл хамааран Ерөнхийлөгчийн сонгууль намаасаа нэр дэвшигчидтэй өрсөлдөн тодрох эсэхээ үзэх байх. Гэхдээ түүнийг АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж байгааг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх "бие халаалт” гэж үзэх хэсэг байгаа. Учир нь АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, намаа 2020 он хүртэл удирдах эрхэм байна гэдгийг шинэчлэлийн Их хурлаараа тодорхойлсон. Тиймээс АН-ын шинэ дарга шинэлчлэлийн шийдвэрийг цуцлахгүй байх гэж найдна.
Парламентад суудалтай гурав дахь хүчин МАХН-ын хувьд ердөө нэг хүн л Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихээр эртнээс бэлтгэсэн. МАХН-ын даргатай холбоотой ямар нэг хуулийн зөрчил үүсчихгүй бол гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэр дэвших нь тодорхой.
Парламентад суудалтай гурван намаас ийн нэр дэвшигчид тодорно. Харин дөрөв дэх нэр дэвшигч тодрох магадлал бас бий. Энэ нь бие даагч С.Жавхлангаас хамаарах зүйл. Тэрбээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй аль нэг намд элссэн тохиолдолд парламентад суудалтай улс төрийн хүчний тоог нэгээр нэмнэ. Хэдийгээр бие дааж УИХ-д сонгогдсон ч улс төрийн намд элссэн тохиолд парламентын түүхэнд байдаг. 2000 онд бие даан нэр дэвшин сонгогдсон Л.Гүндалай АН-д элсэж байлаа. Ингээд АН-ын суудлын тоог нэмэгдүүлж, өөрөө ч намын дэд даргын албан тушаал горилсон. Бие даан нэр дэвшигч С.Жавхлан энэ түүхийг давтахгүй гэж баталгаагүй. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилогч хэн нэгэн С.Жавхланд намын даргын суудлаа ч тавьж өгөхөд бэлэн байхыг үгүйсгэхгүй.
"УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ.” Гэж хуулинд заасан. Цаашлаад УИХ-д суудалтай нам гэж ямар намыг хэлэх вэ гэдгийг Улсын Дээд Шүүх 2006 онд "УИХ-д суудал авсан намыг хэлнэ” гээд тайлбарласан байдаг. Нөгөө талаас Монгол Улсын иргэн аль ч нам, эвсэлд гишүүнээр элсэх нь нээлттэй. Бие даан сонгогдсон эрхэм өөр намд элсэж болохгүй гэх хуулийн заалт байхгүй. Энэ бүхнээс хуулиар зохицуулагдаагүй асуудал үүсч, дөрөв дэх эрхэм нэрээ дэвшүүлэх магадлал үүсч байна.
Ямартай ч шинэ парламент Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоон анхны намрын чуулганаа хоёрдугаар сарын нэгэнд өндөрлүүлнэ. Намрын чуулган завсарлахтай зэрэгцээд парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар нам эвсэх, сэм хуйвалдаан улстөр үргэлжлэх нь.
Н.Энхлэн
Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/478843.htm