|

Хайхрамжгүй Ж.Батсуурь сайдаас болж ХАРААГҮЙЧҮҮД ӨЛСГӨЛӨН зарлах нь!

saikhnaa 2017/04/25 883 0

Хайхрамжгүй Ж.Батсуурь сайдаас болж ХАРААГҮЙЧҮҮД ӨЛСГӨЛӨН зарлах нь!

 

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг хараагүй хүүхдүүдэд анхаарал хандуулаач ээ гэх хүсэлт, шаардлагыг тавьж буй Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл ирэх тавдугаар сарын 1-нээс өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна. Тэд   Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан юм.  Өнгөрсөн хугацаанд төрийн өндөрлөгүүдэд, БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч, өөрсдийг нь үл тоож байгаа тул ийнхүү хурц хэлбэрээр тэмцэхээс өөр арга алга гэж байна.

Эргэн сануулахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоомсорлосон БСШУС-ын сайдыг огцруул гэсэн шаардлагыг тавьж буйгаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р сургуулийн багш, сурагчдын төлөөлөл  хэвлэлийнхэнд хандан мэдэгдсэн билээ. Тэд  энэхүү шаардлагаа төрийн гурван өндөрлөгт албан ёсоор тавьж буйгаа мөн хэлж байсан.  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны зүгээс 116-р сургуульд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандаж байсан ч, өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж өгөөгүй хэмээн холбооны тэргүүн Д.Гэрэл хэлж байсан юм.

МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.Болдсайхан хэлэхдээ "Хүүхдүүд сурч боловсрох, өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхэд бид хориг тавьж чадахгүй. Ажлаа хийж чадах сайд боловсролын яаманд хэрэгтэй байна. 116-р сургуулийн удирдлага урагшгүй. Улсын төсвөөс 170 сая төргөгийг тус сургуульд хуваарилсан ч энэ мөнгөө авч чадахгүй байсаар буцаагаад татуулчихсан. Өнөөдөр энэ сургуулийн мэдэлд 1 м.кв газар ч алга. Хараатай хүн энэ сургуулийг удирдаж чадахгүй юм бол хараагүй хүнээр захирлыг нь тавих хэрэгтэй. Бидний шаардлагын хариуг өгөхгүй бол цаашдаа тэмцлийн өөр хэлбэрийг сонгох болно. Удирдлагууд хараагүй хүүхдүүд багш нарт үзэл бодлоо илэрхийлж асуудлаа ярьсных нь төлөө дарамт шахалт үзүүлж байна. Хараагүй хүүхдүүдийн дотуур байрны хаалгыг байнга нээлттэй байлгах гэсэн дүрэм гаргасан байгаа юм. Ийм байж болохгүй шүү дээ” гэж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хууль  өнгөрсөн жил батлагдсаны дараа 116-р сургуулийг БСШУСЯ-ны харъяанд авах талаар саналаа хүргүүлснээ тэд хэлсэн. Гэсэн ч төр засгаас хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох асуудлыг шийдвэрлэж өгөхгүй, эрхийг нь зөрчиж байна гэсэн юм.

 Тиймээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон 116-р сургуулийн удирдлагуудыг огцруулах, харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд шаарлагатай ном сурах бичиг, тохилог орчноор хангахыг шаардаж байна гэж байлаа. Тэд хараагүй хүүхдийн асуудалд хайхрамжгүй хандаж байгаа БСШУС-ны  сайдыг огцруулах шаардлага гэж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top