|

Шантаажны 750 сая төгрөг ба утаатай тэмцэгч Ц.Пүрэвхүү

saikhnaa 2018/01/22 774 0

Шантаажны 750 сая төгрөг ба утаатай тэмцэгч Ц.Пүрэвхүү

 

Утаа гэдэг зүйлийг устгана хэмээснээс хойш арав гаруй жилийн нүүр үзлээ. Төдийгөөс өдий хүртэл утаатай тэмцэх дайн үргэлжилсээр. Төр засаг, түмэн олон ч энэ асуудалд туйлын нухацтай хандаж байгаа. Хоёр талаасаа хүч хавсарч утаа угаарыг нам дарах гэж хэрэндээ л чармайж сууна. Үр хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүй хойчийнхоо амьдрах орчин, амьсгалах агаарт санаа зовсон эцэг, эх "Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагыг ч бий болгов. Төр нь нэгэнт дийлэхээ байсан учир ийнхүү эцэг эхчүүд өөрсдийн дуу хоолой, үйл хөдлөлөөр тэмцэж байгаа юм.

Он гарснаас хойш тэмцэл нэлээн хурц маягаар үргэлжлэх болсон. Тэд дүн өвлийн хүйтнээр, хацар исгэх жавартайд чимээгүй, хэвтээ жагсаал хийсэн билээ. Бүр Үндсэн хуулийн төрсөн өдрөөр. Сайд дарга нар гэхдээ үүнийг нь тоогоогүй. За ямартай ч сүр, дуулиантайгаар хэвтэцгээсэн нь үнэн. Харин сүүлийн үед  "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын  тэргүүн Ц.Пүрэвхүүтэй холбоотой нэгэн чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэмээр мэдээлэл түгэх болжээ.

Түүнийг утаа нэрийн доор улстөрчдийг шантаажилж их хэмжээний хөрөнгө мөнгө авсан гэх асуудал. Тодорхой дуулгавал Төрийн тэргүүнээс 500, парламент дахь сөрөг хүчний намын дарга С.Эрдэнээс 250 сая төгрөг авчихлаа гэх бор шувууны жиргээ нисч эхэллээ. Үнэхээр ийм хэмжээний мөнгө халаасан бол гэх бодол ч иргэдийн дунд эргэлдэж байна. Тэмцэл нэрийн дор утаа, угаарыг далимдуулан өөрийн амьжиргаа амьдралаа сайжруулах л зорилготой байв уу гээд олон асуулт урсан хөвөрч яваа.

Энэ асуудлыг мэдээж тэрбээр сонордсон нь гарцаагүй. Мөн асуултын хариуг ч удаан хүүлэлгэлгүй барьсан байлаа. Өөрөөр хэлбэл, Утааны эсрэг ээж аавууд нүүр номын хуудаснаа "Ардчилсан намын дарга С.Эрдэнэ миний хоёр хүүгийн амьсгалах агаарт санаа нь зовоод надад 250 сая төгрөг төлнө гэж та нар бодож байна уу? Та бид Х.Баттулга, С.Эрдэнэ, Хүрэлсүх, М.Энхболд нарт хүүхэд гаргаж өгсөн юм уу?? Улстөрчдийн хэзээ ямар авир гаргахыг бид яаж мэдэх юм бэ?

Та нар бүгд л утааг арилгахын тулд орон сууцжуулах ёстой гэж боддог биз дээ” гэх зүйлийг бичжээ. Гэхдээ хийх, хэлэх хоёрын хооронд төө илүү зай бий гэдэг. Он цагийн уртад, эсвэл өнөө маргаашгүй ч асуудлын үнэн мөн тодорч, үнэн эсвэл худал гэдэг зүйл яригдана. Магадгүй тэр ганц төгрөг ч аваагүй байж болно. Хэрэв тийм бол гүтгэж байгаа нөхдүүд шүүхийн өмнө суух нь дамжиггүй биз.

За ямартай ч төрийн ордонд үүрлэсэн үглээ бяцхан бор шувууд үнэн худал нь мэдэгдэхгүй ийм нэгэн мэдээллийг жиргэж байна. Хонгилоор хэсүүчлэх хүн бүхний чихэнд дуулгасаар. Хэний халааснаас хэдэн төгрөг гарах нь чухал биш бөгөөд эцсийн дүндээ утаа, угаарыг арилгах нь хамгийн чухал.

Ер нь, бид хэрхэн тэмцээд байгаа юм бэ гэсэн асуулт ч бий. Тэгвэл он цагийн уртад ээлжлэн солигдох дарга, сайд нар тэмцлийн хэлбэрээ огт сольсонгүй. Ёстой төрийн залгамж халааг үргэлжлүүлж, аль ч салбараас илүү гэдгээ утаан дээр харуулж суугаа. Хууль, хөрөнгө мөнгө хоёроор далайлган арсалдан тэмцсээр ирэв. Гэвч ялан дийлж чадахгүй явна.

Утаа гуай ч энэ хугацаанд өөрийн хүчээ зузаатгаж, хордуулах хүч чадал, найрлагаа улам сайжруулсаар байгаа. Өнөөдөр мод түлээний утаа бус элдэв төрлийн хүнд металь, хорт бодисоор арвижуулсан угаар болон хувирч нийслэлийг бүрхээд байна. Өнөөдрийг хүртэл утаатай ноцолдохдоо жил бүр л хэдэн зуун сая, тэрбумаар хөрөнгө мөнгө цацсан ч тусыг олоогүй.

Ёстой л сахил хүртээд шал дордов гэдэг л болсон. Учир нь, утааг далимдуулж мөнгө цохидог байсан болохоор тэр. Хувь, хувьсгалын гээд олон ч нөхөр хөрөнгөжиж, хэтэвчээ зузаатгасан нь үнэн. Зарим нэг нь төрийн мөнгө завшсан хэрэгт унаж, хуулийн өмнө дуудагдан, аавын хаалга татсан. Харин угаартлаа арга хэмжээ авъя хэмээх нэрийн доор хөрөнгө мөнгө завшиж, хувийнхаа амьдралыг сайжруулж байсан нь таг чиг алга болсон хэмээн яригддаг. Утаагаар далимдуулсан баяжигсад угаарыг алга болгох хүсэл огт байхгүй. Ийм байвал тэдэнд ашигтай, хэтэвч нь зузаарч, хөрөнгө нь арвижна. Утаа бол тэдний бизнесийн томоохон хэрэгсэл, гол түлхүүр.

Энэ мэтчилэн байсаар нийслэл хот утаан дундаасаа харагдахаа байлаа. Эрхэм дээдсүүдийн халаас утаа, угаарын ачаар зузаарч, иргэд хордсоор л.

Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/159099.shtml

Санал болгох

Сэтгэгдэл

top