|

МОНГОЛ ХҮНИЙ ТОМ ШУНАЛ

saikhnaa 2017/07/15 615 0

МОНГОЛ ХҮНИЙ ТОМ ШУНАЛ

Монголчууд бид хашаа хатганаа хамгийн томыг нь авахыг хичээх. Гэхдээ харамсалтай нь тэр том хашаандаа жимс ногоо, цэцэг жимс өөрийн гараар ургуулдаг нь их цөөхөн. 
Учир нь ажилсагаасаа залхуу нь их.

Уг нь бол томд шунахынхаа өмнө би жижиг ч бай том ч бай энэ хашаанд юу ургуулж амьдралдаа, ахуйдаа, орчиндоо сайхан зүйл хэрэглэх вэ гэдгээ бодох, хийх нь чухал баймаар.

Байшин мөрөөднөө болж өгвөл хауз, гурав дөрвөн өрөө л. Машин авахыг хүснээ том том жип. Бензинээ дийлэхгүй ч хамаагүй авахыг унахыг хүснэ.

Ганган байхыг хүсэхээс яавал хөл нь шивэргүй, суга нь хулмасгүй, үс нь тослоггүй, хуруу хумс цэвэрхэн, арьс батгагүй, зөв хооллож ундалж, спортоор хичээллэх тухай, үндэс ёзоорыг судлах тухайд үл анхаарах.

Нүүр будлаа, үнэтэй хувцас өмслөө, том машины сэг ч хамаагүй уналаа баян гэж бодох.

Хурган дарга боллоо, хуурамч диплом худалдаж авлаа, тасарчихлаа гэж бодно.

Аягүй том, аягүй баян байхыг хачин их хүсэх атлаа ил шээж баанаа, нус цэрээ, хогоо хаянаа, байх л зүйл мэт үл сүйд болох.

Хамгийн хачирхалтай нь тэр өөрийнхөө тарьсан хог новшоор өөрөө ч амьсгалаад хордоод явж байгаа шүү дээ. 
Мөрөөдөл нь том байшин, том машин, том мөнгө. Гэхдээ түүнд хүрлээ авлаа гэхэд тархи сэтгэл минь дэндүү өчүүхэн хэвээрээ буйгаа мэддэг нь чухам хэд билээ.

Олдогоосоо их ойгүй хэрэгцээтэй, цаддагаасаа их идүүртэй.

Гэтэл бидний муулдаг хужаанууд алгын чинээхэн газарт хүртэл элдвийг л тарьж ургуулах.

Харин бид жимс идэх дуртай ч жимсээ ургуулдаг нь цөөхөн. Цэцэг мод харахыг хүсдэг ч дээр нь гишгэж тасддаг нь их.

Мэдэхгүй зүйлээ бусдаас асуухаасаа хүртэл нэрэлхэх. 
Учир нь мэдлэгтэй хүн болж харагдах нь чухал.

Хэн нэгийгээ дагаж хошуурахдаа гаргуун. Толгой баян Батын толгой дээрээ тавьсан сийрсэн малгайг том жижиггүй дууриаж тавих. Гэхдээ малгай бүр бид бүгдэд адилхан гоё зохихгүй. Бүүр малгай огт зохидоггүй хүн ч байх жишээтэй.

Намхан нуруутай ч том том хайваг яйваг алхана. Боссын байдлаар гүзээ харвинтай буян ихтэй буйдаа бахдана.

Дөнгөж 40,50 гарсан ид насны идэр залуус өвгөрч хөгширснөө гайхах ч гаргаж буй ааш авир нь 20 хэдтэй хүүхдүүдээсээ ч заримдаа дор л байх.

Том, том, баян баян харагдахын төлөө бүх анхаарлаа хандуулж чармайх атлаа яг үнэндээ хүн байхын төлөө бидний хичээн нь чин сэтгэлээсээ чармайдаг бол гэж хааяа өөрийн эрхгүй санагдах л.......

Эцсийн бүлэгт яагаад бид жижиг зүйл гэдэг томд хүрэх алхам шат. Жижиг бүхнээс том зүйл бүрэлддэг гэдгийг ухаарах бол.

Улаанбаатар хотын тал нь гэр хороолол. Гэхдээ тэр бүх хашаанд жимс цэцэг, бут мод нахиалсан билүү. Түүнийг ургуулж арчилдаг айл өрхүүд олон байна уу. Үгүй. 
Капитализмыг алгассан нийгмийн түүх хүртэл аливааг алгасаж томд шунах аюултайг нотлоод байгаа бус уу.

Байгаа зүйлдээ орчиндоо яавал сайхан амьдрах вэ гэж бодох, хийх нь байхгүй зүйлийг томыг мөрөөдөж суухаас илүү хялбар.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл

top