|

“Ганцаарчилсан” эрх баригчид

namuunaa 2015/05/29 716 0

АН-ынхан 30-уулаа байтугай 3-уулаа суугаад ойлголцоход бэрх эрхмүүд ажээ. Үүнийг эдүгээ эрх барьж байгаа төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын "Тавантолгой”-гоор  ойлголцолд хүрэх гэсэн хэлэлцээрийн өдрүүдээр жишээлэхэд хангалттай. Хоёр сар орчмын өмнө Тавантолгойн гэрээний төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үзэглэхэд бэлэн болсныг олон нийтэд мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүн мэдэгдэл хийгээд 24 цаг ч болоогүй байхад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээхдээ уг гэрээний төсөлд гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах байр сууриа илэрхийлсэн. Харин Ерөнхийлөгч энэ төслийг "улстөрчдийн хоол болгочих вий, хурдан шийдээд явах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ төсөл популимзын сүүдэрт дайрагдан гацлаа.

 

"Тавантолгой”-н төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Засгийн газар өргөн барьсан хэдий чпарламентын танхимын босгыг давж чадаагүй байна. Энэ гэрээний төслийг 14 хоногийн дотор шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санал АН-ын бүлгийн хуралдаанаар агаарт замхарч, өнөө ч парламентаар хэлэлцэгдсэнгүй. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд парламентаар хэлэлцүүлэхээс нь өмнө эрх мэдэл, албан тушаалаа ашиглан уг гэрээний төслийг нягтлах ажлын хэсгийг байгуулан "өөрийн хүн” Л.Эрдэнэчимэгээр ахлуулж, намынхаа хагарлын "гал дээр тос нэмчихлээ”.

 

Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд "Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх нь чухал байна. Түүнээс бус Засгийн газрын оруулж ирсэн хувилбарыг зөвшөөрөх эсвээс нэмэлт оруулах, цаашлаад дэмжихгүй байх эсэх нь чухал биш. Хамгийн гол нь УИХ-аар хэлэлцүүлээд явах хэрэгтэй” хэмээн эрх баригчдын үл ойлголцол дээр тоглолт хийж, улс төрд горилогчид "Эрх баригчид "Тавантолгой”-г гацаалаа. Гэрээний төслийг шуурхай хэлэлцэн баталж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой” хэмээн өөр өөрсдийнхөөрөө жиргэн өндөлзөж, шар нар, бор өдрийг өнгөрөөсөөр.

 

Тиймээс ч "Тавантолгой”-н гэрээний төслийг гацаасан олон нийт "хэргийн эзэн”-ээр парламент бус, сөрөг хүчин ч бус, хэлэлцүүлгээс өмнө хянуулах ажлын хэсэг байгуулсан спикер ч бус харин Л.Эрдэнэчимэгийг цоллоод байна. "Тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр "Монос”-ын эмийн асуудлаа зохицуулж чадахгүй байж стратегийн асуудал руу үсрэн орж, "утсан хүүхэлдэй”-н ажлыг хийж байгаад олон нийт жийрхэж байна лээ.

 

"Тавантолгой”-н гэрээний төслийг хянасан талаарх мэдээллээ намын бүлэг, УИХ дээр танилцуулалгүй, хэвлэлд ганцаарчилан мэдээлэл өгсөн нь УИХ дахь АН-ын бүлгийнхээ зэвүү эгдүү хоёрыг зэрэг төрүүлсэн хэрэг болов. Дотоод хагарал, зөрчлөө тогоон дотроо хадгалаад байдаггүй нь АН-ынхны гэм биш зан. Тиймээс ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Тавантолгойн гэрээний төслийг хянах асуудлаар ганцаарчилсан мэдээлэл өгсөн нь буруу. Намын бүлэгтэйгээ зөвшилцөх ёстой” гэсэн үгийг Л.Эрдэнэчимэг гишүүнд хаяглан хэлнэ лээ.

 

Зөвхөн "Тавантолгой”-н асуудал эрх баригчдыг зөрчилдүүлсэн юм биш. Өөрсдийнх нь байр суурь, хүсэл зорилгод нийцэхгүй бол өөрийн нэр төрөө эрхэмлэн намынхаа өөдөөс турхирсаар байдаг нь хачирхалтай.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 7 жил орчмын өмнө "7 сарын 1”-ний үйл явдалд биечлэн оролцсоноор хуулийн байгууллагаар шалгагдан, "Монгол Улс”-ыг уншуулах шахаад байхад АН түүнийг нөмөртөө авч хамгаалсан. Ер нь өөрөө АН-д "амь авраарай” хэмээн хадаг барьж элсэн орсон эрхэм. Цаашлаад хишиг буяныг нь ч хүртэж, АН-аас парламентад нэр дэвшин сонгогдоод байгаа. Харин өнөөдөр эрхэм гишүүн  "хүний хүүхэд хүрэн бөөр”-тэй гэдэг шиг л үе үе хаврын тэнгэр шиг ааш гаргадаг нь нууц биш. Тэрбээр АН-ын экс дарга, экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шүүмжилж, огцруулахыг санаачилсан эрхмүүдийн нэг. Шинэчлэлийн Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг байсан түүнийг нийгмийн зарим хэсэг нь зоригтой, намдаа тал засдаггүй хэмээн магтдаг байлаа.

 

Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлахдаа "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд тохиролцоонд хүрч, холбогдох хүмүүс гарын үсэг зурсан. Дубайд болсон үйл явдал монголчуудад төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл болж, эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шанг татаад байна. Олон улсын хөрөнгийн зах дээр манай хувьцаа, бондын үнэ өссөн эерэг мэдээлэл гарлаа. Харин үүнийг шүүмжлэх хэсэг байсан. Энэ нь ч зөв. Асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа хэсгийн үзэл бодлыг ч хүндэтгэх ёстой. Гэхдээ шүүмжлэлд популизм байж болохгүй. УИХ дахь бие даагчид "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөг шүүмжилсэн бол МАН, "Шударга ёс” эвслийн бүлэг нам жим байгаа. Гэтэл "Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Шийдлийн Засгийн газрын хойдхыг уншина” гэж Ж.Батзандан гишүүн жиргэлээ. Харин түүнийг дэмжигч хэсэг "өөрөө сайдын албанд томилогдоогүйдээ хорсож явдаг нөхөр байна” хэмээн түүнд хандах хандлагаа өөрчилсөн байх юм.

 

Сүүлийн үед эрх баригч АН-ынхны хоорондын маргаан чуулганы хуралдаан дээр төдийгүй байнгын хорооны хуралдаанаар ч үргэлжлэх болжээ. Өөрөөс нь эсрэг санал гаргавал хуралдаан хувийн асуудлаар үргэлжилнэ. Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат хэлэлцэж байгаа асуудлаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй зөрчилж, улмаар бие биенийхээ царай зүсний хачныг дуудалцан, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд сайдыг огцруулах асуудал хөндөх дээрээ тулав. Харин маргаан үүсгэсэн асуудал нь ёстой хөгийн, микрофон булаацалдсанаас үүдэлтэй.

 

Энэчлэн дурдаад байвал эрх баригчдад ганцаарчилсан тоглолтгүй эрхэм өдрийн од шиг. Парламент дахь бүлгийн гишүүд нь эе эвээ хичээн, төрд ноён нуруутай зүтгэж чадахгүй байхад жирийн гишүүд нь намын аппаратынхантайгаа үг зөрөлдөн, эсэргүүцэн босоод байгааг буруутгах аргагүй.

 

Эрх баригчдыг парламент дахь бусад намууд бус АН-ынх нь гишүүдийн үл ойлголцол, тонхилцоон үнэгүйдүүлж тэр хэрээр төрийн ажлыг ч хүчгүйдүүлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top