|

Ойлгох ухаан хайрла

saikhnaa 2017/09/05 708 0

Ойлгох ухаан хайрла

 

Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа МАН-ын 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэдгийг тогтоож, хэргийг хаасан хэмээн ярьжээ. Тэрбээр "Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон” гэж тодотгов. Товчхондоо МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан гэмт хэрэг үйлдээгүй учраас хэргийг хаажээ.

 

 

Прокурор Ж.Ариунаагийн яриан дунд "Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан байдаг. 

 

 Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй” гэсэн үг өгүүлбэр бий. Түүний энэ ярианаас Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албыг наймаалцах тухай ярьсан нь үнэн гэдгийг ухаан зарахгүйгээр ойлгож болно.

 

М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын яриа эвлүүлэг юм байж. Тэгвэл нотлох баримт нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн албыг наймаалцахыг санаархсан гэдгийг нь баталжээ. Нотлох баримтаар баталсан зүйлээ үргэлжлүүлэн шалгахгүй хаасан нь сонирхолтой. Ярьсан төлөвлөгөө нь хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй учраас тэд гэм зэмгүй бололтой. Ямар ч тэнэг нь "Би Ц.Сандуйд 5, 10 сая төгрөг өгч, төрийн албанд орсон” гэж хэлэхгүй. 3 000 хүн байтугай 30 000 хүнээс асуусан ч хэн ч авлигын хам хэрэгтэн болохыг хүсэхгүй.

 

Гэмт хэрэг биш гээд прокурорын хаасан бичлэгийг хэдхэн хоногийн өмнө МАН-ынхан үнэн бодит гэдгийг хүлээн зөвшөөрч, хэвлэлээр хэсэгтээ байлдсан. НИТХ-ын дарга Ц.Сандуйн зөвлөх, ойрын хүн гэх А.Ганбаатар хэвлэлийн хурал хийж, 60 тэрбумын санхүүгийн схемыг ярьсан уулзалт болсон, энэ бичлэг бодит гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бүр энэ бичлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд У.Хүрэлсүх нар байсан, тэдний дуу хоолойг хассан нь гайхалтай байна хэмээн хам хэрэгтнээ хайсан яриа хэвлэлийн хуудсанд одоо ч бий.

 

Үүний дараахан буюу одоогоос  18 хоногийн өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан АТГ-т мэдүүлэг өгөх гэж очив. Хэвлэлийнхэн түүнийг АТГ-ын үүдэнд хэдэн хором саатуулж, зарим зүйлийг тодруулсан. Тэр үед Д.Амарбаясгалан "Харамсалтай нь намын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй энэ бичлэг бодитой гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэж ярьсныг олон мянган чих сонссон. Мөн тэрбээр саяхныг хүртэл 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг хэмээн бодож, олон нийтэд эвлүүлэг гэсэн мэдээлэл удаа дараа өгч байсандаа харамсаж буйгаа ч илэрхийлсэн. Мөн А.Ганбаатарыг нэр төрд халдсан хэргээр хуулийн байгууллагад өгч буйгаа ч мэдэгдэж байв.

 

Хэргийн гол эзэд болоод МАН-ынхан 60 тэрбумын бичлэгийг ҮНЭН БОДИТ гэдгийг батлан ярьсаар байхад прокурорын байгууллага ГЭМТ ХЭРЭГ биш гээд хаасны учир юу вэ?! Үүнийг ойлгох ухаан хайрлаач.

 

В.Бат

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top