|

Итгэл даах эр

saikhnaa 2018/01/24 2570 0

Итгэл даах эр

Түүний тухай бичих гэж өөртэй нь уулзах, хүмүүстэй ярилцах, магтаалын гоё үг эрж хайхын шаардлага надад огтоос алга. Тэр угаасаа "нээлттэй” нэгэн болохоор сэтгүүлч миний нүдэнд яаж тусдагийг л бичье. Нэг их амьсгаа дээртэй явмаар бачуурам ажилтай хэрнээ ер бусын тайван, зэрвэс харьцахад их зантай мэт харагддаг хүмүүс байдаг даа. Тэдний нэг нь яах аргагүй "Эрдэнэт” үйлдвэрийн Дулаан цахилгааны төвийн дарга Гүрцэдэнгийн Мөнх-Эрдэнэ. Харин нүүр тулахын цагт шулуун яриатай, шударга зантай, элгэмсүү сэтгэлтэй нөхөр болохыг мэдэрнэ.

Хэд хоногийн өмнө ажлын шугамаар өрөөнд нь орлоо. Цехийн өргөтгөл, шинэчлэл яриад сэхээ алга. Хэдий тийм ч мэндээ мэдэлцэж, бүр болоо ч үгүй албаны ойг маань сайхан болсон эсэхийг асуугаад амжиж байна. Мань хүнд цаг хугацаа үнэхээр хомс байгаа нь илт. Ширээн дээр нь бичиг тоот хэдэн баганаар тэвхийтэл өрөөстэй, өрөөнийхөө үүдэнд хүлээх хүмүүсийг камераар харж ажлаа зохицуулж түргэлүүлнэ. Тэгэж байснаа надад хандан "Ирсэн хэрэг явдал чинь бүтсэн дууссан бол дараагийн хүнээ оруул...” гэж зандрах бол энүүхэнд.

Тэрээр Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Буриад эрсийн нийтлэг дүр төрхийг илтгэсэн түнтгэр хацар, онигор нүд, булиа хүзүү нь түүний яс үндсийгтүвэггүй илчилнэ. Түүгээр үл барам хүнлэг сэтгэл, хөдөлмөрч зан, ил цагаан инээд нь ч бий. Хүүхэд байхдаа Монголын уран сайхны "Гарьд магнай” кино үзчихээд Далайцэрэн шиг бөх болохоор мөрөөдөж явсан нь саяхан. Харин түүнд бөхөөс илүү хүндийн өргөлтийн спорт ээлээ өгсөн. Аймагт аваргалж, Улсын аваргын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн ховор агшин зөвхөн хүүхэд насных нь дурсамж болон үлдсэн нь харамсалтай. Харин ахлах ангид байхдаа үйлдвэрлэлийн сургалт хичээлээр Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын кип автоматикийн хэмжүүр дээр хоёр жил дадлага хийсэн нь эрчим хүчтэй хувь заяагаа холбох эхлэл байсныг хэн мэдэх билээ. Тухайн үед хичээл хийхгүй, зураг схем үзэж, мэргэжилтэн ах, эгч нарт багажийг нь дөхүүлж өнжих л гоё санагддаг байсан нь лавтай. Г.Мөнх-Эрдэнэ 10-н жилийн сургуулийг алтан дундаж төгссөн. Хуучнаар ЗХУ-ын Красноярск хотруу "гадаадын ТМС”-д суралцахаар морджээ.

 

Итгэл даах эр

 

Итгэл даах эр

Модны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин гэх анхны мэргэжлийнхээ үнэмлэхийг тэр одоо ч хадгалсаар яваа. 1991 онд зах зээлийн шуурга ид нүдэж байхад Монголд ирэхэд хамгийн түрүүнд дампуурсан газруудын нэг нь модны үйлдвэр байлаа. Төгсөгч битгий хэл тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүд хүртэл ажилгүй болсон байв. Г.Мөнх-Эрдэнэ арван жилийн зэрэгцээ ангийн охиноо Оросод олж харан дурласныг хэлэх үү, хуримлахаар яарч буй түүнд хагас жил хэртэй ажилгүй гишгэх шийтгэл мэт санагдаж. Нэгэн өдөр "Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны станц нүүрс буулгагчийн түр орон тоон дээр хүн авах сургаар "харайлган” очиж залуу эрийн ид хавыг гайхуулан ажиллаж тэнцжээ. Удалгүй өрх тусгаарлаж, үрийн зулай үнэрлэж, түр орсон ажилдаа бүр жинхэлж амьдрал "цэцэглэсэн”. Ингэж л тэр энэ насны амьдралаа зориулах ажлаа олсон юм. Нүүрс буулгагчаас засварчин болж, тэгэхдээ бүр зуухны дөрөвдүгээр зэрэгтэй "эмч” болтлоо хөлс дуслуулсан. Тиймдээ ч тэрээр ажиллагсдаасаа "Болохгүй байна” гэсэн үгийг сонсох тун дургүй. Хариуд нь "Болохгүй биш, чадахгүй л байна” гэж хэлэх нь олонтаа. Станцын ажлыг бүр анхан шатнаас нь гардсан дарга Монголд Г.Мөнх-Эрдэнээс өөр хэр олон байдаг бол гэж эрхгүй бодогдох.

1995 онд хүүгээ мэндлэхэд тэрээр холыг харж, ажлаас халагдах өргөдөл өгөөд ШУТИС-ийн Эрчим хүчний Их сургуульд дулааны инженерээр суралцсан. Намрын тэр шөнө их сургуульд сурч чадахгүй хөөгдвөл яана гэх бодол толгойд нь эргэлдэн нойр нь хулжиж хоножээ. Маргааш нь костюм өмсчихсөн, том цүнх барьсан нөхөр ангиа хайгаад очтол арав дүү шинэ андууд нь "Та манайд хичээл орох багш уу?” гэж асуусан гэдэг. Оюутны он жилүүд харвасан сум шиг өнгөрч, шинэхэн диплом өвөртөлсөн инженер станцдаа эргэн ирэхэд дарга нь "Чамайг сургуулиа төгсөөд шууд ирнэ гэж итгэсэн учраас нутаг буцсан орос мастерын орон тоог хадгалж байлаа” гээд угтахад итгэл, сэтгэл гээчийг ихэд мэдэрч баярлахын зэрэгцээ бэргэж байжээ. Хоёр жилийн дараа Түлш дамжуулах хэсгийн дарга гавьяаны амралтдаа гарахад түүнийг дахин дэвшүүлсэн. Энэ томилгоо Г.Мөнх-Эрдэнийн мэдлэг, ур чадварыг ихэд үнэлсний том нотолгоо байсан юм. Түүнийг Түлш дамжуулах хэсгийн даргаар долоон жил ажиллах хугацаанд Дулааны станцад өргөтгөл хийгдэж эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн.

Итгэл даах эр

Түүний зүтгэснийг, хийсэн бүтээсэн хийгээд ирээдүйд цогцлоохыг "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд бодитой харж үнэлсэн. Тийм ч учраас таван жилийн өмнөөс "Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцыг удирдах үүрэг түүнд өгсөн юм. Хүмүүс албан тушаалд хүрээд баярладаг бол тэр 20 жил дотор нь ажилласан хэр нь түгшиж, эв нь таарвал татгалзчих санаатай явснаа нуугаагүй. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг ардчилалынхан удирдаж байх үед Ардын намын угшилтай нөхрийг даргаар тавилаа гэсэн хэл ам газар авалгүй намжсан нь түүний зангаргийг харуулна. Мань хүн саяхан цехийнхээ гадаа зуны цамцтай хүмүүс шавуулчихсан зогсохыг харлаа. Станцынхаа хоёр дахь шатны өргөтгөлийн ажлыг үзэж шалгаж яваа бололтой. Дэргэдүүр нь гүйцэтгэгч компанийн хятад ажилчид гүйлдэнэ. Суурилагдсан хүчин чадлаараа улсад гуравт эрэмбэлэгдэх бүтээн байгуулалт эднийд өрнөөд өндөрлөлөө. Станцыг хүчин чадалд нь бүрэн хүргэж ашиглалтад оруулснаарЭрдэнэтийн зэсийн баяжмалын өөрийн өртөг буурч, компанийн ашиг орлого нэмэгдэхийн зэрэгцээ улсын төсөвт "Эрдэнэт” үйлдвэрээс орох орлого өснө. Мөн гадаадаас өндөр үнээр авч буй эрчим хүчний хэмжээ багасч, улсын эрчим хүчний нөөц нэмэгдэнэ. Түүхэн энэ цаг үед станцыг удирдаж яваа тэр азтай мэт боловч нөгөө талаар энэ том бүтээн байгуулалт шинэчлэлийг Г.Мөнх-Эрдэнэ даргын үед хийх нь сонголт байж мэдэх. "Төсөл ашигтай эсэхэд эргэлзэх хэрэггүй” гэдэг түүний ганц өгүүлбэр шийдвэрт нөлөөлсөн гэх нь ч бий.

Г.Мөнх-Эрдэнэ даргын ажлын өглөө станцынхаа яндангаас суунаглах утааг шинжихээс эхэлнэ. Орос ерөнхий инженертэйгээ гар барихдаа ээрч түгдэрч байна уу, хэвийн сайхан мэндэлж байна уу гэж анзааран илтгэхээс нь өмнө харцнаас нь багцаа уншчихна. Тэгээд "Бүх зүйл хэвийн” гэх үгийг сонсох хамгийн сайхан гэж тэр ярьсан. Удирдагч хүн ажилтан бүрт таарах олон "түлхүүртэй” байх ёстой гэсэн үзлийг тэр буруушаадаг. Харин ч эсрэгээрээ хүн бүрт шударга, ил тод, зарчимч байх нэг ижил шаардлага тавьж гэмээнэ ажил урагшилна гэж үздэг. Ийм л утаа униар, зуух яндан, тулгуур хоолой, шонгийн мод хоорондын зай ярьсан "мэргэжлийн өвчтэй” дарга манайд байна. Станцын яндан бүрийн утаа бүгээн байг.

М.ОДГЭРЭЛ

Итгэл даах эр

 

Санал болгох

Сэтгэгдэл

top