|

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОРХОН АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

saikhnaa 2018/02/12 69 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсав.

Үүний дараа Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй "Уурхайчин” соёлын ордонд уулзаж, ярилцлаа. Уулзалтыг нээж Төрийн тэргүүн "Орхон аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй хийж байгаа уулзалтын талаар та бүхэн мэдээлэлтэй байгаа байх. Иргэд санаа бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Иргэдээ түлхүү сонсож байгаа учраас эхлээд та бүхний санаа бодлыг сонсож ярилъя” гэлээ.

Уулзалтад Орхон аймгийн болоод "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр иргэд "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн асуудал болон тус үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкт байрлах "Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар үйлдвэрийн удирдлагуудаас тодорхой тайлбар хүслээ.

Үүний дагуу "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үйлдвэрийн үйл ажиллагааны талаар асууж байна. "Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд улс орныхоо эдийн засагт, ард иргэдийнхээ амьдрал ахуйд ямар хэмжээний нэмэр болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Одоо ашиглаж байгаа үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн 50-70 хувийг нь солих шаардлагатай болсон. Гэсэн ч үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Энэ утгаараа үйлдвэрийг хэвийн, жигд, үр ашигтай ажиллуулах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа юм шүү. 51 хувь нь төрийнх. 49 хувь нь улсынх. Өнөөдөр үүнээс болоод үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. 51 болон 49 хувийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн болон Засгийн газрын түвшинд шийдэх байх. Одоо ажиллаж байгаа 6000 гаруй хүнийг 51, 49 гэж хуваах аргагүй” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top