|

М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэр маань ажилчин төвтэй байх ёстой

saikhnaa 2017/02/09 1034 0

 

М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэр маань ажилчин төвтэй байх ёстой

 

Цаг үеийн үйл явдлын талаар Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын зэс корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.

Он гарсаар Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ ямар асуудал дээр анхаарч ажиллаж байна ТУЗ хуралдахгүй байгаагаас болж үйлдвэрийн үйл ажиллагаанд хүлээгдэж байгаа маш олон асуудал үүсээд байна гэх яриа хэр бодитой вэ?

    ТУЗ өнгөрсөн 3 жилийн хугацаанд, буюу оросын талтай хамтарсан үйлдвэр байх үед огт хуралдаагүй байсан. ОХУ-ын өндөр технологийн Ростех корпорацийн өмчилж байсан үйлдвэрийн 49 хувийн хувьцааг 2016 оны 6 дугаар сард Монголын зэс корпорац худалдаж авсанаар ТУЗ-ийг шинэчилж, өнгөрсөн онд гурван ч удаа хуралдсан байгаа. Он гараад хараахан хуралдаагүй байна. Компанийнхаа дүрмээр ТУЗ нь улиралд нэг удаа хуралдахаар заасан байдаг.

    ТУЗ-ийн хурал хойшилж байгаа үндсэн хоёр шалтгаан байгаа. Үүнд: 2016 оны гүйцэтгэл хүлээгдэж байна. Өнгөрсөн оны ажлаа дүгнээгүй байж 2017 оны бизнес төлөвлөгөө, төсөв ярих нь үндэслэл муутай байгаа юм. Хоёрдугаарт, бид удирдлагын данхайсан бүтцийг мэргэшсэн цомхон болгож, удирдлагын зардлыг танах зорилт тавьж ажиллаж байна. Гэтэл шинээр томилогдсон гүйцэтгэх захирлын оруулж байгаа бүтэц нь өмнөхтэй адил нүсэр буюузөвхөн дарга захирлын тоог нэмэхээр, түүнийг дагаад зардал өндөр байхаар харагдаж байна. ТУЗ-ын зүгээс шинэ бүтцийн саналыг судалж, үнэхээр шаардлагатай эсэх дээр дүгнэлт өгч байна.

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлтэй байгаа гэж байсан. ТУЗ-өөс энэ талаар шийдвэр гарах уу.

    Монголын зэс корпорацийн хувьд ажилчид эн тэргүүнд тавигдана. Харин Гүйцэтгэх удирдлагаас оруулж байгаа санал нь ажилтнуудын биш зөвхөн дарга нарын цалинтай холбоотой асуудал байгаад байна. Шинээр бий болгох бүтэц нь үйлдвэрийн ажилчин төвтэй биш дарга төвтэй тийм л нүсэр бүтэц харагдаад байна. Одоогийн бүтэц бол удирдлагын хувьд цомхон, шийдвэр гаргалт илүү хурдан бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж эхэлснийг өнгөрсөн 6 сарын үйл ажиллагаа харуулж байна. Жишээ нь бид орлогч захирлын орон тоог гурав байх нь оновчтой гэж үзэж байхад одоо нэмж данхайсан зургаан орлогч, зургаан машин, зургаан хангамжийн асуудал яригдах гээд байгаа юм. Дарга нар биш ажилчдын асуудлыг хэлэлцмээр байна шүү дээ.

Олон нийтийн дунд Эрдэнэт монголын талд шилжиж ирсэнээс хойш Эрдэнэт үйлдвэрийн төлж байгаа татварын хэмжээ буурсан гэж шүүмжлэл байгаа.

    Зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээлд дөрвөн жил дараалан буурч 2016 онд доод цэгтээ хүрсэн. Эрдэнэт үйлдвэр 2015 онд улсын төсөвт 313.4 тэрбум төлсөн, 2016 оны гүйцэтгэлээр 117,8 тэрбум гарч байна. Татвар төлөлтийн хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан шалтгаан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор 145 тэрбум төгрөгөөр буурсан. 2016 онд зэсийн дундаж үнэ 4227 ам.доллар байсан. Хэрэв зэсийн баяжмалын үнэ 5000 ам.доллараас доош бол 5 хувь төлдөг, түүнээс дээш гарсан үнийн дүнд нэмж 11 хувь тооцдог. Мөн 2015 онд АМНАТ-т 44.5 тэрбум төгрөг илүү төлсөн байсныг суутгасан. Суутгаагүй байсан бол АМНАТ-ын татварт 160 гаруй тэрбум татвар төлөх байж гэж харагдаж байна. 2017 онд зэсийн баяжмалын үнэ өсөх төлөвтэй байна, өөрөөр хэлбэл улсын төсөвт төлөх татварын хэмжээ өмнөх жилүүдийн түвшинд очно гэж харж байна.

Оюу толгой компанитай харьцуулбал Эрдэнэт үйлдвэр татвар их төлдөг үү, бага төлдөг үү?

    Манай үйлдвэр нэгж бүтээгдэхүүнтэй харьцуулсан үзүүлэлтээр илүү татвар төлдөг. Оюу толгой АМНАТ-ын төлбөрт 5 хувь төлдөг бол Эрдэнэт үйлдвэр маань зэсийн үнэ тонн нь 5000 ам.доллараас давбал 16 хувь төлдөг. Гурав дахин өндөр татвар төлж байна гэсэн үг.

Ярилцлагын төгсгөлд үйлдвэрийн нийт ажилтнуудад хандан үг хэлнэ үү.

    Эрдэнэт үйлдвэр маань дарга төвтэй биш, ажилчин төвтэй байхын тулд бид хичээн ажиллаж байна. Манай компанийн зүгээс Эрдэнэтийн ирээдүйн таван зарчим гээд бодлогоо гарган танилцуулсан, хэрэгжүүлэхээр идэвхитэй ажиллаж байна. Үе шаттайгаар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд ТУЗ-д танилцуулахсанал бэлдсэн байгаа. Харин одоо үүнийг үйлдвэртэйгээ хамтраад хэрэгжүүлнэ дээ. Энэ завшааныг ашиглаад удахгүй болох сар шинийн мэндийг Эрдэнэт хотын иргэддээ, үйлдвэрийн хамт олондоо дэвшүүлэхийг хүсч байна.

Эх сурвалж: Erdenetinfo.mn

http://www.erdenetinfo.mn/post/6012

Санал болгох

Сэтгэгдэл

top