|

Ерөнхийлөгч Х.Баттулгын дараагийн хориг юу вэ

saikhnaa 2017/11/13 497 0

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих нь улс төржилт болох уу гэх асуулт өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв байлаа.  Уг нь төрийн өндөрлөгүүд гар нийлж байж гэмээнэ улс орны ажил урагш явна. Харин өөр хоорондоо зөрчилдөх ававаас гацаанд ордогийн  бодит жишээ бид өөрсдөө болов. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь хориг тавьснаар хүүхдүүд 20 мянган төгрөгөө авч чадахгүйд хүрч, банкнаас зээл аваад сургууль, цэцэрлэг барьсан олон компанийн санхүүжилт царцахад хүрсэн.

 

Үүнийг МАН-ын гишүүд шоу хийлээ, Ерөнхийлөгч хоригоо үзэмжээрээ тавьж байна, Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Гэтэл улс төрийн байдлыг улам хурцдуулж, нэг намын хагалган бутаргаж байна хэмээн шүүмжлээд авсан ч асуудлыг нөгөө талаас нь харвал хэдхэн сарын өмнө Засгийн газраа огцруулж байхдаа МАН-ын гишүүдийн хэлж байсан үг эргэн санагдах. Эв нэгдэл нэрийн дор хууль бус, бусармаг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бөөн бөөнөөрөө хэвлэлийхэнд хов хүргэж байсан нь саяхан билээ.

 

Хэдийгээр УИХ Ерөнхийлөгөөс тавьсан хоёр ч хоригийг хүлээн аваагүй ч Х.Баттулгын зүгээс  дахин хориг тавина хэмээн мэдэгдсэн нь улс төр дахин гацаанд орох нь уу гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы  хуралдаанд биечлэн оролцохдоо  "Үнэхээр болохгүй болоод хориг тавьсан. Одоо уул уурхай эзэмшдэг буюу Тавантолгойг тойрсон бүлэг энэ улсыг дахин удирдаж буйг энд сууж байгаа бүх хүн мэднэ.  Ийм бүлэглэлийн төлөөллийг дэмжсэнд харамсаад хориг тавьсан. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг, нийт 55 тэрбум төгрөг өгөх нь өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулахад харамсалтай шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид өнөөдөр татгалзах ёстой. Жаахан олсон орлогоосоо халамж тарааснаар бид эдийн засагт юу хүртсэн бэ? 55 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Үүгээр ажлын байрууд нээх хэрэгтэй. Болохгүй бол дутагдаад байгаа гурван ээлжтэй цэцэрлэг барих хэрэгтэй.

 

Тавантолгойг түрүүчийн УИХ дээр үнэгүй авах гэж оролдсон бүлэглэл дахиад гараад ирлээ. УИХ-ын дэд даргаар тавьсан хүнээ МАН-ын бүлгийн хурал эргэж хараач. Удахгүй МАН-ын Их хурал болно. Бид дахиад чөтгөрийн тойрогт орлоо. Хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан. Бусад улс төр, бизнесийн бүлэглэлийг атгачихсан, одоо яамд руу орж байна. Энэ тодорхой болсон учраас хориг тавьсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч боловч төрийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр уул уурхайн хайгуулаар олсон ордуудыг хувийн эзэмшилдээ авч,  их хэмжээний мөнгөтэй болоод, эргээд улс төрд орж, улс төрийг худалдаж яваа хүмүүстэй би эв нэгдэлтэй байж чадахгүй гэдгээ сонгуульд нэр дэвшиж байхдаа ч хэлсэн. Одоо ч хэлнэ, цаашдаа ч хэлнэ. Энэ байдлыг би шүүмжлээд байгаа юм. Энэ хүмүүсийн төлөөлөл хүчтэй орж ирж байгааг л анхааруулж байна.

 

Тодорхой хугацааны дараа энэ бүхэн үнэн гэдгийг гаргаж ирэх байх. Сая Л.Энх-Амгалан гишүүн "Байдал хүнд байна” гэж ярьж байна. 65 гишүүнтэй эрх барьж байгаа нам энэ байдлаа засаж янзлах хэрэгтэй.

 

Эрх барьж байгаа намаас сонгогдсон УИХ-ын дэд даргын үг биш шиг зүйл яриад байх юм. Та нар эрх барьж байгаа шүү дээ. Ажил хийж бизнесийг тэлэх талаар би яриад байгаа шүү. Хумих тухай биш. Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьсан. Хэрэв Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг зүйл яригдаж байгаа бол дахиад хориг тавина" гэв.

 

Түүний энэ мэдэгдлээс харахад дараагийн хориг МАН-ын Их хурлаас ихээхэн шалтгаалах бололтой.

 

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top