|

Ниргэсэн хойно нь хашгирах хэрэг байна уу, Р.Содхүү дарга аа

zulaa 2017/05/05 867 0

Ниргэсэн хойно нь хашгирах хэрэг байна уу, Р.Содхүү дарга аа

 

МХЕГ-ын дарга Р.Содхүү хууль бус ба­рилгын ажлуудыг зогсоох арга хэмжээ аваагүйгээс өнгөрсөн даваа гарагт ээж, эгч хоёртойгоо хамт явж байсан 12 настай охин амь насаа алдсан тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн.

Үнэндээ иргэд МХЕГ-т ам муутай байдаг. Гэвч мууд муухай, муухайд ул­цан нэмэр гэдэг шиг л юм бол­лоо. Учир нь тус газрын ажилт­нууд өөрийн танил талаараа дамжуулан барил­гын үйл ажиллагаа явуу­лах зөвшөөрөл олгох, стан­дар­тад нийцээгүй барилгыг хүлээж авах зэрэг олон хуудуутай, но-той үйл­дэл гаргадаг нь нууц биш.

Тухайлбал, өнгөрсөн тав­дугаар сард Нүхтэд барьж байсан барилга нурж, олон хүн гэмтэж, нэг нь газар дээрээ нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан билээ. Үүгээр ч зогсохгүй хууль бус барилгын ажлаас болж иргэд гэмтэж бэртсэн тохиолдол маш олон. Хамгийн гол нь эдгээр даварсан барилгын компанийн үйл ажиллагааг зогсоох эрх нь МХЕГ-ын дарга Р.Содхүүгийн гарт байдаг. Гэтэл энэ ажилдаа ул суурьтай хандаж чадаа­гүйгээс 12 настай охин амь насаа алдсан. Үүний хариуц­лагыг хэн хүлээх вэ.

Мэдээж барилга барьж байсан компаниас гадна МХЕГ-ын дарга Р.Содхүү ч хол­­бог­дох ёстой. Тухайн үед хууль бус барилга гэдгийг нь мэдсээр байж шаардах хуудас төдийхөн өгч, тэд­нийг аргацааж байсныг юу гэж ойлгох вэ. Өнгөрсөн хуга­­цаанд тус барилгын аж­лыг зогсоо гэж ганцхан удаа шаардах хуудас өгсөн байна билээ.

Хэрэв ямар нэгэн танил талгүй хүн барилгын ажил эхэллээ гэхэд тус газрынхан шууд очоод зогсоох арга хэмжээ авчихдаг. Харин ар томтой хүмүүсийн барилга хэдий зөвшөөрөлгүй, хууль бус байлаа гээд МХЕГ-ын шаардах хуудсыг үл тоон сүндэрлэдэг "заншилтай” болсон.

Ингээд Нийслэлийн мэр­гэж­лийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнгээс дээрх барилгын ажлыг яа­гаад өдий болтол зогсоож ча­даа­гүйг асууж тодруулсан юм.

-"Төгс бүрэн” ХХК-ийн барилгыг хууль бус гэдгийг мэдсээр байж яагаад танай зүгээс арга хэмжээ аваа­гүй юм. Зөвшөөрөлгүй бариг­даж байсан гэдэг нь үнэн биз дээ?

-Бид "Төгс бүрэн” ХХК-ийн удирдлагуудад хууль бус барилгын ажлаа зогсоо гэж мэдэгдээд шаардлага хүргүүлж байсан. Шаардлага хүргүүлж байхад тус компа­нийн барилга гурван давхар болсон байсан. Харин одоо долоон давхар болгосон хойно ийм том осол гаргаж, хүний аминд хүрсэн нь харамсалтай байна.

Хэрэв тухайн үед бидний тавьсан шаардлагыг хүлээж авсан бол ийм зүйл болохгүй байсан. Зөвшөөрөлгүй барил­гад манайх хяналт тавих ёсгүй. Зөвхөн үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл л хүргүүл­дэг. Тухайн компани мэргэжлийн байгууллагаас албан ёсны бичиг ирсэн байхад зогсоох үүрэгтэйг тэд сайн мэдэж байгаа. Одоо ч бас зөвшөөрөлгүй хоёр барилгын компани үйл ажиллагаагаа явуулсаар л байгаа.

 -Тэгэхээр та бүхэн өдий болтол шүүхэд хандаагүй гэсэн үг үү?

-Манайх хуулийн хүрээнд ажлаа явуулдаг байгуул­лага. Тиймээс шүүхээс бичиг баримт баталгаажсан тохиол­долд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба арга хэмжээ авдаг журамтай. МХЕГ-ын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж бай­на. Ажлын хэсгээс шийд гаргас­ны дараа тодорхой ха­риулт өгөх боломжтой.

Энэ бол НМХГ-ын даргын хайнгадуухан хариулт. Ямар­тай ч түүний хэлж байгаа үг хэн ч сонссон үнэхээр өрөвдөлтөй байсныг хэлэх хэрэг­тэй. Хэрэг болохоос өмнө тэд жирийн иргэдэд гаргадаг шиг дарамт шахал­таа үзүүлж байсан бол өдийд тэр балчир охин ээж, аавтайгаа хамт инээж хөөрөөд явах байв.

Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хөөрхий охин тархиа бяцлуулсны дараа Р.Содхүү дарга сая нэг юм ажлын хэсэг байгуулж байна. Үүнийг инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү. Хатуухан хэлэхэд тус байгууллагын ажилчид нь танил талаараа дамжуулж орсон хэсэг нөхөд байдаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай нэр устай нь дурдаж байсан.

Иймээс төрийн албыг хувийн компани мэт үздэг Р.Содхүү дарга хүний балчир охины амь насыг авч одсоны дараа ухаарна гэж лав байхгүй. НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн ярьж буйгаар дахиад хоёр ч зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоож дийлэхгүй байна гэсэн. Тэгэхээр хотын дарга Э.Бат-Үүл энэ хууль бус барилгын ажлыг эхнээс нь шалгаж зогсоох гэж байгаа нь тун сайшаалтай.

Халаа сэлгээ хийж буй энэ үед МХЕГ-ын байгууллагыг үндсээр нь өөрчилж, ажил хийж чаддаг хүмүүсийг сонговол яасан юм бэ. "Баатар” дарга үүнийг аль хэдийнэ харчихсан байгаа гэдэгт Улаанбаатар хотын иргэд бид найдаж байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин”


Санал болгох

Сэтгэгдэл

top