|

Эдийн засгийн өсөлтийг хангахад алтны салбар ихээхэн хувь нэмэр оруулна гэв

saikhnaa 2017/03/06 794 0

Эдийн засгийн өсөлтийг хангахад алтны салбар ихээхэн хувь нэмэр оруулна гэв

 

"Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ  сарын 17-нд болох гэж байна.  Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны олборлолт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлуудыг тус хурлаар хэлэлцэх юм байна.

Ирэх 10 жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.8-40.0 тонны хооронд хэлбэлзэж алтны салбарын экспортын орлого 2020 онд 1177.9 сая ам.доллар, 2025 онд 1564.7 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. 2015 онтой харьцуулахад алтны экспортын орлого 2020 онд 26.7 хувиар, 2025 онд 68.4 хувиар тус тус нэмэгдэх төсөөлөлтэй байна. Алтны орд газруудыг төлөвлөсөн хугацаанд ашиглахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгцээтэй бөгөөд эдгээрт банкны зээл, бонд болон бусад эх сурвалжийг ашиглах, алтны томоохон төслүүдэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах шаардлагатай байна.

Алтны салбарын олборлолт, үйлдвэрлэл болон борлуулалттай холбоотой хууль эрх зүйн тогтвортой орчинг бий болгох замаар алтны хайгуул болон олборлох салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэн, эрэл хайгуулын ажил эрчимжиж, алтны нөөцийн хэмжээг тогтвортой өсгөсний үр дүнд жилд олборлох алтны хэмжээ 20.0-47.7 тонн хүртэл нэмэгдэж, нийт 353.2 тонн алт олборлох тооцоо гарч байна. Алт тушаалтын болон экспортын орлого нэмэгдсэнээр үндэсний эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжиж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахад алтны салбар ихээхэн хувь нэмэр оруулах болно гэж үзэж байгаа аж.

Засгийн газраас "Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Алт хөтөлбөр нь алтны салбарын урт хугацааны хөгжлийг хангах, хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, алтны үндсэн болон алт агуулсан бусад металлын ордуудыг ашиглах, байгаль орчинд ээлтэй алт олборлох, боловсруулах дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын өрсөлдөх чадварыг өсгөх, Монгол улсын эдийн засагт оруулах өгөөжийг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top