|

ЗАРИМ ААН-ҮҮДИЙГ ХАР ЖАГСААЛТАД БҮРТГЭЖ, 3 ЖИЛ ТЕНДЕРТ ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭВ

tonshuul 2017/06/08 839 0
 
 ЗАРИМ ААН-ҮҮДИЙГ ХАР ЖАГСААЛТАД БҮРТГЭЖ, 3 ЖИЛ ТЕНДЕРТ ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭВ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийн дүгнэлтээ гаргасан. Ингэхэд Төвбанк 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан болохыг тогтоосон бөгөөд уг шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа нь энэ юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Гурван их наяд төгрөг гэдэг бол улсын төсвийн 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө. Үүнийг улсын төсвөөс барагдуулах боломжгүй. Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчид бүх хариуцлагыг нь ноогдуулна гэсэн үг биш. Гэхдээ түүнд зохих хариуцлагыг ногдуулах нь зүй юм" гэсэн юм. 

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир олон улсын аудитын байгууллага Монголбанкинд шалгалт явуулахад мөн 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгийг тогтоосон хэмээн хэлж байсан. Тэрбээр чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр ч энэ байр сууриа дахин илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Энэхүү 3 их наядыг алдагдал гэх үү, хохирол гэх үү. Юу гэж үзэх вэ” гэсэн асуудлыг тодруулахад Монголбанкны удирдлагууд, "Монголбанк жил бүр үйл ажиллагаандаа олон улсын аудит оруулдаг. 2016 оны тайлангаар 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэхүү алдагдал нь олон хэсгээс бүрдэж байгаа" гэсэн хариултыг өгсөн. 
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Байрны хөнгөлөлт, шагнал урамшуулал зэрэгт ихээхэн хэмжээний мөнгө гаргасан байна. Мөн улсын Эрдэнэсийн санд гар дүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Хэдий хөрөнгө хаашаа явчихав. Иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авах гээд олдохгүй байхад ААН-үүд маш бага хүүтэй зээл аваад арилжааны банкинд байршуулан мөнгө угаасан байх юм” гэхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлтэй аж ахуйн нэгжүүдээс 45 аж ахуйн нэгж зээлээ зориулалт бусаар зарцуулсан. Иймд дээрх аж ахуйн нэгж гэрээнд заасан хариуцлагаа хүлээх үүрэгтэй. Тухайлбал, хар жагсаалтад бүртгэж 3 жилийн хугацаанд ямар нэг тендерт оролцохгүй.

Монголбанк Нийгмийн хөгжлийн сандаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ сангаас хэдхэн хүнд дэмжлэг үзүүлж байсан юм билээ. Эмчилгээний зардал 10-30 сая төгрөг олгоно гэсэн байхад 130 сая төгрөг олгосон байсан. Түүнчлэн Эрдэнэс сангийн зоосон мөнгө, хуучны мөнгөн дэвсгэртийг өөрөө өөртөө цохдог, цохох ёсгүй хүн цохолт хийсэн, бэлэг дурсгал нэрээр авсан зэрэг зөрчил илэрсэн" гэсэн тайлбарыг хийж байв.

УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагвын хувьд, "Тухайн байгууллага ажиллагсадаа олон жил тогтвортой, ямар нэг нөлөөнд авталгүй ажиллахын тулд дэмжлэг үзүүлж болно. Гэхдээ энэ удаад эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Системтэй зөв яваа асуудлыг нь үлдээх хэрэгтэй. Харин эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн асуудлыг бол засч залруулах нь зөв юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснийг буруутгаагүй. Харин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хууль гуйвуулсан асуудлыг ярих нь зүйтэй юм" гэлээ. 

Гишүүд хэлэлцэж буй асуудлаар ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан болон Монголбанкны удирдлагуудаас тайлбар авсаны дараа санал хураалт явуулахад 76 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Санал болгох

Сэтгэгдэл

top