|

МУГЖ Д.БАТТӨМӨР: Уртын дуу заримдаа хөшигний хөгжим болдог байлаа

Munkhbat 2015/03/30 1414 0

МУГЖ Д.БАТТӨМӨР: Уртын дуу заримдаа хөшигний хөгжим болдог байлаа

 

Баттөмөрийн дуунууд тоо бөглөх төдий бус, сүүлийн хагас зууны урлагийн өнгийг тодорхойлж чадсан" хэмээн Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүнийг тодорхойлсон байдаг. Монголын дууны урлагийн түүхэнд өөрийн гэсэн өнгө аясыг нэмсэн олон сайхан уран бүтээлийн эзэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөртэй ярилцлаа.

 

-Таны бага насны дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Би Өвөрхангай аймгийн Өлзийт суманд Ногоон бүрд гэдэг газар 1949 оны хоёрдугаар сард төрсөн. Манай аавыг Дашням гэдэг. Мал их сайхан малладаг, элдүүр элддэг, лам талын "Чойрын ном" их уншдаг, ан гөрөө хийддэггүй хүн байсан. Би аавыгаа жаран нас хүрч байхад нь гарсан гэдэг. Насны эцэст нь гарсан болохоор аав "Би хүн хийж аваад энэ надад тус болно гэж юу байх билээ" гэдэг байсан гэсэн. Гэхдээ намайг найман нас хүртэл хамт байгаад 1957 оны зургаан сард бурхан болсон. Энэ хугацаанд ганц хүүгийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хайрлаж өсгөсөн дөө. Тэр хавар нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд нэгдэлд гишүүн болж, Баттөмөрийнх гээд өрх тусгаарласан. Намайг нутгийнхан маань хоёр нутагтан гэдэг байсан. Төрсөн газар Өлзийт, ажил төрөл хийж амьдралаа залгуулж, ээжтэйгээ мал маллан аж төрсөн нь Хужирт сум. Хаана ч явж, хэнд ч хэлэхэд нүүр бардам хоёр сумаараа овоглож хүндлэгддэг. Олон улсад явахад ч хоёр сумаараа овоглож явсан. Үүнийг минь нутгийн иргэд мэддэг. Энэ нь уртын дуутай их холбоотой. Намайг жинхэнэ ард түмний хүү болгосон юм шүү дээ. Уртын дууны буян их юм. Би уртын дуучин гэдэг нэр зүүснээсээ хойш өнөөг хүрэхдээ бүрэн эзэмшээд дуулж чаддаг 30 гаруйхан дуутай. Ерөнхийдөө энэ ийм гээд зааж зөвлөөд, аялдаг 100 гаруй дуу бий.

 

-Та малчин хүн. Урлагт хэрхэн хөл тавьж байсан бэ?
-1957 оноос хойш ээж эгчтэйгээ нэгдлийн хонь авч маллаад хажуугаар нь адуучин байлаа. Адуунд их хорхойтой. Хонь хариулахдаа ч урт уургатай явдаг байсан. 1968 оны арваннэгдүгээр сард Уртын дуучдын улсын анхдугаар уралдаан болно гээд. Мэргэжилтнүүд хөдөө орон нутгаар яваад Норовбанзад, Пүүжээ багш нар манай аймагт ажиллаж. 30 гаруй хүн тэр уралдаанд оролцож байлаа. Өвөрхангай аймагт хуурч их ховор. Би нэг ч хууртай дуулж үзээгүй л аймагт ирж байсан. Тэгээд тэр намар улсад яв гээд бичиг ирээд хоёр арвын саваар хөлдүү сүү аваад
л хот явж билээ. Хөдөөнөөс ирсэн оролцогчдыг Дагважамц багш, морин хуурч Цэдэн гуай, Буянаа багш нар тосоод "Баянгол" зочид буудалд байрлуулж, долдугаар гуанзанд хооллодог. Чуулганд бэлтгэл хийгээд хууртай нийлээд л үеийн сайхан залуучуудтай юм үзэж нүд тайлсан даа. Энэ уралдаанд 60 гаруй хүн оролцоод би хоёрдугаар байранд орж 500 төгрөгөөр шагнуулж байсан.

 

-Уртын дуу удам дагадаг гэдэг. Танд дуулах авьяас хэнээс нь өвлөгдсөн бэ?
-Манай нутагт их олон сайхан дуучид байсан. Ээж их гоё дуулдаг. Цангинасан хоолойтой. Архангай аймгийн Хотонт сумын "Өөхийхөн" гээд ээжийн удмынхан сайн дуулдаг хүмүүс байсан гэдэг. Ээжийг хонио хариулаад исгэрэхэд саахалтын айлуудад тод сайн сонсогддог. Хоёр километр дотор хажууд байгаа юм шиг исгэрдэг. Тийм мундаг хүн байсан. Надад ээж маань "Алтан богдын шил" гэдэг дууг заасан. Дараа нь хамт адуу маллаж байсан Базарбатын эцгийн ах Өвөрхангайн Баянгол сумын уугуул Гончигийн Лонжид гэдэг адуучин байсан. Лонжид гуайгаас "Өвгөн шувуу" дууг сураад найр наадамд их явсан. Нөгөө наадамд ирээд "Алтан богдын шил", "Өвгөн шувуу" хоёрыг дуулсан. Дорждагва багш намайг дуудаад "Өвгөн шувуу"-г сайхан дуулж байна даан ч буруу дуулж байна. Дараа зөв болгож зааж өгнөө гэж билээ. Тэр үед хэзээ яаж заах юм бол доо гэж бодоод л өнгөрсөн. Тэгсэн харин хөдөөний ажил багасаад цаг завтай болсон үед сумын зарлагаар дамжуулагдан аймгийн захиргааны соёлын хэлтсээс бичиг ирлээ. Би айгаад тэр үед хэнд ч үзүүлэлгүй өөрөө харсан чинь "Нэгдлийн малыг өгөөд хотод ирж сургуульд сур" гэсэн утгатай бичиг байлаа. Тэрүүхэн тэндээ онгирч үеийн залуучууддаа харуулаад намайг "мөнгөөр үздэг болох нь дээ" гэж хошигноод орой нь гэрийнхэндээ хэллээ. Манайхан их дуртай хүлээж аваад яв гээд зориг оруулаад өглөө. Тэгээд л анхны уртын дууны курсэд ирсэн. Манай нутгаас долоон гавьяат төрсөн дөө. Одоо тал нь л амьд мэнд байна.

 

-Аймгийн соёлын ордонд ажиллаж байсан уу?
-Өвөрхангайн соёлын ордонд хоёр жил ажилласан. Хоор дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ хамаг л авьяасаа гаргана шүү дээ. Соёлын ордон хүнд их зүйлийг өгдөг. Бүжиглээд, дуулаад дууссаны дараа жүжиг тоглоно. Шөнө дунд л харьдаг байлаа. Өдөрт хоёр хоёр удаа концерт, жүжиг тоглоно. Энэ үед цэрэгт тэнцээд 30 км явж байтал тав зургаан хүнийг ар гэрийн гачаалаар гээд буцаадаг юм байна. Гэтэл аймгийн соёлын ордон намайг муу дуулдаг, цэрэгт явсан гээд орон тоогоор халчихсан. Тэгээд хийх ажилгүй ээж дээрээ очиж хэд хоноод байж байтал Баянхонгорт ир гээд. Өвс ачсан машинд хамаг эд зүйлээ хийгээд л явж өгсөн. Очсон даруйдаа их сайн ажилласан. Жил гаруй болоод байтал говийн сумуудаар бригадаар яв гэдэг байгаа. Тэгтэл хөдөө өмсөөд явах хувцас байдаггүй. Намар очиход ээжийн хийж өгсөн хурган дээл санаад орлоо. Тэр үед унаа ховор байсан болохоор яараад товч шилбийг нь хадуулж амжаагүй юм. Тэр чигт нь аваад очиж хадуулах санаатай өмсчихлөө. Тэгсэн соёлын ордны дарга Зэнээ гуай дуудаад орсон чинь үзэл суртлын хүн ийм байж болохгүй. Гар чи ирэхэд чинь хариуцлага тооцно гэлээ. Сар гаруй хөдөө яваад товч шилбээ хадуулаад ядарсан хүн иртэл аль хэдийн танхайрсан, зүй бус үйлдэл гаргасан гээд халчихсан байж билээ. Хийх ажилгүй шагай харваад. архи жаахан уугаад л яваад байлаа. Нэг едөр шагай харвадаг өвгөн уурын зууханд ажилла. Цалин нь сайн гэдэг байгаа. Тэгэхээр нь муу хувцсаа өмсөөд л хоёр өдөр хүн дагаж гараад ажилдаа дадчихлаа шүү. Сард 600 гаруй төгрөгний цалин аваад уурын зууханд галч хийгээд ганцаараа жаргаж өглөө. 1973 оны өвөл хот орж ирмээр санагдаад ирээд хоёр сард зохиолчдын хороонд ажилд орсон. Их л зүйл болсон доо. Хүний амьдрал эргээд дурсахад сайхан шүү.

 

-Та хэд хэдэн кинонд дуу оруулсан байдаг. Тэр тухайд?
- Би үлгэрийн танхимд ажиллаж байсан. Их авьяас гаргана. Тэрний нэг нь кинонд тоглож, дуу оруулсан тэр үе. Анх "Тунгалаг тамир" кинонд тоглож байсан. "Ард-Аюуш" кинонд ноёны мангар хүүгийн дүрд, "Мандах нарны туяа"-д олон ноёдын нэг болсон. Хамгийн сүүлд "Найрын ширээний ууц" гэдэг кинод гутал хулгайлдаг дүрд тоглосон. Тэдгээр дүрүүд хэзээ хойно ч гэсэн үлдсэн. Урлагийн л буян байх.

 

-Таны олон сайхан дурсамжийн нэг нь "Монгол Улсын гавьяат" цол хүртэж байсан явдал. Энэ үеийн тухайд?
-1992 онд төрийн концерт тоглох гээд тайзны ард бужигналдаж байтал. Хөшиг нээхээс өмнө шагнал гардууллаа. Тэгтэл хамгийн түрүүнд Долгорын Баттөмөр "Соёлын тэргүүний ажилтан" гээд зарласан. Дараа нь 1993 онд наадмын үеэр "Монгол Улсын гавьяат" цолоо хүртэж байсан. Тэр үед төрийн концертийг сар бэлддэг байлаа. Тийм завгүй үед гавьяатын сураг сонсоод гурван хоног нойргүй хонож байж билээ. Долоон сарын 10-ны өглөө арван цагт Сүхбаатарын талбайд очлоо. Нэргүй, Цогбадрах, Батсайхан бид дөрөв Ерөнхийлөгч Очирбатын зарлигаар гавьяат болсон. Тэмдэгээ авчихсан хэрнээ л итгэж өгөхгүй байж билээ. Орой нь тоглолтой нээлтийг би эхлэв. Хөтлөгч "МУГЖ Цогбадрах хуурдаж, МУГЖ Баттөмөр дуулна" гээд л зарласан. Гараад ирсэн чинь нүд бүрэлзээд л эхэллээ. Дуугаа дуулаад дундаа орж байтал нөгөө хоёр хөл агаарт байгаа мэт л дэнжигнээд байсан. Тийм л их хүндтэй сайхан шагнал байж дээ.

 

-Одоо уртын дууны хөгжил таныхаар ямар түвшинд байна вэ?
-Ер нь уртын дуу хүндтэй бөгөөд айхтар ажиллагаа ихтэй зүйл. Авьяас их шаардахаас гадна хоолой, амьсгаагаа зөв хуваарлах их чухал. Тэр дундаа айраг идээгээр наадаад хуруудаж, дэмбээддэг газар их дэлгэрсэн, уртын дуучид нь төрсөн байдаг. Гэхдээ айраг багатай газраас их ховор цөөхөн төрсөн байдаг. Эзнээ өөрөө олж авдаг мэргэжил бол уртын дуу байдаг гэж би боддог. Уртын дуу сурч байгаа хүмүүс сайн судалж ирж хайсан бүтээлч байх хэрэгтэй. Бидний үеийн уртын дуу хөшигний хөгжим байсан. Яагаад гэхээр хаана ч ямар ч тоглолт болно. Хамгийн түрүүнд нээж уртын дуу л дуулагдаж байж концерт явдаг. Гадаад дотоодтой харилцаа холбоо тогтоогоод хамтарч ажиллахад урлаг соёл л гүүр нь болж гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь олон зүйл дээр батдагдсан. Урлаг дотроо Монгол ардын урлаг бүр илүү үүрэгтэй. Уртын дуу устаж үгүй болох нь гэсэн яриа намайг залуухан байхад гарсан. Тийм учраас олон гавьяат төрсөн дөө. Ёстой нөгөө бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг. Ховордож байгаа юм даа хөөрхий гээд дөртэй бүрийг л сайн дуулдаг сайхан байна гээд л тахисан. Тэрний үрээр дураараа хүмүүс олширч нэг дуунд хоёр гурван дууны ая оруулж дуулах зэрэг зоргоороо дуучидтай болсон. Энэ нь ардын урлагийн утгыг алдагдуулана шүү дээ. Хүнээс асуугаад зөвлөөд бүтээл хийх залуус байхгүй байна. Дарагдаж устах аюулд орсон бүтээлүүдийг сэргээн дуулах бүтээлч залуу хойч үед тун ховор. Тэр сайн дуулсан, муу дуулсан гээд өнгөрөх ч ирээдүй хойч үед буруу нөлөөтэй. Уртын дуу өөрөө өндөр шалгуур. Уртын дуучин хүн бурхнаас заяадаг гээд Норовбанзад хэлчихсэн байдаг. Уртын дуу бол эзнээ өөрөө олдог.

 

-Залуу хойч үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна?
-Би одоо 67 хүрч байна. Нас явах тусам олон зүйл бодогдож суух юм. Уртын дуунаас өөр зүйл мэддэгүй л тэрнийхээ төлөө явдаг байсан. Ажил амьдрал мэргэжил байсан болохоор уртын дууны төлөө энэ насаа зориулсан. Одоо болохоор хойч ирээдүй үр хүүхдийнхээ төлөө цуглуулсан зүйлтэй хийсэн бүтээсэн намтартай үлдээх зүйлтэй билүү гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Яавал нэг эрүүл саруул байж хүүхдүүдээ бага зовоох бол гэж л хүсдэг. Ёстой нөгөө гал унтардаг гэдэг нь л болох юм. Би малчин байсан хүн болохоор малын тухай их боддог. Ойрын хоёр гурван жил бол сайхан жил боллоо. Зуд турхан нүүрлэсэнгүй. Уур уурхай хөгжөөд эдийн засагт нь нэмэр болоосой гэхээс илүү үндсэн хөрөнгө болох мал сүргээ өсгөх зөв бодлого бариасай гэж хүсэх юм. Монгол улсыг дэлхийд таниулсан гол тулгуур нь ердөө л таван хошуу мал. Таван хошуу малаа дагаж байж мөр бүтэн яваа ард түмэн шүү дээ. Ардын урлагийн гол тулгуур хүч нь түмэн олны аж амьдралын онцлогоос үүссэн байдаг.

 

Монголчууд тал хээр нутагтай, таван хошуу малтай өргөн дэлгэр амьдрах үндэс нь малаас л ихтэй. Холоос хархад нүд дүүрэн, дэргэд нь байхад сэтгэл өег. Тэгэхээр мал аж ахуй бол шавхагдашгүй баялаг юм. Хангай дэлхийгээ хайрлаад үр хүүхэд минь үлдэнэ гэсэн сэтгэлээр хараасай. Иргэн бүр эх орныхоо эзэн нь юм шүү дээ. Төр засаг ирээдүйгээ харах алсын хараатай байж зөв бодлого тодорхойлох хэрэгтэй. Манай төр засаг тийм ийм гэж шүүмжлэхээсээ гадна. Зөв хар. Нэг нэгнийгээ хардсан сэрдсэн буруутгасан хавчиж хашсан нийгэм үүсгээд байх шиг. Өвөлжөө хаваржааг нь хувьчилж өгөөд. Малын хөлийн татвар авна гээд л. Энэ малчид ер нь хэний өвөлжөөнд өвөлжөөд, хэний нутагт бэлчээрлээд хэнийг тэжээгээд байгаа юм. Малын хөлийн татвар авах нь байтугай аргадаж, хайрлаж өсгөдөг уламжлалтай. Адуу айсан хүнийг андахгүй гэж мундаг үг байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр эзэн яаж хандана адгуус эзнээ мэддэг гэсэн утгаар өвөг дээдэс биднийг сургасан байдаг. Мал сүрэг өсөөд үр өгөөжөө өгөөд байхад шунаад байх сэтгэл төрөөд байгаа нь нөгөө баялагийг хараал даа өртөөд байгаа шинж шүү дээ.


Б.ЯНЖМАА /ҮНДЭСНИЙ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

top