|

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

saikhnaa 2018/01/23 1327 0

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Зууны манлай үйлдвэрийнхэн бүтээн байгуулалтын түүчээг гал голомтондоо цучил нэмж үргэлжлүүллээ. Гадаа хэдийгээр идэр есийн жавар хацар нүүр хайрч, гуч гаруй хэмийн хүйтэн байсан ч илч дулаан, гэрэл гэгээ түгээсэн Дулааны станцын өргөтгөлийн нээлт эрч хүч оргилсон орчинд болов. Цаг үеэ олсон бүтээн байгуулалт, хөдөлмөрийн хамт олны зүтгэл, сэтгэлийн үрээр Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцыг 48 МВт-ын хүчин чадалтай дөрвөн турбингенератор суурилуулан өргөтгөлөө. Ингэснээр Монгол орны төвийн болон баруун бүсийн хамгийн том цахилгаан эрчим хүчний хэрэглэгч хэмээдэг Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц нийт 53 МВт-ын хүчин чадалтай болж, үйлдвэрлэгчийн эгнээнд шилжиж байна.

Өргөтгөлийн ажлыг олон улсын сонгон шалгаруулалтаар тодорсон Хятад улсын Харбин электрик интернэшнл компани 18 сарын хугацаанд хийж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэсэн юм. Чанар бас дахин чанар гэх уриа тэдний ажлын гол зорилт байсныг тодотгомоор. Шинэхэн суурилагдсан турбингенераторуудыг хараад, үйлдвэрлэлийн цех гэхээр нэг тийм тос масло ханхалж, толботож халтартсан хана шалтай дүр зураг хэдийнэ "халаа”-гаа өгчээ гэж бодогдсон сон. Өнгө үзэмж, гэрэл будгийн зохицол, цэвэр цэмцгэр шил тольтой орчныг төслийн гүйцэтгэгч нар бүрдүүлж, манай уурхайчид тав тухтай ажлын байрнаас илч дулааныг, гэрэл гэгээг бусдадаа түгээнэ гэж бодохоор бахархмаар. Төслийн хугацаанд тэд гайхалтай гар, ганзага нийлсэний тод илрэл энэ аж.

Богино хугацаанд хамтын хүч, шаргуу хөдөлмөрөөр хугацаанаасаа хоёр сарын өмнө дуусгасан уг бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагааг эхлүүлж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлсэн. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцыг өргөтгөх төслийг чухал шаардлагатай, үр ашигтай бүтээн байгуулалт хэмээн дэмжиж, хамтран ажилласан Монгол улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, холбогдох байгууллагууд, үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл, мэргэжлийн бүхий л хүмүүст баярлалаа.

Уурхайчид, чадварлаг инженер техникийн ажилтнууд, Дулааны цахилгаан станцын удирдлага, бага хамт олон, мөн төслийн гүйцэтгэгч Харбин электрик интернэшнл компанийнханд халуун талархал дэвшүүлж, гүн хүндэтгэл илэрхийлье. Манай Дулааны цахилгааны станцын өргөтгөл олон талын өндөр ач холбогдолтой төсөл юм. Байнгын ажлын шинэ байр нэмэгдлээ.

Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах нөхцөл бүрдлээ. Эрдэнэт үйлдвэр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжтой. Монгол улсын төвийн эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад бодит эерэг нөлөө үзүүлнэ” гэж чихэнд таатай олон сайн үр нөлөөг үгэндээ дурьдлаа.

Монгол улсын гурав дахь том станцаар эрэмбэлэгдэж буй Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн нээлтэд төр засгийн болон эрчим хүчний салбарын бодлого тодорхойлогч шат шатны бүх байгууллагын зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Тэд зууны манлай үйлдвэрийн нэгэн бүтээн байгуулалтыг гараар барьж, нүдээр харж буйдаа ихэд бэлгэшээж байв.

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажилд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Миний бие тус үйлдвэрийн орлогч захирал байх үед энэ станцыг 5МВт-ын хүчин чадалд хүргэх бодлого шийдэлд оролцож байсан. Тэгвэл өнөөдөр бараг арав дахин хувиар нэмэгдэж байгааг харах сайхан байна. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлснээр тус станц жилд 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой боллоо. Энэ бол улсын эдийн засагт оруулах том хувь нэмэр” гэсэн бол Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут " Эрдэнэтийн уурхайн дулааны цахилгаан станц өөрийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг болсноор Монгол улсын нийгэм, эдийн засгийн салбарт тус үйлдвэрийн гүйцэтгэх үүргийг илүү тод томруунаар харуулж, баталгаажуулсанд Эрдэнэтчүүд бид баяртай байна” хэмээн өргөтгөлийн цар хүрээг үнэлсэн юм.

Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбартаа хийгдсэн уг өргөтгөлийн ажлыг " Хүйтний улиралд бүхий л хүчин чадлаараа ажиллаж байгаа ч хүрэлцээгүй эрчим хүчний системд нүдээ олсон том бүтээн байгуулалт болсон” гэж онцоллоо. Энэ үеэр Дулааны станцын өргөтгөлийн ажилд бусдыгаа манлайлан ажиллаж, хариуцсан үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн тус станцын зарим ажилтныг "Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг, яамны Хүндэт жуух бичгээр шагнаж урамшуулсан.

Өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн хамгийн содон зочдын нэг нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн байлаа. Түүний удирдаж байх үед өнөөдрийн энэхүү бүтээн байгуулалтын төсөл цаасан дээр үлдэх бус хөрсөн дээр буух эхлэл тавигдсан. Тиймээс түүний идэвх санаачилга, үүнийг гардан зохион байгуулсан Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат тэргүүтэй олон арван чадварлаг инженерүүдийн багт итгэл, урам дэмжлэг өгч байсныг нь одоогийн удирдлагууд тодотгов. Төслийн гүйцэтгэгч, өргөтгөлийн ажлыг чанарын өндөр түвшинд шуурхай дуусгасан Харбин электрик интернэшнл компанийн Ерөнхий захирал Чү Аймин уг төслийн хэрэгжих үйл явцыг "Эрдэнэт үйлдвэр бол сайн хамтрагч байлаа. Бид бүх зүйл дээр харилцан зөвлөлдөж, цаг алдалгүй шийдвэртэй алхмуудыг хийж ажилласнаар энэ төсөл маань амжилттай өрнөсөн юм.

Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж дүгнэн хэлсэн. Энэ үеэр Дулааны станцыг өргөтгөх ажлыг зохион байгуулах төслийн гэрээнд заасны дагуу тус компанийн төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад алтан шармал түлхүүр бүхий дурсгалын зүйлийг гардуулан өгөв. Мөн Эрчим хүчний зохицуулах газраас Эрчим хүч үйлдвэрлэх эрхийн тусгай зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэрт олгосон нь тус станцын олон арван ажиллагсдын урам зоригийг бадраасан баярт үйл явдал болсон.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад 48 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн түрбингенератор суурилуулан өргөтгөх ажилд гар бие, сэтгэл оюунаа дайчлан ажилласан тус станцын хөдөлмөрийн хамт олон, дэмжигч байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын өргөн баг бүрэлдэхүүн зууны манлай үйлдвэрийн 40 жилийн ойн босгон дээр түүхэн үйл явдлын гэрч болон үлдэж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы хэлсэнчлэн Уул уурхайн салбарын томоохон төлөөлөгч Эрдэнэт үйлдвэр өнөөдрөөс эрчим хүчний салбартай хөл нийлүүлж, хоёр салбарыг эзэлсэн том өрсөлдөгч, том хэрэглэгчээс том үйлдвэрлэгчийн эгнээнд шилжив. Жаран жил цаашид үргэлжлэх манлай үйлдвэрийн бүтээн байгуулалтын түүчээ зогсолтгүй эргэнэ.

М.Балжинням

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Гал голомтоо нэмэн бадраасан бүтээн байгуулалт

Санал болгох

Сэтгэгдэл

top